Бельги-Франц: Шүгэл дуугарахаас өмнө мэдвэл зохих зүйлс

ДАШТ-ий хагас шигшээгийн эхний хос Бельги-Францын багийн тоглолт өнөө шөнө 02.00 цагт Санкт Петербургийн “Крестовский” цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Энэхүү тоглолтын өмнө балиашгуудад зориулан бэлдсэн мэдээллээ хүргэж байна.

Бельгийн “Алтан үе” гэгдэж буй одоогийн шигшээ баг дөрвөн жилийн өмнөөс том тэмцээний түрүү багаар нэрлэгдсэн ч “ДАШТ 2014”, “Евро 2016”-д дорвитой амжилт гаргаж амжаагүй. Харин энэ удаа тэмцээний гол фаворит гэгдэж байсан Бразилыг хожсон тул итгэл хүлээлгэхгүй байхын аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ нь тэдний хувьд дэлхийн аварга болох хамгийн бодит боломжтой тэмцээн нь ч байж мэднэ.  

Францын шигшээгийн хувьд, ДАШТ-ий өмнө “Дөрвөн ч баг гаргачих хэмжээний довтлогчидтой” хэмээн магтуулж, дэлхийн төвшний олон довтлогчийг орхичихоод ирсэн ч хэсгийн шатанд гуравхан гоол оруулан хөгжөөн дэмжигчдийнхээ санааг зовоогоод амжсан. Аз болоход хасагдах шатанд энэ дутагдалтай талаа засч, Аргентин, Уругвайтай тоглохдоо зургаан гоол оруулсан юм. Одоогийн шигшээгийн цөмийг бүрдүүлж буй Мбаппе, Дембеле, Умтити, Варан, Погба нар цаашид ч олон жил багтаа тоглох нь дамжиггүй.   

БЕЛЬГИ-ФРАНЦ

2018 оны долдугаар сарын 10. Санкт Петербург, “Крестовский” цэнгэлдэх

Шүүгч: Андрес Кунья (Уругвай)

Гэмтэлтэй тоглогч: Байхгүй

 Торгууль, шийтгэлтэй тоглогч: Тома Менье (Бельги)

Тоон болон статистик мэдээлэл:

-Энэ удаагийн тоглолт хоёр багийн хувьд хоорондоо тулсан 74 дэх тохиолдол нь юм. Өмнөх 73 удаагийн тоглолтод Бельги 30, Франц 21 удаа хожиж, 19 удаа эвийн гэрээ байгуулжээ.

-ДАШТ-д хоёр удаа таарч тоглосон. Хэсгийн шат гэж байгаагүй 1938 онд Франц 3:1-ээр хожсон бол 1986 онд хагас шигшээд хожигдсон хоёр хүрэл медалийн төлөө өрсөлдөж, 4:2-оор Франц хожжээ.

-Хамгийн сүүлд 2015 онд Парист хоорондоо тоглож, Бельги 3:2-оор буулгасан аж.  

-Франц ДАШТ-ий хагас шигшээд зургаа дахь удаагаа үлдээд байна. “Гурван өнгөтнүүд” 1958, 1982 онд хагас шигшээд үлдэж, 1986 онд хүрэл авч, 1998 онд түрүүлж, 2006 онд үзүүрлэж байв.

-Бельгийн шигшээ сүүлийн 24 тоглолт дараалан хожигдоогүй байна. 19 хожиж, тав тэнцжээ.

-Бельгийн “Улаан чөтгөрүүд” энэ ДАШТ-д 14 гоол оруулаад байна. Өмнө нь 2002 оны Бразил л хагас шигшээд тэднээс олон гоолтой гарч ирж байв /15/.

-Франц цуврал 11 метрийн цохилтоор хожигдсоныг эс тооцвол ДАШТ-ий сүүлийн 13 тоглолтынхоо нэгд нь л хожигджээ /10 хожил, хоёр тэнцээ/.

-Бельгийн шигшээгийн 14 гоолыг найман өөр хөлбөмбөгч оруулжээ. Үүнээс илүү үзүүлэлт гаргасан хоёр тохиолдол Францад хамаатай бөгөөд 1958, 2006 онд 10 тоглогч нь гоолдож байжээ.   

-Францын Антуан Гризманн “Евро 2016”, “ДАШТ 2018”-ын хасгдах шатны зургаан тоглолтод долоон гоол оруулжээ.

-Харин Бельгийн Ромелу Лукаку сүүлийн 13 тоглолтдоо 17 гоол оруулж, гурван удаа гоолын дамжуулалт өгсөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)