Энэтхэгийг эмэгтэйчүүдэд хамгийн аюултай улсаар нэрлэжээ

The Thomson Reuters Foundation сангаас эмэгтэйчүүдийн эрхтэй холбоотой судалгаа хийснээ танилцууллаа. Нийт 550 шинжээчдийн баг оролцсон энэ ажлын дүнд эмэгтэйчүүдэд хамгийн аюултай 10 улс орныг нэрлэснийг Энэтхэг улс тэргүүлсэн байна. Энэтхэг улсыг эмэгтэйчүүдэд хамгийн аюултай улс орноор нэрлэсэнд дараах шалтгаанууд голлох нөлөө үзүүлсэн байна. Үүнд:

  • Энэтхэг эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа явдал
  • Хүний наймаа
  • Албадан хөдөлмөр эрхлүүлэх
  • Албадан гэрлүүлэх
  • Бэлгийн боолчлол зэрэг шалтгааныг дурдсан байна.

Үүгээр зогсохгүй уламжлалт ёс заншил, зан үйл нь эмэгтэйчүүдийн эрхэнд ноцтойгоор халдаж, бие махбодид нь сөрөг нөлөө үзүүлдэг байна. Ёс заншилтай холбоотойгоор охидыг насанд хүрэхээс нь өмнө хүчээр гэрлүүлэх, зарим тохиолдолд амьтантай хүртэл гэрлүүлэх хачин сонин явдлууд өнөөг хүртэл оршин тогтносоор байгаа юм.

7 жилийн өмнөх энэ судалгаагаар Энэтхэг улс 4-рт бичигдэж байсан юм.

Эмэгтэйчүүдэд хамгийн аюултай, эмэгтэй хүн бож төрснөөрөө аюулд өртдөг дэлхийн 10 улсын 9 нь Ази болон Африк тивд оршиж байна. Хачирхалтай нь АНУ мөн энэ жагсаалтад багтсан бөгөөд 10 дугаарт эрэмбэлэгджээ. АНУ энэ жагсаалтад багтсан нь #Metoo хөдөлгөөнтэй шууд холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Эмэгтэй хүн болж төрснөөрөө эрсдэлд өртөх дэлхийн хамгийн аюултай 10 улс орон:

  1. Энэтхэг
  2. Афганистан
  3. Сири
  4. Сомали
  5. Саудын Араб
  6. Пакистан
  7. Конго
  8. Йемен
  9. Нигери
  10. АНУ

Энэтхэг улсад өдөрт бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой 100 хэрэг гардаг тухай Үндэсний гэмт хэргийн товчооноос мэдэгдсэн байна. 2016 оны байдлаар хүчирхийлэлд өртсөн нийт 39 мянган тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 12 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Энэ оны эхэнд гэхэд наймхан сартай охиныг хүчирхийлсэн аймшигтай хэрэг энэ улсад гарсан. Олон цагийн турш хагалгаанд орсон ч харамсалтай нь бяцхан охин өвчнөө дийлэлгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Түүнийг эцэг эхийнх нь эзгүйд харахаас үлдсэн үеэл ах нь хүчирхийлсэн болох нь тогтоогдсон юм. Энэтхэг дэх хүчирхийллийн хэргийн жишээ, тохиолдлуудыг дурдвалд дуусахгүй мэт.

Харин дайн, үймээн самууны байдалтай байгаа Афганистан улс 2-рт бичигдэж байна. Энэ улсад бэлгийн хүчирхийллээс илүүтэйгээр гэр бүлийн хүчирхийлэл давамгайлдаг, мөн эрүүл мэндийн салбар доройтсон, эдийн засгийн чадавхигүй болсон нь голлох нөлөөллийг үзүүлсэн байна.

Сири улсын хувьд сүүлийн 7 жилийн турш эмэгтэйчүүдэд хамгийн аюултай улс орнуудын жагсаалтын 3-рт бичигдэж байна.

Дэлхийн улс орны удирдагчид одоогоос 3 жилийн өмнө эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, хүйсээр ялгаварлан гадуурхах бүх төрлийг 2030 он гэхэд таслан зогсоосон байхаар тохиролцсон билээ. Ингэснээр эмэгтэйчүүдийг эрх чөлөөтэй, эрүүл аюулгүйгээр улс төр, эдийн засаг, олон нийтийн дунд амьдрах боломжийг нь олгоно гэж үзсэн юм. Гэвч өнөөдөр дэлхий дээр гурван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд өртсөөр байна. Хүүхдүүдийг насанд хүрэхээс нь өмнө хүчээр гэрлүүлэх харгис явдал үргэлжилсээр байна. 750 сая охин насанд хүрэхээсээ өмнө хүчээр гэрлэсний улмаас эрүүл мэнд, ирээдүйгээрээ хохирсоор байна.

Энэтхэг улсад эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийлэл дээд цэгтээ тулж байгааг Засгийн газар нь хүлээн зөвшөөрч шинэ хууль баталсан. Хуулийн дагуу 12 нас хүрээгүй хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд шууд цаазаар авах ял оноодог болсон юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)