Хавар ирлээ шүү, Эрчүүд ээ...

Халаасны хулгайчаас болгоомжил, хүчирхийлэгчдээс сэрэмжил зэрэг ухуулга сурталчилгааны гол дүр болсон эрэгтэйчүүд маань өнөөдөр амьдралын туслах дүрийнхээ үүргийг ч олигтой биелүүлэхгүй байна хэмээн шүүмжлүүлж, чичлүүлж яваа. Өрх гэрийн ноён нуруу, өнөр айлын эзэд болсон эрчүүдээ бид ойлгож, хайрлаж, хамгаалж чаддаг болов уу?

Монгол эрчүүдийн хувьд архидалт, ажилгүйдэл их байгаатай уялдан тэдний гэр бүлийн төвшинд хүлээх үүрэгт өөрчлөлт орж, байр суурь нь ч ганхаж шийдвэр гаргах бус харин ч шийдвэрт нөлөө үзүүлж, хөшүүрэг болох мөнгө санхүүг зохицуулдаг ажиллах хүчин болж хувирав. Хэдийгээр энэ бүхэн нийгмийн байдлаас үүдэлтэй мэт боловч үндсэн хүчин зүйл нь монгол эрчүүдийн тэмцэх чадвар бага болсонтой холбоотой.

“Монгол эрчүүд нийгмээс оноосон хүчтэй, зоригтой, удирдагч байх гэсэн дүрээ сайн биелүүлдэг ч түүнтэйгээ хоршиж явах ёстой хариуцлагаа бага биелүүлдэг. Үүнээсээ болж хэлж яриад байдаг ч ажил нь урагшилдаггүй хүнтэй адил болдог” хэмээн Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Д.Лхамсүрэн хэлсэн юм. 

Хүйсийн эрх тэгш байдал эр хүнд үйлчилдэг үү? 

Оноосон дүрээ амилуулах гэж хичээж яваа эрэгтэйчүүдийнхээ эрх ашгийг бид балчир байхаас нь, сургуульд орохоос нь эхлээд зөрчиж эхэлдэг. Эрэгтэй хүүхэд хүнд хүчир ажил хийгээд ч болов амьдралаа залгуулчихна. Хөвгүүдийнхээ боловсролыг зөвхөн уншиж бичих, дөрвөн аргын тоо сурах төдийхнөөр хангалттай гэж дүгнэдэг. Охин хүүхдээ л боловсролтой болгож, хүний гар харахгүй болгоё гэсэн эцэг эхийнхээ харалган бодлоос болж хүсэл мөрөөдлөө золиослосон хөвгүүд цөөнгүй. Сургууль завсардалтын хувь хөвгүүдийн дунд, тэр дундаа хөдөөгийн малчин айлын хөвгүүдийн дунд өндөр байгаа нь үүний тод жишээ. Цаашилбал дээд боловсрол эзэмшигчдийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрэгтэйчүүдийнхээс өндөр байдаг. Тэгсэн хэрнээ жендэрийн тэгш эрхийн судалгаа хийхдээ эмэгтэйчүүд хүүхэд асрах, гэр орны ажилд оролцож нийгмийн хөдөлмөр эрхлэх боломжгүй болдог, эрэгтэйчүүдээс өмнө тэтгэвэрт гарч буй нь жендэрийн эрх тэгш байдлын зөрүүг ихэсгэж байна гэж тайлбарладаг. Үүнээсээ улбаалаад дээд боловсрол төдийлөн шаардахгүй амь насанд эрсдэлтэй, хүнд нөхцөлд ажиллаж буй эрчүүдтэйгээ цалин хөлсний шударга бус байдлаар заргалддаг. 

