Агуйд гацсан хүүхдүүдийг аварчээ

Тайландын агуйд гацсан хөлбөмбөгийн өсвөр насны 12 тамирчин болон тэдний дасгалжуулагч гээд бүгдийг нь эсэн мэнд агуйгаас гаргасан тухай гадаадын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Одоогоор бүгд эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа аж. 

Тайландын хойд хэсгийн Тхам Луанг агуйд өнгөрсөн зургаадугаар сарын 24-нд өсвөрийн хөлбөмбөгийн багийн тоглогч 11-15 насны 12 хүүхэд 25 настай дасгалжуулагчийн хамтаар агуйд орж, тухайн үед болсон үерийн улмаас гарах боломжгүй болж гацсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэднийг сураггүй болсон хэмээн эрэн хайх ажиллагааг хийж байсан бөгөөд агуйд гацсанаас найм хоногийн дараа аврах албаныхан олсон юм. Тэгвэл тэднийг аврахын тулд сарын хугацаа ч шаардагдаж магадгүй талаар аврах ажиллагааг гардан явуулж буй армийн удирдлагууд мэдэгдээд байсан.

Тэгвэл өнгөрсөн ням гаригт агуйд гацсан хүүхдүүдээс эхний дөрвийг нь авран эмнэлгийн тусламж үзүүлсэн бол даваа гаригт дахин дөрвөн хүүхдийг авран өчигдөр ийнхүү үлдсэн дөрвөн хүүхдийг дасгалжуулагчин хамт эсэн манд агуйгаас гаргажээ. Аврах ажиллагаа үргэлжсэн орсон бороон дунд хүндхэн нөхцөлд үргэлжилсэн. Тайланд төдийгүй олон улсын аврах багийнхан хамтран ийнхүү дэлхий нийтийн анхаарлын төвд байсан аврах ажиллагааг амжилттай гүйцэтгэлээ. Агуйд гацсан хүүхдүүдийг аврах ажиллагаанд 50 гадаадын шумбагч болон 40 тайландын шумбагчид гар бие оролцжээ. Одоогоор хүүхдүүд эмчийн нарийн хяналт дор эмчлүүлж байгаа бөгөөд ойр дотнын хүмүүстэйгээ цонхны цаанаас уулзах боломжтой юм байна.

Үүнээс гадна Австралийн “АРР” агентлаг болсон үйл явдлаар Америкчууд кино хийхээр төлөвлөж байгаа тухай мэдээллээ. “Pure Films” компанийн продюсер Майкл Скотт Адам Смиттэй хамтран дээрх киног хийхээр төлөвлөж байгаа бөгөөд кино маш том амжилтад хүргэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)