Дахин төлөвлөлтийн “хөдөлгүүр” ажиллаж эхэлнэ

Таван байршилд “Сервис центр” барина

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Мэргэжлийн зөвлөл хуралдаж энэ онд баригдах гэр хорооллын бичил дэд төв буюу “Сервис центр”-үүдийн зураг төслийг баталжээ. Ингэснээр Хан-Уул дүүргийн 9-р хороо Нисэхийн эцсийн буудлаас баруун хойно, Чингэлтэй дүүргийн 7-р хороо Хувьсгалын замын зүүн хойно, Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо Их Нарангийн гудамжны зүүн талд, Сүхбаатар дүүргийн 18-р хороо Дамбадаржаагийн гудамжны баруун хойно, Баянзүрх дүүргийн 23-р хороо Гачууртын замын баруун хойно гэсэн таван байрлалд “Сервис центр” барихаар болж байна.

Энэ дагуу Нийслэлийн зураг төслийн хүрээлэн дээр Улаанбаатар хотын гэр хорооллын суурьшлын бүсэд барьж байгуулах “Дэд бүтцийн төв” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг хийж байгаа ажээ. Энэхүү төсөл нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулан, гэр хорооллын иргэдийн өмчлөлийн газар, амины орон сууцанд нь инженерийн хангамжийн үйлчилгээг хүргэх зорилготой. Энэ зорилгоо биелүүлж төрийн болон нийгмийн үйлчилгээг ойртуулан орчин цагийн хотын соёл, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл аюулгүй, тохилог орчин бий болгон хөгжүүлэхэд шаардлагатай, хэрэгжих боломжтой, хүн ам, мэргэжлийн байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдсөн шийдэл боловсруулахаар Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийнхэн ажиллаж байгаа гэнэ.

Ийнхүү гэр хорооллын дэд бүтцийн төв буюу “Сервис центр”-үүд энэ онд эхнээсээ ашиглалтад орсноор агаарын бохирдолтой хийх  тэмцэлд бодитой дэвшил гарах нь. Учир нь гэр хорооллын 200-250 орчим айл өрх нэг “Сервис центр”-т холбогдон төвлөрсөн халаалт дулаан, бохир, цэвэр усаа авах  юм. Ингэснээр гэр хорооллын айлууд одоо амьдарч байгаа эзэмшил газар дээрээ орлогодоо нийцсэн амины орон сууц барьж, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдон, тохилог орчинд амьдрах боломж бүрдэнэ. Нэг “Сервис центр” баригдсанаар 200 яндан байхгүй болно гэсэн үг.

Барилга хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Гэр хороолол дэд бүтцийн газрууд саналаа нэгтгэн өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас эхлэн 2020 он хүртэл 100 орчим “Сервис центр” буюу инженерийн дэд бүтцийн төвийг байгуулахаар ажиллаж байгаа аж. Эдгээр төвүүдэд нийт 20 мянга орчим өрхийг хамруулах боломжтой гэж үзэж байгаа юм билээ.

Зургаан төвтэй Улаанбаатар

Нийслэлийн гэр хорооллуудад 100 орчим “Сервис центр” барьж байгуулахын зэрэгцээ Улаанбаатар хотыг зургаан дэд төвтэйгээр хөгжүүлэх төлөвлөлтийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Ингэснээр хот доторхи төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос олон төвт хот болохоор зорьж байгаа гэнэ. Энэ ажлыг Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төслийн хүрээнд, Азийн хөгжлийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх ажээ. Тус банкны хөнгөлөлттэй зээлийн 320 сая ам.долларын хөрөнгөөр нийслэлийн зургаан дэд төвийг гурван үе шаттайгаар барьж байгуулахаар төлөвлөсөн юм байна. Ийнхүү хотын төв гэхээр ганцхан Сүхбаатарын талбай тойрсон хэдэн барилга гэж боддог цаг өөрчлөгдөх нь.  

Эдгээр төвүүдэд төрийн үйлчилгээ, худалдаа банк, санхүү, даатгал бусад үйлчилгээ төвлөрч, хотын чанартай олон нийтийн төвүүд болох юм. Төслийн хүрээнд “Сэлбэ”, “Баянхошуу” дэд төвийн дэд бүтцийн ажлыг үргэлжлүүлэн дараагийн шатны Дамбадаржаа, Дэнжийн мянгын дэд төвийн ажлыг эхлүүлээд байгаа ажээ.

