Байтагт мөнхөрсөн хилчин баатрын хөшөө

Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын баатар Самданжамцын Лхагвадоржийн хөшөө байлдааны гавьяаны одонт хилийн 0345 дугаар анги, Хилийн сургуулийн хүндэтгэлийн хойморт залрав. С.Лхагвадорж баатар тухайн үеийн Дотоод явдлын яамны төв сургууль буюу эдүгээгийн Хилийн сургуулийн анхны төгсөгчдийн нэг ажээ. Тиймээс Хууль сахиулахын их сургуулийн Хилийн сургуулийг 2006 онд түүний нэрэмжит болгосон юм байна. Тус сургуулийг НАХЯ-ны Цэргийн дээд сургууль нэртэй байхад нь 1983-1988 онд суралцаж төгссөн төгсөгчид 30 жилийн ойнхоо хүрээнд С.Лхагвадорж баатрыг алдар гавьяаг мөнхжүүлэн хөшөөг нь бүтээн босгож, нээлтийн  ёслолыг нь зохион байгуулсан юм.

Энэхүү хөшөөний нээлтийн ёслолд Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, Хилийн 0345 дугаар ангийн захирагч, Хилийн сургуулийн захирал, доктор, дэд профессор, хурандаа В.Жавхланцогт, “Сүлдэт багана-хилчдийн холбоо”-ны тэргүүн Б.Лхагва болон тус холбооны төлөөлөгчид, Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн охин өндөр настан Л.Хишигжаргал, түүний үр хүүхэд, ач, зээ нар болон НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийн 1988 оны төгсөгчид оролцов.

С.Лхагвадорж баатрын намтар түүх, байгуулсан гавьяаг Хилийн цэргийн сургуулийн үе үеийн төгсөгчид бахархан дурсч, үлгэр дууриал болгож байдгийн нэг илрэл нь тус сургуулийг 30 жилийн өмнө төгссөн төгсөгчид өөрсдийн хөрөнгөөр хөшөөг нь босгосон явдал байлаа. Энэхүү хөшөөг босгоход С.Лхагвадорж баатрын үр хүүхэд, ач зээ нар ч гар бие оролцжээ. Цэл залуу 29-хөн насандаа эх орныхоо төлөө баатарлагаар амиа өргөсөн энэ эрэлхэг хилчний тухай хөшөөнийх нь нээлтийн үеэр олон хүн дурсан ярьж байлаа.

Баруун хязгаар дахь эх орны даалгавар

С.Лхагвадорж баатар 1919 онд Булган аймгийн Сайхан суманд төржээ. Хорин нас хүртлээ нутагтаа мал маллан эгэл жирийн амьдралаар аж төрж байсан аж. Адуунд эрэмгий өссөн залуу хүү 1939 онд НАХЯ-ны төв сургуульд элсчээ. Тухайн үед хил хязгаар түгшүүртэй, Халхын голд дайны утаа суунаглаж эхэлсэн цаг үе байсан тул төв сургуулийн сонсогчдыг хоёр жилийн дотор түргэвчилсэн байдлаар сурган цэргийн эрдэм, мэдлэг эзэмшүүлсэн байна. Ингээд залуухан офицер С.Лхагвадорж сургуулиа төгсөөд 1941-1948 онд Дорноговь аймгийн Замын-Үүдийн Үзүүр усны заставын даргаар ажиллажээ. Өмнийн говийн дархан хилийг манаж байх хугацаандаа тэрээр цэргийн чадварлаг удирдагч, эр зоригтой, баатарлаг хилчин гэдгээ харуулан олон удаагийн бэрхшээл сорилтыг даван туулж, дээд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлж байжээ.