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах албан ёсны 24 стратегид эрэгтэйчүүд түлхүү ажилладаг... салбарууд нь эдийн засгийн үр ашиг илүүтэй салбарууд болох хандлагатай байгаа юм. Үүнд: аж үйлдвэр, барилга, тээвэр, байгалийн нөөц, олборлох салбар, эрчим хүч гэх мэт салбарууд багтана. Харин үүний эсрэгээр эмэгтэйчүүд түлхүү ажилладаг салбарууд нь ихэнхдээ улсын төсвөөс санхүүждэг, хамгийн бага цалинтай ажил, мэргэжлүүд байдаг ажээ. Эмэгтэй ажилтнууд эдийн засгийн хувьд харьцангуй тогтвортой ч цалин, хөлсний хэмжээ доогуур байдаг боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн халамж, соёл урлаг зэрэг салбаруудад түлхүү ажиллаж байна.

Монгол Улс дахь жендэрийн эрх тэгш байдал: Нөхцөл байдлын товч үнэлгээ, баримт бичгийн судалгаа 71 тал

Гэтэл Эрүүл мэндийн яамнаас Монгол Улсад жилд дунджаар 17000 хүн нас бардагийн 62 хувь нь эрэгтэйчүүд байна гэсэн тооцоог хийжээ. 

Эрэгтэйчүүдийн нас баралт ийм өндөр хувьтай гарч буй үндсэн шалтгаан нь нэгт, эрсдэл ихтэй нөхцөлд ажилладаг нь өвчин үүсгэх гол хүчин зүйл болдог, хоёрт хөдөлгөөний хомсдолд орох, буруу хооллолтоос үүдсэн суурь өвчтэй, гуравт, хорт зуршилд өртөмтгий байдагтай холбоотой. Хэдийгээр Монгол Улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх шатны эмнэлэгт нээлттэй, жигд, хүйсээр ялгаварлан гадуурхалгүй үзүүлдэг ч барагтай бол эмнэлэгт ханддаггүй хэнэггүй зан нь эрчүүдийн амь насанд халтай байгааг ч шүүмжлэх нь зүйн хэрэг.
 
Засгийн газраас өнгөрсөн онд баталсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр гарах шалгуур үзүүлэлтийн дүнд
 
- Эрэгтэйчүүдэд тусгайлсан тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн тасаг, кабинет бүх аймаг, дүүрэгт бий болно.
- Олон болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, бага орлоготой өрх толгойлсон эцэг, эхийн амьжиргааг дээшлүүлэх жендэрийн мэдрэмжтэй бодлоготой болно гэсэн хоёр л үзүүлэлт байгаа нь эрүүл мэндээс бусад асуудалд эрчүүд манлайлж байгаа гэсэн тэгш бус хандлага ажиглагдаж байгаа юм. 

Аавуудад хүүхэд харах амралтыг бий болгох хууль, эрх зүйн орчин, дэмжлэг дутмаг, хүүхэд харах чөлөө хүсэхийг хуульчилсан хууль, эрх зүйн ямар ч зохицуулалтгүй, хүүхдээ харж буй аавуудад цалинтай чөлөө олгохыг ажил олгогчдоос шаардсан хуульгүй.

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж буй “Цалинтай ээж” хөтөлбөр ч хүйсээр ялгаварлан гадуурхсан, хүйсийн эрх тэгш байдлыг зөрчсөн гэхэд хилсдэхгүй. 

Бага насны хүүхдээ харж байгаа ээжүүдэд сар бүр 50 000 төгрөгийн тэтгэмж олгохоор хуульчлахдаа өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 000 төгрөгийн тэтгэмж олгоно гэсэн ганцхан заалт хавчуулснаараа өрх толгойлон амьдарч буй 5300 (2016 оны статистикийн дүн) эцгийн амыг таглав. Эрсдэл ихтэй ч өндөр цалин хөлстэй байдаг ажлын байруудад тавигдах стандартыг бүрэн дагаж мөрдөггүйгээс ажлын байран дээр гарах осол, гэмтэл нь хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэйчүүдийн тоог улам нэмэгдүүлж байна. 

Сонирхолтой нь нийгмийн халамжийг эрчүүд авахыг хүсэх байдал бага байдаг. Энэ нь эрэгтэй хүний төрөлх инстинкт болох хамгаалах, тэмцэх гэдэг зантай нь холбоотой. Нийгмийн халамжийн бодлогод тусгайлан заагдсан зүйл байхгүй ч эрчүүд өөрсдийн зангаас болоод улсаас ямар нэгэн халамжийн үйлчилгээ авахаар хөөцөлддөггүй гэдэг.

