Зээлийн хүүд хязгаар тогтоох тухай хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ “Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.

Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх эрх зүйн үндсийг бий болгох зорилго бүхий уг хуулийн төсөлд зээлийн хүүгийн хязгаарын түвшинг зээлийн 4 төрлөөр ялгавартай тогтоох нь бодлогын хувьд оновчтой шийдэл гэж үзсэн байна. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн 100 сая хүртэл төгрөгийн дүнтэй зээлийн болон цалингийн зээлийн дээд хязгаар жилийн 18 хувь, тэтгэврийн зээлийн дээд хязгаар жилийн 12 хувь, бусад төрлийн зээлийн дээд хязгаар жилийн 24 хувь байхаар төсөлд тусгажээ. 

Түүнчлэн банкуудын одоогийн мөрдөж буй зээлийн өндөр хүүг бууруулах асуудлыг дорвитой шийдвэрлэсэн хязгаарын түвшинг шууд заах, хуулийн үйлчлэх хүрээнд банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, ломбард зэрэг зээлдүүлэгчид, тэдгээрийн зээлийн үйл ажиллагааг хамруулахаар тусгасан байна.

Мөн зээлийн үйл ажиллагаанд хязгаараас илүү гарсан хүү тогтоож мөнгө хүүлэхийг, зээл олгох, сунгах, бэлэн мөнгө гаргах зэрэгт шимтгэл хураамжууд тогтоож хэрэглэгчээс авах зэргийг хориглосон заалтууд, тэдгээрийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон заалтууд туссан байна. 

Энэ хууль батлагдсанаар зээлийн хүүгийн хэт өндөр түвшин мэдрэгдэхүйц буурах, ялангуяа банк бус зээлдүүлэгчдийн зээлийн хэт өндөр хүү багасан, мөнгө хүүлэх үйл ажиллагаа журамлагдаж, хязгаарлагдана гэж тооцжээ. Улмаар бизнесийн үйл ажиллагааны зардал буурах, ашиг хуримтлал нэмэгдэх, бизнесийн орчин сайжрах, төлбөрийн чадвар дээшлэх, татварын бааз суурь тэлэх, төсвийн орлого нэмэгдэх зэрэг эерэг нөлөөлөл гарна  гэж төсөл санаачлагч үзжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)