АНУ: БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын бараанд татвар ногдуулна

Худалдааны ширүүн маргаантай байгаа хоёр улс дахин импортын тариф нэмж болзошгүй байгаа талаар мэдээллээ.

Цагаан ордны зүгээс хэрэв Хятад улс АНУ-ын тарифын эсрэг, хариу арга хэмжээ авбал тус улсаас импортлох 200 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах болно гэдгээ мэдэгдлээ.

Ингэснээр Хятад улсын шударга бус худалдааны бодлогоо өөрчилж, АНУ-д зах зээлээ илүү нээлттэй явуулж, АНУ-тай тэнцвэртэй, шударга худалдаа явуулахад түлхэц өгөх болно хэмээн Доналд Трамп мэдэгдэлдээ дурдсан байна.

Трампын засаг захиргаа өнгөрөгч баасан гарагт Хятадын нийт 50 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий экспортын бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах болно гэж зарласан нь худалдааны дайныг хурцатгасан явдал болсон юм.

Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын худалдааны ширүүн маргаан нь олон улсын худалдааны дайныг өдөөж, улмаар хэрэглэгчид болон компаниуд төдийгүй дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байна.

Цагаан ордны дээрх мэдэгдэлд Хятад улсын Худалдааны яам тэр даруй хариу байр сууриа илэрхийлж, “Энэ бол илт шахалт үзүүлж, сүрдүүлж байгаа явдал. Бид маш ширүүн цохилтоор хариу үзүүлэх болно” гэжээ.

АНУ-ын хувьд Хятад улсыг оюуны хулгай хийдэг, шударга бус худалдаа хийдэг гэж шүүмжилж байгаа юм. Оюуны хулгай хийснийхээ төлөөсөнд тус улсыг хоёр замаар шийтгэл хүлээх гэж үзэж байна. Нэн тэргүүнд:

34 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий экспортын 800 бүтээгдэхүүнд ирэх 7 дугаар сараас эхлэн татвар ногдуулах. Харин нөгөө нь мөн 280 бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах ба энэ асуудлын хувьд одоогоор хэлэлцэх түвшинд явагдаж байна. Хятадын тарифын бүтээгдэхүүнд ХАА-н бүтээгдэхүүн, автомашин, далайн бүтээгдэхүүнүүд багтжээ.

“Хятад улс Америкийн компаниудын оюуны өмч, технологийн патенттай холбоотой асуудалд дур мэдэн оюуны хулгай хийсээр, ямар ч өөрчлөлт хийх хүсэлгүй байна. Энэ үйлдэл нь ямар ч буруу зүйл хийгээгүй тэдгээр АНУ-ын дотоодын компани, ажилчид, фермэрүүдэд аюул заналхийлэл болж байна. Хэрэв тэд энэ үйлдлээ үргэлжлүүлж, бидний худалдааны бодлогыг хүлээн зөвшөөрөлгүй эсэргүүцвэл 200 тэрбумын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулна” гэж Доналд трамп цохон тэмдэглэжээ.

Улмаар Худалдааны төлөөлөгч Роберт Лайтизерт “Хэрэв Хятад АНУ-ын шинэ тарифыг эсэргүүцвэл дээрх үнийн дүн бүхий бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулах захирамж өгсөн байна.”

АНУ-ын энэ шийдвэрт Хятадын Засгийн газар бараа бүтээгдэхүүнээс илүүтэйгээр үйлчилгээний салбарт нөлөөлөх замаар хатуу хариу барина гэж шинжээчид үзэж байна. Үүнд аялал жуулчлал, боловсролын салбар болон Хятад дахь Америкийн компаниудад шахалт үзүүлэх явдлуудыг нэрлэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)