Эрчүүд л зөвхөн хүчирхийлэгч байдаг уу? 

Хүчирхийллийг бид жигшин зэвүүцэж буруутгахдаа хамгийн бага яригддаг хэрнээ хамгийн чухал нэг асуудлаа орхидог нь хүчирхийллийн эх үндэс байдаг. Аливаа асуудлыг шийдэхдээ хүчирхийллийг сонгож, үүнийгээ хэнээс суралцав? Гэнэт босоод л эхнэр, хүүхдээ зоддог, хүчирхийлдэг болохгүй. Эцэг, эх нь асуудлыг хүч хэрэглэн шийддэг байдлыг харж өссөн хүүхэд хүчирхийлэгч болох магадлал өндөр байдаг. Эндээс хүчирхийллийн тойрог эхэлнэ. Нөгөө талд хүний сэтгэлзүйд хүчтэй нөлөөлдөг, хамгийн аюултай хэрнээ нүдэнд харагдахуйц ул мөр үлдээдэггүй үгэн хүчирхийлэл явагдаж байдаг. Чи сул дорой, арчаагүй гэх үгнүүд дараагийн сөрөг зан үйлд бэлддэг. Сэтгэлзүйн хувьд сул, өөртөө итгэлгүй, өөр рүү нь чиглэсэн зүйлсээс хамгаалахгүйгээр сэтгэл зүрх рүүгээ аваачиж буй эрчүүд энэ төрлийн хүчирхийллийг эсэргүүцэх бус дотроо оруулах нь элбэг. Нэг л өдөр тэвчээр нь алдарч хүчирхийлэл үйлдэнэ, эсвэл амиа хорлох аймшигт шийдвэр гаргана.

НҮБ-ын Хүн амын сангаас хийсэн хүчирхийллийн тухай судалгаагаар нийт хүчирхийлэлд өртөж байгаа эрчүүдийн 54 хувь нь адил хүйсийнхнийхээ хүчирхийлэлд өртдөг, үүний 10 хувь нь дарга нарынхаа, үлдсэн хувь нь гудамж талбайд явж байгаад зодуулах, дээрэлхүүлэх байдлаар өртсөн гэжээ. 

Гэхдээ эрчүүд хамгийн ихээр хүчирхийлэлд өртдөг газрын нэгт цагдаагийн байгууллагын баривчилгаа, эрүүдэн шүүлт, хоёрт албан газар, гуравт гудамж, талбай, дөрөвт гэр орон байдаг. 

Монгол эрэгтэйчүүдийн амиа хорлолт эсрэг хүйстнийхнээсээ 7 дахин өндөр гэсэн тоо бий. 

“Хүн хэзээ ч нэг өдөр л амиа хорлоё гэж боддоггүй. Тэр хүн амиа хорлолтын талаар багадаа 1000 удаа бодно. Дараа нь 100 удаа яг яаж гэдгээ, тэгээд 10 удаа үйлдэл хийнэ. Тэр 10 үйлдлийнх нь 1 нь харамсалтайгаар “амжилттай” болдог. Хамгийн харамсалтай нь тэр хүн 1000 удаа амиа хорлох тухай бодтолоо сэтгэлзүйн таагүй байдлыг мэдэрнэ гэсэн үг. Тэр 1000 удаа мэдрэхэд нь хажууд нь байгаа хүмүүс нь яагаад тусалсангүй вэ? Эрэгтэй хүний хувьд хэцүү байгаа зүйлийг нь найз нөхөд, гэр бүлийнхэн нь цаг гарган сонсоогүй, анхаараагүй гэсэн үг” гэж сэтгэл судлаач Д.Лхамсүрэн онцлов. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт өнөөх л сөрөг дүр болон харагдаж буй ч хамгийн аймшигтай нь болох үгэн хүчирхийлэлд өртөж буй эрчүүдийг бид мартсан гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 

Хөгжил нь хоцрогдсон хөвгүүд “мужик” болж чадах уу?

