“Иргэн төсөл”-ийн үндэсний шалгаруулалт боллоо

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр World Learning, Иргэний Боловсролын Төв, Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэн хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 2016-2018 онд “Иргэн төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төсөлд Улаанбаатар хот болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын 70 баг хамрагдсан ажээ.

“Иргэн төсөл”-ийн орон нутгийн шалгаруулалт өнгөрсөн нэг сарын хугацаанд тодорхой үе шаттай явагдсан бөгөөд үүнээс шалгарсан шилдэг багууд үндэсний шалгаруулалтад өчигдөр өрсөлдлөө. Үндэсний шалгаруулалтад орон нутгаас 8 баг, нийслэлийн 4 баг оролцсоноос Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны ЕБС-ийн "Минжийн хангай" баг нэгдүгээр байр, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29-р сургуулийн" Хөгжил дэвшлийн эхлэл" баг хоёрдугаар байр, Орхон аймгийн 13-р сургуулийн "Тэмүүлэл" баг гуравдугаар байрт оржээ.

“Иргэн төсөл”-д хамрагдсан сурагчдын багууд өөрсдийн сургууль болон амьдарч буй орчинд тулгарч буй бэрхшээлүүдийг судалж, хамгийн чухал бөгөөд тулгамдсаныг нь сонгон судалж, шийдэл, гарцыг тодорхойлдог байна. Үндэсний шалгаруулалтад оролцсон шилдэг багууд өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний  танхим”-д өөрсдийн төслөө танилцуулан илтгэл тавьж өрсөлдсөн.

“Иргэн төсөл”-ийн үндэсний шалгаруулалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Мануэл Микаллер оролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний шалгаруулалтад оролцсон сурагчидтай хамт дурсгалын зураг авахуулж, тэдэнд баяр хүргэсэн юм.  

  ​


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)