Алжир улс ЭЕШ-тай холбоотойгоор интернет сүлжээгээ хаажээ

Алжир улсад төгсөлтийн шалгалт болж байгаатай холбоотойгоор улс даяар интернет сүлжээг хаажээ. Хойд Африкийн улс орнуудад шалгалтын үеэр дүрэм журам зөрчих, хуулах явдал ихээр гарсантай холбоотойгоор энэ арга хэмжээг авсан байна. Одоогоор шалгалт авах 2000 гаруй төвд гар утасны дохио мэдрэгч, камер, метал илрүүлэгчийг суулгажээ. Шалгалтын үеэр гар утас ашиглахыг хэдийнэ хориглосон ч технологийн хөгжил гэрлийн хурдаар эрчимжиж байгаа энэ үед цахим сүлжээнд мэдээлэл цацаж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд интернет сүлжээг бүрэн хаахаас өөр зам үлдээгүй хэмээн Алжирын Боловсролын сайд Науриа Бэнхабрит телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.  

Алжир улсын төрийн өмчит Алжириа Телеком компани Засгийн газар төгсөлтийн шалгалтыг зөрчилгүй явуулахын тулд гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, интернет сүлжээг тасалж буйгаа мэдэгдсэн гэнэ.

Алжир улсад 2016 онд элсэлтийн шалгалтын материал интернетээр цацагдсанаар багагүй шуугиан тарьж байсан юм. Улмаар Засгийн газраас хамгийн их хэрэглэгчтэй сошиал сүлжээ болох Фэйсбүүк, Твиттер сүлжээг хааж байсан удаатай. Энэ хэргээс үүдэж 300 мянган сурагч дахин шалгалт өгөхөөс аргагүйд хүрч байсан юм.

Мөн шалгалтыг зохион байгуулж чадаагүй хэрэгт Боловсролын яамны мэргэжилтнүүд, багш, шалгалтын төвийн удирдлагуудыг буруутган, ял оноож байжээ. Үүний дараа 2017 онд мөн л цахим сүлжээ хаасан ч төдийлөн үр дүнтэй байж чадаагүйн улмаас ийнхүү интернет сүлжээг бүхэлд нь хаахаас аргагүйд хүрсэн байна.

Интернетийг шалгалт үргэлжилж буй эдгээр өдрүүдэд өдөр бүр гурван цагаар хаахаар болжээ. Алжир улсад ЭЕШ зургаадугаар сарын 20-25-н өдрүүдэд явагдах юм.

Төгсөлтийн шалгалттай холбоотойгоор улс даяар интернет сүлжээгээ хааж байгаа улс Алжир ганцаараа биш юм. Конго, Этиоп, Энэтхэг, Ирак, Тунис улсууд мөн дээрх аргыг ашигласаар иржээ. Гэвч мэргэжилтнүүд интернетийг хаах нь эдийн засагт хөнөөлтэй учраас тийм ч оновчтой арга гэж үзэхгүй байна.

40 сая хүн амтай Алжир улс өдгөө 48 их сургуультай. Энэ жил нэг сая 300 мянган сурагч төгсөлтийн шалгалт өгөн, их, дээд сургуульд элсэхээр зэхэж байгаа юм байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)