Монгол эр хүний хөгжлөөс хамгийн их чангааж буй зүйлийг дан ганц эрүүл мэндийн асуудал гэж ойлгох нь өрөөсгөл. Монгол эр хүний ёс суртахуун, хувь хүний хөгжил, төлөвшил алдагдсан гэдгийг олон жишээн дээрээс харж болно. 2010 онд НҮБ-ын Хүн амын сангийн захиалгаар Монголын эрэгтэйчүүдийн холбоо, “Идэр” дээд сургуулийн социологийн тэнхимтэй хамтран “Монголын эрэгтэйчүүдийн үнэлэмж” гэдэг судалгааг Архангай, Дорнод, Говь-Алтай, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 1000 хүнийг хамруулан хийсэн байдаг. Судалгаанд оролцсон эрэгтэйчүүдийн 77.6 хувь нь эрчүүдийн үнэлэмж буурсан, эмэгтэйчүүдийн 86 хувь нь эрчүүдийн үнэлэмж алдагдсан гэж үзсэнээ илэрхийлжээ. Монгол эр хүний үнэлэмж юуны учир алдагдах болов гэхэд архидалт тэргүүлж, хүндэтгэл хоёрдугаарт, гуравдугаарт, эрчүүдийн биеэ авч явах чадварын асуудал, боловсрол ч хөндөгдсөн байна. 
Архидалтыг эрэгтэй хүний стрессээ тайлж байгаа хэлбэр гэж үзэх нь бий.

Гэхдээ архи уух, тамхи татах, ямар нэгэн зүйлд донтох нь харилцааны дутмагшлаа нөхөж буй хэлбэр. 

Цор ганц хоорондоо ярилцаж асуудлаа шийдэх боломжтой амьд биет бол хүн. Тэгтэл тэр харилцаа үгүй бол өөр зүйлээр нөхөж эхэлнэ. Өөрөөр хэлбэл ярилцах хэрэггүй өөрийгөө тайвшруулаад тамхи татангуут тархин дахь донтолтын хэсгүүд ажиллаж цусан дахь сахарын хэмжээ буурдагтай адил тайвширч, өөрийгөө аргалж байгаа хэрэг. 
Эрэгтэйчүүдийн үнэлэмжийг бууруулж буй асуудлууд гэр бүлийн хүмүүжил, эцэг эхийн үлгэр дуурайлалтай шууд холбогдоно. Энэ талаар сэтгэл судлаач Д.Лхамсүрэн, “Ээжтэйгээ дотно, сайн харилцаатай байсан хүүхдүүд ирээдүйд сэтгэцийн өвчнөөр өвдөх, ямар нэгэн зүйлд донтох магадлал маш бага байдаг. Үүнийг баталсан судалгаа олон. Ээж нар эрэгтэй хүүхэдтэйгээ илүү харилцах нь эмэгтэй хүн гэж хэн бэ, чи ямар тохиолдолд эмэгтэй хүнийг хайрлах юм, ямар тохиолдолд гэр бүлийнхээ өмнө ямар хариуцлага хүлээх вэ гэхчилэн бүх зүйлийг зааж сургах ёстой. Аавтайгаа сайн харилцаатай өссөн хүүхдийн бие хүний ур чадвар, манлайлах төвшин илүү хөгждөг. Эцэг, эхийн харилцаа тус бүртээ чухал байж, өөр өөрийн байр сууринаас тэнцүү оролцоотой байж, ээж ч тэр, аав ч тэр өөр өөрийн үлгэр дуурайлал үзүүлдэг” гэж тайлбарласан юм.

Өрх толгойлсон эцгүүд

Дийлэнх судалгаагаар салалтыг хэн өдөөж, сэддэг вэ гэхээр эмэгтэйчүүд байдаг гэдэг. Тэгсэн атлаа нөхрийнхөө ээж шиг нь байх гэсэн зангаасаа болж нөхрөө насанд хүрээгүй хүүхэд хэвээр нь цагддаг алдаа ч эмэгтэйчүүдийнх.