Тухайлбал 1941 оны арванхоёрдугаар сард хилийн манаагаа шалгаж яваад дайсны тагнуул гурван этгээдтэй тулгаран, эрэлхэг зориг гарган дайрч заримыг нь шархдуулан баривчилсан байна. Мөн 1942 оны дөрөвдүгээр сард хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байхдаа дайсны морин уналгатай хоёр тагнуулыг илрүүлэн отож байгаад гэнэт атаклан, нэгийг нь бууныхаа бөгсөөр цохиж унаган, нөгөөг нь баривчилжээ. Ийнхүү удаа дараа дайсны тагнуулыг баривчлан, үнэтэй мэдээ олж авах бололцоо олгож байсан тул Үзүүр усны заставын дарга С.Лхагвадоржийг 1942 онд Улсын бага хурлын тогтоолоор Байлдааны гавьяаны медалиар шагнажээ.

1942 онд нэг цэргийн хамт манаанд явж байгаад Японы морьтой долоон тагнуулыг илрүүлэн тэдэнтэй байлдаж, бүгдийг нь баривчилжээ. Хүч давуу дайснуудтай халз тулалдахдаа тэрээр дөрвийг нь шархдуулснаар зүрх зоригийг нь мохоон буулгаж авсан нь тэр аж.

Тухайн үед ДЯЯ-ны сайдаас маршал Х. Чойбалсанд С.Лхагвадоржийн удирдсан застав Японы тагнуул, туршуулуудыг олон удаа эрэлхэгээр баривчлан авч байсан хэмээн илтгэж байв. Удирдсан застав нь 1941-1943 онд 34 тагнуул илрүүлэн баривчилсны 9-ийг нь С.Лхагвадорж баатар өөрөө барьж, 14 хилчин нь одон, медалиар шагнагдсан байна.

1944 оны бичин жилийн зуднаар 40 гаруй хоног үргэлжилсэн цасан шуурганд Хэнтий, Төв, Дорноговь аймгуудын 70 гаруй мянган адуу уруудаж хил давах гэж байсныг С.Лхагвадоржийн удирдсан Үзүүр усны заставын хилчид, нутгийн малчид, иргэдтэй хамтран олон өдөр, шөнө эрэлхэгээр тэмцэн тогтоож чаджээ. Энэ тухай академич Б.Ринчен “Их говийн зоригтон хүмүүс” хэмээх алдарт найрууллаа бичсэн юм. Бичин жилийн зуднаар ийнхүү нэгдэл, нийгмийн олон мянган адууг хил давуулалгүй тогтоон барьж, эздэд нь хүлээлгэн өгөх ажлыг удирдан зохион байгуулсан тул заставын залуухан дарга С.Лхагвадоржийг 1945 онд Улсын бага хурлын тогтоолоор Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна.

Эх орон шилдэг хөвгүүдээ хэрэгтэй цагтаа дууддаг ёсоор Үзүүр усны заставын залуухан даргыг 1948 онд баруун хязгаарт томилжээ. Ахмад С.Лхагвадорж Бодончийн заставын штабын хилийн албаны туслахаар ажиллаж байгаад Мэргэн уулын тулгаралт байлдаанд баатарлагаар амь эрсэдсэн юм. Мэргэн уулын тулгаралт байлдаан хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн энэ тулалдаан 1948 оны зургадугаар сарын 2-нд болжээ. Оспаны 22 баатар гэж өөрсдийгөө нэрлэсэн хасагийн дээрэмчид нутгийн хоёр ард, морин дивизоны офицер Чогров нарыг буудаж хөнөөгөөд, хилчдээс амьд хэл олзлох зорилготой нутгийн гүн рүү орж Мэргэн ууланд бүгсэн байна. Тэдгээр дээрэмчдийг хилийн цэргийн хүчин бүслэн тулалдах үед ахмад С.Лхагвадорж, хилчин Халтмаа нарын дөрвөн хүн баатарлагаар тулалдан амь үрэгджээ.