“Сэлбэ”, “Баянхошуу” дэд төвүүдэд цэвэр, бохир усны инженерийн шугам, сүлжээний барилга, угсралтын ажил, үерийн хамгаалалтын далан суваг болон шинээр авто зам, гүүр барих ажил мөн 240 ортой хоёр хүүхдийн цэцэрлэг, хоёр мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг инженерийн болон нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. Мөн “Сэлбэ” дэд төвийг дулаанаар хангахаар дулааны станцыг шинээр барих ажлыг эхлүүлээд байгаа юм. Үүнээс гадна “Сэлбэ”, “Баянхошуу” дэд төвүүдэд нийт 8,6 км бохирын коллектор шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дуусгаад байгаа аж. “Сэлбэ” дэд төвд 3,694 өрх айл, 136 аж ахуйн нэгж байгууллага,  “Баянхошуу” дэд төвд 3,526 өрх, 137 аж ахуйн нэгж байгууллага төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох боломжтой болж байна.

Гэр хороолол хаус хороолол болно

Нийслэлийн хэмжээнд гэр хорооллуудад 100 “Сервис центр” буюу төвлөрсөн дэд бүтцийн төв барьж байгуулахаас гадна зөвхөн инженерийн бүтцээс гадна, боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ зэрэг нийгмийн дэд бүтцийг шинээр төлөвлөн төвлөрүүлсэн хотын зургаан шинэ дэд төвийг байгуулах ажлууд ийнхүү хэрэгжиж эхэлжээ. Энэ хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил ч үргэлжилнэ.  

НИТХ-ын тогтоолоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн нийт 24 байршил батлагдсан. Батлагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршлыг төсөл хэрэгжүүлэх 75 хэсэгчилсэн талбайд хуваасан бөгөөд эдгээр нь нийт 1506,1 га талбай, 16109 нэгж талбарыг  хамарч  байгаа аж. Энэ нь нийт гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын 9 хувийг хамарч байгаа юм. Гэр хорооллын дундын бүсэд цогц шийдэл бүхий хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлэх Дэд бүтцийн төвүүд буюу “Сервис центр”-үүдийг барьж байгуулснаар дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх таатай нөхцөл, шинэ хөрс бүрдэж байгаа гэж болно. Өөрөөр хэлбэл дахин төлөвлөлтийн хөдөлгүүр нь “Сервис центр”-үүд юм. Дахин төлөвлөнө гэдэг гэр хорооллынхныг нүүлгэж, газар дээр нь орон сууц барих ганц шийдэл бус. Иргэдийг өмчилж авсан газар дээрээ орлогод ницсэн орон сууц барьж, хаус хороолол байгуулах нөхцлийг бүрдүүлж өгөх нь хамгийн оновчтой гарц гэж хотоос үзэж байгаа ажээ.    

Гэр хорооллын суурьшлын бүсэд барьж байгуулах “Дэд бүтцийн төв” төслийн үр дүнг ингэж тооцоолжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Hulhidaj ugch bna aa, bid itgeed l. New Vasyuki

    0 0 Хариу бичих
  2. ene bolomjtoi gejuu. minii bodloor 10n ailiin 1iig ni hiichiheed 9iig ni haychih bhaoo. bolomjgui zuiliig bitgii bolomjtoi bolgoh geed bai.

    0 0 Хариу бичих
  3. Дандаа хэнд ч хэрэггүй юм хийнэ. Ийм өндөр зардалтай юм хийхээр яаж хөгжих вээ... малнуудаа ном унш

    0 0 Хариу бичих
  4. nutag devsgeriin 14%, hun amiin 9%-g l hamrah bish house horoolol gj yrij bga bol Ulaanbaatar hotiig ter chigeer ni house horoolol bolgojuurchluh buteen baiguulaltiin ajliig dorvitoi hiih l heregtei..., iim hemjeenii mungu bol gadnii uls ornoos zeel tuslamj avalguigeer ene ih baigaliin baylag, nuuts uurhuunii huch chadliig ene ar mongolchuud 100% ezemshih erhtei shuu gadnii huvhai setgeltenuud bish.., harin uursduu Burhanaas ugugdsun ene ih huvi hishgiig hurtej ezemshvel ene ih mungunii ursgal gadagshaa ursah ni zogsoj taarna .., odoo mongolchuud uursduu uursdiinhuu huvi tavilangiin tuluu daichin zorigtoi zuv saihan amidrah tsag ni bolson shuu..., turd bga avilgach, luivarchdiig ch tseverlej, tsegtsleh tsag ni bolson shu

    0 0 Хариу бичих