Хэсэгчилсэн шалгалтанд нийслэлийн 186 хадгаламж зээлийн хоршоог хамруулна

Санхүүгийн зохицуулах хорооны даргын тушаалаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зохицуулалтын байгууллагуудад газар дээрх хэсэгчилсэн хяналт шалгалт хийж байна. Банк бус санхүүгийн байгууллагагуудад хийх хяналт шалгалт өнгөрсөн сард эхэлжээ. Үүнд нийслэлийн 437 Банк бус санхүүгийн байгууллагыг хамруулан, үнэлгээ, дүгнэлт өгөх шатандаа үргэлжилж байгаа бол энэ долоо хоногт хадгаламж, зээлийн хоршоодод хийх хяналт шалгалтын ажил эхэллээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 289 хоршоо Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд ажиллаж буй бөгөөд хяналт шалгалтанд эдгээрийн 186 нь буюу нийслэлийн хоршоод хамрагдах юм. Шалгалтаар хоршоодын үйл ажиллагааг бүхэлд нь бус салбарын болон нийтлэг хууль тогтоомжийн хэрэгжилт, тэр дундаа “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хуулийн хэрэгжилт ямар байгааг хянан үзэх юм.

Хороо энэ оны тавдугаар сараас санхүүгийн гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах эрх зүй, зохицуулалтын орчин, үүний дотор олон улсын болон бүс нутгийн шинж чанартай мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх Монгол Улсын тогтолцооны асуудлаар улсын хэмжээнд сургалт зохион байгуулж, хэрэгжилтийг хангах талаар тодорхой заавар, чиглэл өгсөн юм. Энэхүү сургалтын үр дүн, өгсөн заавар, зөвлөмжийн биелэлт ямар байгааг энэ удаагийн хэсэгчилсэн хяналт шалгалтаар нягталж, үнэлгээ дүгнэлт өгөх юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)