Франц, Бельги их шөвөгт үлдлээ

ДАШТ-ий шөвгийн найман багийн эхний хоёр хос Уругвай-Франц, Бразил-Бельгийн тоглолт өнгөрсөн шөнө явагдаж, Франц, Бельгийн багууд ялалт байгууллаа. Дэлхийн таван удаагийн аварга Бразил, хошой аварга Уругвай ийнхүү тэмцээнийг орхисноор аваргуудаас Франц, Англи л үлдэж байна.   

ДАШТ Европын улсад зохиогдвол Европын баг, Хойд, Өмнөд Америкт зохиогдвол Өмнөд Америкийн баг түрүүлдэг уламжлал бий. Харин 2002 онд Ази тивд болоход Өмнөд Америкийн Бразил, 2010 онд Африкт зохиогдоход Европын Испани түрүүлж байсан. Тэгвэл уламжлал энэ удаа ч хадгалагдаж,  дөрвөн ДАШТ дараалан Европын баг түрүүлэх нь тодорхой болов.

Хүчээ багтааж ядсан Франц

Оддын цуглуулга болсон Францын шигшээгийн ээлжит золиос нь дэлхийн хошой аварга Уругвай болов. Супер довтлогч Эдинсон Каванигаа алдсан Уругвай Д.Годин, Хименес нартаа найдан, хмгаалах тактик бариталж тоглосон ч авьяастнуудын цуглуулга болсон Францын эсрэг энэ тактик нь хэрэгжсэнгүй. Гэхдээ боломж байсан уу гэвэл байсан. Гэвч хаалгач Фернандо Муслера А.Гризманны цохисон төдий хүчтэй биш цохилтыг барьж авах биш, хатгаж гаргах гэж байгаад алдсан нь нэг гоолоор хожигдож явсан багийнхаа сэтгэлзүйг нэгмөсөн унагасан юм.

Багийн од Луис Суарес энэ удаа бөмбөгөнд ч хүрч чадахгүй байсан. Испанийн лигт 20 гаруй гоол оруулсан Стуани тааруу байсан тул О.Табарес сэлгээнд суулгаж, Макси Гомес, Кристиан Родригес гэсэн довтолгооны сэлгээ оруулсан ч бүтэлтэй болоогүй юм.     

Аз од нь гийсэн “Улаан чөтгөрүүд”

Хүчний хувьд хоёр баг тэнцүү гэж үнэлэгдэж байсан ч яг тоглолт эхлхэд Бразилийн багт арай илүү асуудал байгаа нь мэдрэгдсэн. Эхний үед Виллианы дамжуулалтууд эзэндээ очихгүй багийнхнаа нервтүүлж, Каземирогийн оронд тлбайд грсан Фернандиньо форм муутай байгаа нь анзаарагдаж байв. Бөмбөгөө харалгүй өрсөлдөгчтэйгөө зууралддаг С.Игнашевичийн алдааг тэрээр энэ чухал тоглолтод давтаж, 13 дахь минутад эхний гоолыг өөрийн хаалганд оруулсан юм.

Улмаар 31 дэх минутад Бельгийн багийн “уураг тархи” Кевин де Брюйне Ромелу Лукакугийн өгсөн маш ухаалаг дамжуулалтыг ур чадвар гарган гүйцээснээр бразилчуудын байдлыг улам хүндрүүлсэн юм. Дэлхийн тван удаагийн аваргууд довтолж, боломж гаргаж байсан ч төгсгөл хийж чадахгүй байсан нь үнэн юм. Тиаго Сильвагийн өвдгөөрөө цохисон бөмбөг хаалганы шон оносон нь гоол оруулах хамгийн боломжтой довтолгоон нь байв.

“Даалгавар биелүүлээгүй” Виллианыг Тите хоёрдугаар үес суулгаж, Фирминог гаргаж ирснээр бразилчууд Бельгийн торгуулийн талбайд цөмрөх нь улам олширч, Т.Кртуагийн ажил хоёр дахин нэмэгдсэн гэж хэлж болно. Гэхдээ хичнээн хичээгээд нэгээс илүү гоол оруулж чадсангүй. Титегийн гурав дахь сэлгээ амжилттай болж, 76 дахь минутад Ренато Аугусто тооны харьцааг ойртуулсан ч Бельги тун чадварлаг хамгаалсаар цагаа дуусгаж, 32 жилийн дараа ДАШТ-ий их шөвөгт шалгарлаа.

   

ДАШТ 2018

1/4 шигшээ

Уругвай – Франц 0:2 (0:1, 0:1)

Долдугаар сарын 6, 22.00, «Стадион Нижний Новгород»

Гоол:

0:1 – 40 Варан, 0:2 – 61 Гризманн.

Уругвай – Муслера, Касерес, Хименес, Годин, Лаксальт, Торрейра, Нандес(Урретавискайя, 73), Весино, Бентанкур (Родригес, 59), Суарес, Стуани (Макси Гомес, 59).

Франц – Льорис, Павар, Варан, Умтити, Люка Эрнандес, Погба, Канте, Мбаппе (Дембеле, 88), Гризманн (Фекир, 90), Толиссо (Нзонзи, 80), Жиру.

Шар хуудас:

Люка Эрнандес (33), Бентанкур (38), Родригес (69), Мбаппе (69).

Бразил – Бельги 1:2 (0:2, 1:0)

Долдугаар сарын 7, 02.00, «Казань-Арена»

Гоол:

0:1 – 13, автогол Фернандиньо, 0:2 – 31 де Брюйне, 1:2 – 76 Ренато Аугусто.

Бразил – Алиссон, Фагнер, Тиаго Силва, Миранда, Марсело, Паулиньо(Ренато Аугусто, 73), Фернандиньо, Коутиньо, Виллиан (Фирмино, 46), Габриэл Жезус (Дуглас Коста, 58), Неймар.

Бельги – Куртуа, Менье, Алдервейрелд, Компани, Вертонген, Феллайни, Витцель, Шадли (Вермален, 83), Лукаку (Тилеманс, 87), де Брюйне, Азар.

Шар хуудас:

Алдервейрелд (47), Менье (71), Фернандиньо (85), Фагнер (90).

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Braziliig hojigdoosoi gej bodson um

    0 0 Хариу бичих