“Нөхрийнхөө хоёр дахь ээж нь битгий бай. Ээж шиг нь байгаад байвал эр нөхөр чинь насанд хүрэхгүй, үргэлж хүүхдээрээ үлдэнэ” гэж Д.Лхамсүрэн судлаач зөвлөсөн. 

Ээжийн хайрын онцлог нь нөхцөл тавихгүй хайр байдаг. Чи хэн ч байсан би чамайг хайрлана тийм хайраар нөхрөө хайрласныхаа хариуд гэртээ хариуцлага хүлээхгүй, амьдралынхаа чухал асуудалд оролцохгүй, бүх хариуцлагыг эхнэртээ даатгадаг нөхрийг бий болгодог. Улмаар нөхрүүд эхнэртээ хүлээлгэсэн хариуцлагынхаа хариуд их юм шаардана, дураар аашилна гэх мэт сөрөг зүйл гардаг байна. Өөрийн гараар нөхрөө бяцхан жаал болгочихоод салахаас өөр замгүй болох нь ч бий. Үр дүнд нь өрх толгойлсон эцэг, эх, ирээдүй нь бүрхэг хүүхэд үлддэг. 

Өрх толгойлсон эцгүүдийн хувьд хүүхдээ эмээ, өвөөгөөр нь харуулж өөрөө дутагдаж гачигдахын зовлон үзүүлэхгүй байхад нь илүү анхаардаг. Сэтгэл судлалын үндэсний төвд хандсан өрх толгойлсон аав нар хүмүүсийн боддог шиг хариуцлагагүй, муу аав нар байдаггүй гэнэ. Тэд хүүхдээ хэн болгох бэ гэдгээ ойлгосон, хариуцлага хүлээж чаддаг ч хүүхдээ эдийн засаг, нийгмийн хүрээнд сайн болгох ёстой гэж бодож байгаа ч амьдралыг үзэх үзэл, ертөнцийг үзэх үзэл, шийдвэр гаргах чадвар, амжилттай бие хүн болох гэхчилэн бүх зүйлд нь нөлөөлнө шүү гэдгээ төдийлөн ухамсарлаагүй байдаг ажээ. Гэхдээ тэд хүүхдээ хэнээс ч дутаахгүй гэж зүтгэж яваа аавууд л байдаг.

“Сэтгэл судлалын үндэсний төв”-ийн сэтгэл судлаач Д.Лхамсүрэн

Манай ээж аав нар хүүхдийнхээ IQ-г хөгжүүлье, мундаг сайн тамирчин, манлайлагч болгох хүсэлтэй, энэ тал дээр нь илүү анхаарахаас биш хүнийг хайрладаг, өөрийгөө удирддаг хүн болгоё гэдэггүй. Хамгийн гол нь хүүхдээ, нэн ялангуяа хүүгээ сэтгэлзүйгээ удирддаг хүн болгочих. Хүн нэг юм хэлмэгц цохиод авдаг, шазуураа зуудаг биш, хүлээж авдаг болго. Хүлээж авна гэдэг нь ялагдана гэсэн үг биш. Яагаад ингэж хэлэх болов гэж боддог, анзаардаг болгох нь сэтгэлзүйн хамгийн чухал чадвар. Тийм хүн ажил дээр гарсан ч сайн ажилладаг, хүнийг хайрладаг болдог. 

Хүйсийн эрх тэгш байдал эр хүнд үйлчилдэг үү?
ҮГҮЙ
Эрчүүд л зөвхөн хүчирхийлэгч байдаг уу?
ҮГҮЙ
Хөгжил нь хоцрогдсон хөвгүүд “мужик” болж чадах уу?
ҮГҮЙ

Монгол эрчүүдийг тойрсон үгүйсгэлийн ердөө гурав нь л... Гэхдээ энэ үгүйсгэл бүхний үгүйсгэл нь өөрөө эр хүн билээ. Тэгш эрх гэдэг тэгш үүрэг гэсэн үг. Үүрэг ачаагаа тэнцүүхэн үүрээд өндийх хавар ирлээ шүү, эрчүүд минь...


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)