Эрийн гурван наадмын СУР ХАРВАА

Эрийн гурван наадмын нэгэн төрөл сурын харвааны түүх Монгол нутагт хүн үүсч бий болсон цагтай уялдана. Он цаг улирах тусам харваа өргөжин тэлж, хэлбэр нь баяжин, дүрэм нь боловсронгуй болсоор эдүгээ халх, урианхай, буриад гэсэн гурван төрлөөр сурын харваа зохион байгуулагддаг. Урианхай, буриад харваанд зөвхөн эрчүүд оролцоно. Халх сурын харваанд эр, эмгүй харвадаг.

УРИАНХАЙ СУРЫН ХАРВАА

Урианхайчууд хаврын тэргүүн сарын шинийн 15-нд үзүүрийг нь нийлүүлж боосон гурван модонд үхрийн шир тэлж татсан байг 50 орчим метрийн зайнаас харвадаг байжээ. Эдүгээ наадмын төрөл болсон бөгөөд үхрийн ширэн байг сураар орлуулан тавьж оролцогч тус бүр дөрвөн сум тавьж цэц мэргэнээ сорьдог. Тэрхүү суран байг “чих” хэмээнэ. Эхний чихийг “магнай” гэж нэрлэн, ономогц “магнай хагарлаа” хэмээн уухайлдаг. Хоёр дахь сурыг “тэгнээ”,  гурав дахийг “ганзага”, дөрөв дэхийг “уяа” гэнэ. Эцэст нь баг, оролцогч бүр дүнгээ гаргана.

Урианхай сурыг шашны зан үйлээс үүдэлтэй гэдэг. Өнөөдөр үндэсний сурын нэг төрөл болсон урианхайн сурыг майдар эргэх ёслолын үеэр зохион байгуулдаг байжээ. Урианхайчууд сур харвах нь тэр жилд тохиох сайн сайхан үйл явдлыг дууддаг хэмээн үздэг тул баяр ёслол, эсвэл таагүй тохиолдол бүрт сур харвуулдаг заншилтай байжээ. Тиймээс ч хаврын тэргүүн сарын шинийн 15-ны эл өдөр харваачид наадмаа эхлүүлэх бөгөөд үзүүрийг нь нийлүүлж боосон гурван модонд үхрийн шир тэлж татсан байг 50 орчим метрийн зайнаас харвадаг дүрэмтэй. Саранпай хэмээн нэрлэх байг оролцогч тус бүр таван сум тавьж цэц мэргэнээ сорьдог. Нэгэн цагт үхрийн шир харваж байсан урианхайчууд орчин үед хуйлсан сураар бай хийх болсон. Түүнийгээ чих гэх бөгөөд эхний онох чихийг магнай хэмээн нэрлэн, ономогц “магнай хагарлаа” хэмээн уухайлдаг. Энэ мэтчилэн 2 дахь сурыг “тэгнээ”, 3 дахийг нь “ганзага”, 4 дэхийг нь “уяа” гэнэ. Хэн хичнээн оносныг тусгай самбарт тэмдэглэн, эцэст нь баг оролцогч бүрийн дүнг гаргаж, харваач бүр өрөг дуусахад ядаж, “өөрийн” хоёр чихээ оносон байх шаардлагатай. Эс чадвал “хамба суулгана. Хамба суулгана гэдэг нь нэгэн зүйл шийтгэл. Өөрөөр хэлбэл, харвах эрхийг нь хасаж байгаа хэрэг ажээ.


БУРИАД СУРЫН ХАРВАА

Байны сур нь бортого хэлбэртэй, 8 х 10 сантиметр хэмжээтэй. Харин талбайг нь засахдаа эхлээд сураа нэг эгнээ цувуулан өрөөд түүнээс 2.2 метр зайтай зурхай татаж харвадаг.  

