Үлгэрийн орон

Зургийн тайлбар:

Н.К.Рерихийн зурж, Монголын Засгийн Газарт бэлэглэсэн “Улаан хөлөгт баатар”. 1927 он.

Нэрт эрдэмтэн энэ зурагт Монголыг хамгаалж буй Шамбалын хаан Рэгдэнжавыг дүрсэлжээ.

Монголчууд бодит мэдээлэл бус үлгэр домогт итгэдэг. Алунгоо хэмээх бүсгүй фотосинтезийн аргаар жирэмсэлсэн нь бидний тэнгэр заяатайн илэрхийлэл хэмээн итгэцгээнэ. “...Чингис хаан шагайн чинээ нөж атгаж төрсөн” бөгөөд Өүлэн эх үүнээс болж ерөөсөө төрөхийн хүндрэл болоогүй. “Ардын журамт цэрэг хүрээнд орж ирэхэд Д.Сүхбаатар жанжны ухаа хонгор морь шээсэн газар Х.Чойбалсан гадас зоож”, хожим тэндээс нь хүрээний их хогийг зайлуулж төв талбайг барьсан. “Д.Сүхбаатар жанжинд Богдын оточ хор өгч хөнөөсөн” ба Коминтерний сургагчид ямар ч хамаагүй. “Л.Дандар баатар япон цэргүүдийг морин дээрээс мөрнөөс нь хөл хүртэл цавчиж чаддаг” ба, энэ фаталист мэдээллийг хожим өөрөө үгүйсгэсэн нь төдий л хамаагүй. Д.Хадбаатар аварга “амьдралдаа алдсан”-ыг өрсөлдөгчид нь зохион байгуулсан, тэнд хохирсон эмэгтэйн эрх, энэ тэрийг огт дурьдахгүй. “Ардчилсан хувьсгалын оргил жагсаалд 100 мянган хүн цугласан” ба төв талбайн багтаамж болон тухайн үеийн хотын хүн амын тоо энд хамааралгүй.

Монголд аливаа мэдээлэл учир шалтгаан, бодит баримтаас холдох тусмаа хурдан тарж, үеийн үед ам дамжин яригдана. КГБ-тэй холбоотой байсан нь барим тавим батлагдсан, ухамсартайгаар авторитар дарангуйлал тогтоосон Ю.Цэдэнбал домог мэт шүтэгдэнэ. 1969-1990 он хүртэл Төлөвлөгөөний комисс болон Засгийн газрыг толгойлж, социалист бүтээн байгуулалтыг 20 илүү жил гардан удирдсан Д.Содномыг харин хэн ч мэдэхгүй. Үнэнийг яльгүй худлын орцгүйгээр, худлыг бүр их худлын нэмэлтгүйгээр ойлгодоггүй ийм л нэг “Үлгэрийн орон” билээ. Ийм үлгэрийн оронд хэн сайхан үлгэр ярина, хэн түүнийг нь зохиож өгнө, тэр бүгд цэнгэлийн манлайд хүрэх нигууртай бөлгөө.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)