С.Лхагвадоржид Улсын бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 1949 онд Улсын баатар цол нэхэн хүртээж, БНМАУ-ын СнЗ-ийн 1949 оны 5-р тогтоолоор Улсын баатар С.Лхагвадорж, Б.Тэгшээ, Л.Даваадорж нарын дурсгалд зориулан Ховдын Алтай суманд хөшөө босгосон байна. Мөн 1970 онд Булган аймгийн төвд хөшөөг нь босгож, алба хааж байсан Дорноговийн отрядын Үзүүр усны заставыг АИХ-ын Тэргүүлэгчдийн 1973 оны 217-р зарлигаар, Хууль сахиулах их сургуулийн Хилийн албаны  сургуулийг НИТХ-ын 2006 оны 139 дүгээр тогтоолоор тус тус Монгол Улсын баатар С.Лхагвадоржийн нэрэмжит болгосон юм. 

Монгол Улсын баатар С.Лхагвадоржийн охин Л.Хишигжаргал

Лхагвадоржийн Хишигжаргал: Аав минь цэргийн чөлөө аваад эргэж ирнэ гээд явсан гэдэг

С.Лхагвадорж баатрын ганц охин Хишигжаргал эдүгээ энх тунх аж төрж байна. Тэрээр гуравхан настайдаа өнчирч үлдсэн тул аавынхаа тухай төдийлөн сайн мэддэггүй аж. Хожим ээжээсээ аавынхаа тухай бага сага зүйл мэдэж авсан гэнэ. С.Лхагвадорж баатар НАХЯ-ны төв сургуульд суралцаж байхдаа ханьтайгаа танилцаж гэр бүл болсон ажээ. Гэргий нь ноосны үйлдвэрт ажилладаг байж. Залуу хосууд Дорноговийн Үзүүр усны заставт гал голомтоо бадраан долоон жил хэртэй хамт амьдарцгаасан аж. Ингээд баатрыг баруун хязгаарт томилогдон очиход нь гэргий нь охиныхоо хамт төрсөн нутаг Булган аймгийн Хутаг-Өндөр сумандаа очсон гэнэ. С.Лхагвадорж баатар баруун хязгаарт очсон хойноо нэг удаа чөлөө авч гэргий, охин хоёр дээрээ иржээ. Энэ тухай Л.Хишигжаргал гуай “Аав хоёр гурван хоногийн чөлөөгөөр нэг ирсэн юм билээ. Би хоёр ой л өнгөрөөд байсан юм болов уу даа. Ээж л гэж муухан хэлдэг байсан гэдэг юм. Тэгээд хоёр гурав хоноод цэргийн чөлөөний хугацаа дууслаа гээд явсан гэдэг. Явахдаа ээжид маань цэргийнхээ албанаас чөлөө аваад хүрээд ирнэ гэж  хэлж. Тэгээд хүлээгээд л байж. Тэгсэн хил дээр дайн тулгаралт болсон. Түүнд амь үрэгдсэн гэж хэл ирсэн гэдэг” хэмээн хуучиллаа.  

Дашрамд сонирхуулахад Хууль сахиулахын их сургуулийн Хилийн сургуулийн өмнө сүндэрлэсэн хөшөө С.Лхагвадорж баатрын анхны гурав дахь хөшөө ажээ. Анх 1970 онд С.Лхагвадорж баатрын төрсөн нутаг Булган аймгийн төвд хөшөөг нь босгожээ. Тухайн үед Л.Хишигжаргал гуай аавынхаа хөшөөг барихад нь зориулж хувиасаа 200 төгрөг хандивлаж байсан гэнэ. 2012 онд Булган аймгийн төв дэх С.Лхагвадорж баатрын хөшөөг Тэшиг суман дахь хилийн анги руу нүүлгэн шилжүүлсэн юм байна. Баатрын хоёр дахь хөшөөг нь цагдаа, хилийн цэрэг, онцгой байдал, тагнуул зэрэг сургуулиуд нэгдэн Хууль сахиулахын их сургууль байгуулагдахаас өмнө хуучин Хилийн цэргийн дээд сургуульд босгосон юм байна. 

 

.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)