АНУ-ын Дээд шүүх Д.Трампын цагаачлалын хоригийг хууль зөрчөөгүй гэж дүгнэлээ

Үндсэндээ бараг бүтэн жилийн турш АНУ-ын хууль, шүүхийн байгууллагуудаар хэлэлцэж байгаа цагаачлалын хоригийн талаар өчигдөр АНУ-ын Дээд шүүхийн есөн шүүгч санал хураалаа. Улмаар шүүхийн шийдвэр Доналд Трампын гаргасан зарлиг АНУ-ын Үндсэн хуулийн заалтуудыг зөрчөөгүй гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Жон Робертс шүүхийн дүгнэлтийг тайлбарлахдаа:

“Өнгөрсөн оны нэгдүгээр сард гаргасан Доналд Трампын зарлигийг Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан хууль зүйн акт гэж үзэж байна. Энэ нь хууль зөрчихгүй” гэсэн байна.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард буюу АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп албан тушаалаа авсныхаа дараа гаргасан анхны шийдвэр нь цагаачлалын хоригт гарын үсэг зурсан явдал байсан. Тодруулбал, АНУ-ын хилээр исламын шашинтай улсуудын ард иргэдийг нэвтрэхийг хориглох, цагаачлалын бус виз олгохгүй байх тухай шийдвэрийг гаргасан билээ.Уг жагсаалтанд Иран, Чад, Ливи, Сири, Йемен, Сомали гэх мэт долоон улс багтаж байсан.

Дээрх улсын иргэдийг онцгойлон хилээр нэвтрэхийг хориглосон шалтгаанаа Цагаан ордны зүгээс “Үндэсний аюулгүй байдал, Америкийн олон нийт, иргэдийн аюулгүй байдалтай холбоотой” гэж тайлбарлаж байсан. Өөрөөр хэлбэл эдгээр улс оронд зэвсэгт мөргөлдөөн, иргэний дайн дэгдсэн, Исламын янз бүрийн бүлэглэлүүд маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа учраас цагаачлалын бус виз даруулах замаар АНУ-ын нутаг дэвсгэрт Исламын босогчид, бүлэглэлийн гишүүд орж ирэх эрсдэлтэй гэж тайлбарласан юм.

Гэвч энэ тайлбар нь тухайн үедээ олон нийт болон судалгааны байгууллагуудаас хүчтэй шүүмжлэлд өртөж байсан. Учир нь АНУ-ын нутаг дэвсгэрт ноцтой халдлага үйлдсэн иргэдийн дийлэнх нь дээрх улс орны иргэд биш байсан юм.

АНУ-ын том хотуудын нисэх буудал дээр хар жагсаалтанд орсон улс орнуудын иргэдийг саатуулсан тохиолдол их гарсан. Олон нийтийн зүгээс мөн хүчтэй эсэргүүцлээ илэрхийлсэн. Мөн тус улсын зарим мужийн захиргааны байгууллагууд Трампын энэ зарлигтай холбоотойгоор шүүхэд гомдол мэдүүлсэн юм.  

Өнгөрсөн оны 12 дугаар сард АНУ-ын Дээд шүүх шийдвэр гаргахдаа “Доналд Трампын Засгийн газрын энэ шийдвэр үндэслэлтэй учраас хэрэгжүүлэхийг зөвшөөрнө” гэж байсан юм. Улмаар зарим мужийн зүгээс гомдол мэдүүлсэн учраас Дээд шүүхээс энэ асуудлыг дахин хэлэлцжээ.

Хар жагсаалтад орсон анхны долоон улсаас Ирак, Чад улсуудын нэрийг хассан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)