АНУ хамтарсан цэргийн сургуулилалтаа хойшлууллаа

Цагаан ордны зүгээс ирэх наймдугаар сард хийх байсан хамтарсан цэргийн сургуулилалтыг хойшлуулж байгаагаа албан ёсоор зарлалаа.

“Ulchi Freedom Guardian” нэртэй уг сургуулилтанд АНУ-БНСУ төдийгүй бүс нутаг дахь хэд хэдэн холбоотон улсууд оролцох тов гараад байсан юм. Жил бүр хийдэг уг сургуулилалтанд өнгөрсөн жил АНУ-ын талаас 17500 цэрэг, БНСУ-аас 3000 цэрэг оролцож байжээ. Бүс нутгийн энх тайвныг цогцлоох, ирж болзошгүй аюултай нөхцөл байдалд бэлэн байдлыг хангаж, батлан хамгаалах салбарыг дээд түвшинд гаргах зорилготой хэмээн тайлбарладаг уг үйл явдлыг Умард Солонгосын зүгээс өдөөн хатгалга хэмээн хүлээн авдаг. Энэ утгаараа удаа дараа эсэргүүцлээ илэрхийлж, баллистик пуужин хүртэл хөөргөж заналхийлж байсан удаатай.

Улмаар энэ сарын 12-нд Ким Жон Унтай Сингапурт уулзсаныхаа дараа Доналд Трамп БНСУ-тай хийдэг цэргийн сургуулилалтыг зогсоох бодолтой байгаагаа илэрхийлсэн билээ. Тэрээр “Байлдааны сургуулилалт хийнэ гэдэг тийм ч оновчтой зүйл биш” гээд багагүй хугацаанд хийж ирсэн сургуулилалтыг “өдөөн хатгалга” гэж нэрлэсэн юм.

Наймдугаар сард болох байсан сургуулилалтыг ийнхүү цуцалснаараа АНУ-ын болон бусад холбоотнуудын хоорондох батлан хамгаалах салбарын харилцаанд сэв суулгаж болзошгүй нөхцөл байдал үүсч байна. АНУ, БНСУ-аас гадна Австрали, Канад, Колумб, Дани, Шинэ Зеланд, Голланд, Их Британийн цэргүүд өнгөрсөн хугацаанд хамтарсан сургуулилалтад оролцож ирсэн юм.

Дээрх холбоотон улсуудын хувьд “Трампын энэ гэнэтийн шийдвэрийн тухай ямар ч мэдээлэл сонсоогүй. АНУ-ын Ерөнхийлөгч болон Батлан хамгаалахын сайд ямар зорилготойгоор, ямар санаатайгаар энэ гэнэтийн шийдвэрийг гаргасныг ойлгохыг хичээж байна” гэжээ.  Мөн зарим улсын Батлан хамгаалахын сайд АНУ холбоотон улсууддаа бус Ким Жон Унтай энэ асуудлаар түрүүлж хэлэлцэж, мэдээлэл хуваалцсан хэмээн багагүй шүүмжлэл дагуулж байна.

Батлан хамгаалахын дээд түвшний төлөөлөгчид сургуулилалтыг батлан хамгаалах чухал ач холбогдолтой учраас хэвээр үргэлжлүүлэх хэрэгтэй гэх байр суурьтай байна. Харин Доналд Трамп Ким Жон Унтай уулзсаныхаа дараа үүнийг “өдөөн хатгасан үйлдэл, хэт их зардал, ач холбогдол багатай зүйл” гэж хэлэх болсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)