Буриад харваа нум төдийгүй сум нь ч багагүй онцлогтой. Нумаа эртнээс эвэр элэгтэй хийж байсан буриадууд их бие болон сумаа ихэвчлэн хулсаар хийдэг заншилтай. Ихэнх нутагт элэгт элгийг хайнагийн эврээр хийдэг бол цөөн хэсэг нь буга, хандгайн эвэр ашигладаг байжээ. Түүнчлэн нумаа урт, богино янз бүрийн урттай хийж, түүнийг их болон бага гарын гэж ангилна. Энэ нь харваачийн биеийн өндөрт тохируулдагтай холбоотой гэнэ. Он цагийн хэлхээ буриад   харваа, нум сумыг ч өөрчлөөд амжсан байна. Байг ихэвчлэн сураар хийдэг байснаа больж сүүлийн үед ноос, даавуу ашиглах болжээ. Иймд сумныхаа болцуунд тах хийдэг байснаа больжээ. Одоо хэрэглэж буй буриад сур бортого хэлбэртэй, 8х10 см хэмжээтэй. Харин талбайг нь засахдаа эхлээд сураа нэг эгнээ цувуулан өрөөд түүнээс 2.2 м зайтай зурхай татах бөгөөд түүнийгээ “зураахай” эсвэл “ганга” гэнэ. Мөн зарим нутагт уг талбайгаа нийтэд нь зураахай гэх нь ч бий.

ХАЛХ СУРЫН ХАРВАА

Байг “ханан” ба “хасаа” харваа гэж хоёр ангилах бөгөөд ханан харваанд 3 метр өргөн, 40 сантиметр өндөр хэц татаад түүний дотор талд сум орвол оносонд тооцно. Хасаа харваанд 30 сур өрж харвана.

Сур гэдэг нь уран гоёмсог, бөмбөг мэт бөөрөнхий хэлбэртэй, хөндий суран сүлжмэл юм. Сураа давхарлан тавьсныг домбо гэх бөгөөд 12 домбо өрөөд хоёр талд гурав гурван хасаа хөндлөн тавина. Түүнийгээ хүзүү гэнэ. Голын хоёр домбо нь улаан байна. Хасааны урд талд хязгаар болгон татсан зураасыг зурхай гэнэ. Зурхайн хоёр талд тавьсан гурав гурван сурыг азарга гэнэ.

Хасаа харваанд зөвхөн эрчүүд 20 сум тавьж харвадаг. Эрэгтэйчүүд 75 метр газраас 40 сум, эмэгтэйчүүд 60 метр газраас 20 сум тавьж харвана. Нэг удаад дөрөв дөрвөн сум тавьж харвахад зурхай дээр буй шүүгчид уухай хашгиран дэмжинэ. Хүүхдийн харваанд эрэгтэй  нь 18-аас доош насны бол насыг нь дөрвөөр үржүүлээд харвах зайг нь тогтоодог. Эмэгтэй нь 18-аас доош насны бол насыг нь гурваар үржүүлээд харвах зайг нь тогтоодог. Хүүхдүүд тус бүр 20 удаа сум тавьж уралддаг.

СУРЫН УУХАЙ

Сур харвахад нэгдүгээрт урьж уриалсан уухай, хоёрдугаарт байгаа оносон баярын уухай, гуравдугаарт угтан авсан самбарын уухай гэж гурван янзын уухай байдаг. Уухай нь харваачдын сүр хүч, онч мэргэнийг бахдан магтаад зогсохгүй дуу хөгжмийн нэгэн төрөл зүйл болно. Сурын харваанд шалгарсан хүмүүст мэргэн цол олгодог. Нэг түрүүлсэн харваачид “Улсын мэргэн”, хоёр түрүүлбэл “Улсын хошой мэргэн”, гурав түрүүлбэл “Улсын  гоц мэргэн”, дөрөв түрүүлбэл “Улсын гарамгай мэргэн”, тав түрүүлбэл “Улсын даяар дуурсах мэргэн”, зургаа түрүүлбэл “Улсын дархан мэргэн” цол олгодог. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)