АНУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарна

АНУ-ын Засгийн газар НҮБ-ын харьяа Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлээс гарч байгаагаа зарлалаа. Энэ шийдвэрийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, НҮБ-д суугаа АНУ-ын суурин төлөөлөгч Никки Хэйли нар олон нийтэд мэдээлсэн юм. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2006 онд байгуулагдсан, 12 жилийн түүхтэй. Дэлхийн даяар хүний эрхийг хамгаалах, хүний эрхийн боловсролыг түгээх зорилготой байгууллага. Мөн дэлхийн улс орнуудад хүний эрх зөрчигдөж байгаа талаар тайлан гаргадаг, анхааруулга өгдөг. Хүний эрхийг хамгаалахтай холбоотой олон улсын бодлогыг уялдуулан зохицуулах үүрэгтэй байгууллага.

Хүний эрхийн зөвлөл болон АНУ-ын хооронд таарамжгүй харилцаатай. 2006 онд тус байгууллага байгуулагдах үеэр АНУ-ын Ерөнхийлөгчөөр Жорж Буш ажиллаж байсан. Тухайн үед Жорж Буш энэ байгууллагад элсэхгүй гэх шийдвэр гаргаж байсан. Харин 2006-2009 онд Барак Обама төрийн тэргүүнээр сонгогдон ажиллахдаа уг зөвлөлд 2009 онд гишүүнээр элсэж байсан түүхтэй юм. Үүнээс хойш есөн жилийн дараа ийнхүү гишүүнчлэлээс гарахаар болж байна.

Никки Хэйли, Майк Помпео нар хэлэхдээ:

“Хүний эрхийн зөвлөл улс төрийн тоглолт хийдэг газар болсон. Энэ байгууллагаас гаргаж байгаа шийдвэр тогтоол нь хэт нэг талыг барьсан байдаг“

Зөвлөлөөс гаргаж байсан шийдвэрүүдийг харахад тус байгууллага өнгөрсөн хугацаанд Израйлийг шүүмжилсэн, буруутгасан 70 гаруй шийдвэр, тогтоол гаргаж байсан байна. Харин Ираны талаар 10 хүрэхгүй тогтоол баталсныг нь хэвлэлүүд “Бараг 10 дахин илүү тогтоолыг Израйлийн эсрэг баталсан байна” гэж мэдээлжээ. АНУ-ын Засгийн газрын дээд албан тушаалтнуудын хэлж байгаачлан энэ байгууллага үнэхээр нэг талыг барьдаг, Израйлийг буруутгадаг гэх энэ байр суурь үндэслэлтэй гэж шинжээчид харж байгаа юм.

Доналд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа “Израйлийг хамгаалах бодлогыг тууштай баримтлах болно” гэж хэлж байсан. Түүний сонгуулийн ажилд Израйлийн лобби бүлгүүд маш идэвхтэйгээр оролцож, нөлөө үзүүлсэн гэдгийг тэрээр өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Еврей гаралтай хүргэн болох Жаред Кушнерийг Ойрхи Дорнодыг хариуцсан зөвлөхөөрөө томилсон байдаг. Үнэхээр өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Доналд Трамп Израйлийн талаар анхаарал татахуйц шуугиан тарьсан олон шийдвэрийг гаргасан. Тухайлбал өнгөрсөн оны сүүлээр Иерусалим хотыг Израйлийн нийслэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч АНУ-аас гадна цөөхөн хэдэн орон л энэ шийдвэрийг нь дэмжиж байгаа юм. Мөн өнгөрсөн тавдугаар сард Израйлийг үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын ЭСЯ-ыг Тел-Авив хотоос Иерусалим хот руу нүүлгэсэн нь ч санамсаргүй хэрэг биш юм. Энэ шийдвэрийг АНУ дангаараа гаргасан билээ. Доналд Трамп “Дэлхийн II дайнаас хойш олон улсын дэг журмыг зохицуулах ёстой ОУ-ын байгууллагуудын маш их хэмжээний зардлыг манай улс дангаараа гаргаж ирсэн. Одоо улс орнууд өөрсдөө хөрөнгөө гаргах ёстой” гэж мэдэгдсээр байгаа. Энэ нь түүний АНУ-ын Засгийн газрын зардлыг бууруулах гэсэн сонгуулийн амлалттай нь ч мөн холбоотой юм.

АНУ, Израйл улсууд өнгөрсөн онд ЮНЕСКО-оос гарна гэдгээ зарласан. Тухайн үед энэ байгууллагыг мөн л Израйлийн эсрэг гаргасан тогтоол гаргадаг, буруутгадаг хэмээн шүүмжилж байсан юм.

Израйлийн асуудлаас болж уг зөвлөлөөс ийнхүү гарч байгаа гэж зарим судлаачид тайлбарлаж байгаа ч нөгөө талаар Цагаан ордон сүүлийн хоногуудад хүний эрхийн багагүй асуудалтай тулгарч, хурцаар шүүмжлүүлж байгаа явдал өрнөж байна.

Өнгөрсөн 4-5 дугаар сард АНУ-ын хил дээр 2000 гаруй гэр бүлийг баривчлан саатуулж, эрүүгийн хэрэг үүсгэжээ. Улмаар 1995 хүүхдийг эцэг эхээс нь тусгаарлаж, түр хоргдох газар руу шилжүүлсэн юм.  Учир нь тус улсын хилээр нэвтэрч буй хууль бус цагаачдыг эрүүгийн хэрэг үйлдсэн гэж үздэг билээ. Дээрх хүүхдүүдийн дотор бага насны, нярай хүүхэд хүртэл багтсан нь багагүй шуугиан тариад байна. Доналд Трамп энэ тухай тайлбарлахдаа “АНУ цагаач, дүрвэгчдээр дүүрлээ. Яг л хортон шавж мэт манай улс оронд нэвчээд байна. АНУ хилийн харуул хамгаалалтыг чангатгах бодлогоосоо ухрахгүй” гэж мэдэгдээд байгаа юм.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)