Б.Баатархүү: Хүй долоон худагт өчигдөр гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр  цагдаа, цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн энэ сарын 10-15-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин үүрэг гүйцэтгэж байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс баяр наадмын нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаа, дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн 15-ны өдрийг дуустал өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажиллаж байна. Ингэснээр манай цагдаагийн бүх албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж байгаа гэсэн үг. Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн аймаг, сумдын наадам болдог. Үүнд манай бүх албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт нэгдсэн хамгаалалт, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.

-Хүй долоон худагт наадмын хурдан морины уралдаан өчигдөр эхэлсэн. Тэнд нөхцөл байдал ямар байгаа бол?

Наадам долдугаар сарын 10-нд Хүй долоон худагт шүдлэн, хязаалан насны морьдын уралдаанаар эхэлсэн.  Энэхүү уралдааныг зохион байгуулах ажил маш цэгцтэй сайхан болж өнгөрлөө.  Өчигдөр 21.00 цагийн байдлаар Хүй долоон худагт гэмт хэрэг бүртгэгдээгүй, хүүхэд төөрөөгүй. Хурдан морины салбар хороотой хамтран цагдаагийн байгууллага энэ удаад олон  машин хурдан морь дагадаг асуудлыг цэгцлэх ажил зохион байгуулсан. Үүнд уяачид болон олон нийт талархалтай байгаа. Цааш цаашдын морьдын уралдаанд шаардлагагүй олон машин морь дагадаг асуудлыг цэгцэлж байгаа. Төрийн өндөрлөгүүдээс цагдаагийн байгууллагад өгсөн чиглэлийн дагуу Монгол төрийн наадмыг дэгтэй, зохион байгуулалттай болгох, гэмт хэргээс урьдчилан  сэргийлэх чиглэлээр бид хариуцсан ажлаа зохион байгуулалтын өндөр түвшинд хийж байна гэж үзэж байна.

Төв цэнгэлдэх орчимд манай Улаанбаатар  цагдаагийн хүрээний албан хаагчид хэв журам сахиулж урьдчилан сэргийлж  ажиллана. Үүнээс гадна  бид бүгд хамгаалалтад ажиллаад байх биш, зуслангийн чиглэл, амралт зугаалгын бүсүүд, жуулчид, хүн ихээр цугладаг газруудад алба хаагчид маань морьт, мотоцикльт эргүүл, явган эргүүл, Туул гол дагуу завьт эргүүл хийн бүх түвшинд урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил, үүргээ гүйцэтгэж байгаа.

-Баяр наадмын үед гардаг халаасны хулгай, хүүхэд төөрдөг асуудлууд бий?

-Хүүхэд төөрдөг асуудал нэлээд бүртгэгдэг. Бага насны хүүхэд олон хүнтэй үйлчилгээний газруудаар явж байхдаа эцэг эхээсээ төөрч олны дунд орж алга болдог тохиолдлууд өнгөрсөн жилд нэлээд гарсан. Одоогийн байдлаар тийм мэдээлэл ирээгүй байна. Нээлтийн арга хэмжээ дууссан дараа болон маргааш цол ахих барилдаануудын үер цэнгэлдэх болон Хүй долоон худагт хөл хөдөлгөөн  ихэснэ. Тиймээс бага насны хүүхэдтэй явж байгаа эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Хүүхдийнхээ гарыг тавихгүй байснаар эрсдлээс хамгаална. Хэрвээ таны хүүхэд төөрсөн бол хамгийн ойр байгаа цагдаагийн алба хаагчид хэргийн талаар мэдэгдэх хэрэгтэй. Бид шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулна.

Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр манай алба хаагчид ажиллаж байгаа. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт цагдаагийн шуурхай постууд ажиллаж байгаа. Таны гомдлыг түргэн шуурхай хүлээн аван шалгалтын ажлыг зохион байгуулна.

-Иргэдийг баяр наадам тэмдэглээд эзгүй байх хооронд орон байрны хулгай ихэсдэг?

-Энэ жил баяр наадам, амралтын өдрүүдтэй давхцаад тав хоног амрахаар байгаа. Тиймээс хотоос орон нутгийг чиглэх замын  хөдөлгөөн нэмэгдсэн байна. Энэ дагуу бид 20 гаруй замын цагдаагийн хөдөлгөөнт пост ажиллуулж байгаа. Орно нутгийн замд хурдаа тохируулж хүн тээвэр, ачаагаа норм, стандартын дагуу тээвэрлэх хэрэгтэй. Мөн хөдөө орно нутаг руу аялж зугаалж байгаа иргэд ар гэртээ хаалга, цоожныхоо бэхэлгээг сайжруулах, хөрш айлдаа захиж үлдээх гээд өөрөөс шалтгаалах зүйлсээ анхаараарай. Цагдаагийн албан хаагчид зуслангийн чиглэл  рүү зохион байгуулалттай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа.

-Орон нутгийг чиглэх иргэдийн урсгал ихсэж байгаатай холбоотой орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдал хангах, тээвэрлэж яваа хүүхдээ  зөв тээвэрлэх гэдэг асуудал анхаарал татсаар байгаа. Энэ тал дээр ямар ажлууд зохион байгуулж байна?

-Өнгөрсөн жилийн наадмуудаар зам тээврийн ослын улмаас амь насаа алдах, бэртэж гэмтсэн харамсалтай хэргүүд бүртгэгдэж байсан. Энэ жил хөдөлгөөний соёл нэгдсэн арга хэмжээ явагдаж байгаа. Орно нутаг руу чиглэж байгаа хатуу хучилттай замд замын цагдаагийн албанаас хөдөлгөөнт явуулын орон нутгийн постуудыг ажиллуулж байгаа. Орон нутгийн замд хурдны дээд хязгаар 80 км/цаг байдаг. Үүнээс хэтрүүлсэн тохиолдолд бид хурд хэмжигч багажуудыг ажиглан тухайн жолооч нарт арга хэмжээ тооцож ажиллаж байгаа. Мөн хүүхдээ зөв тээвэрлэх, бага насны хүүхдийг урт тээвэрлэж явахгүй байх, бүрэн бус техникийн хэрэгсэлтэй зорчихгүй байх гэх мэт хяналт шалгалтуудыг бид хийж байна. Та бүхний амь нас болон та бүхний тээвэрлэж байгаа иргэдийн амь настай холбоотой асуудал яригдаж байгаа учраас хатуу шаардлага тавьж ажиллана.

-Архи согтууруулах ундаа хэрэглэсний улмаас гарах эрсдэл нэмэгдэж байгаа гэдгийг сануулах нь зүйтэй байх?

-Нэг гэгээлэг зүйл хэлэхэд манай Монголын ард түмэн баяр наадмаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг асуудал жил ирэх тусам багасаж байгаа. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд эндэх, өөрөө бэртэж гэмтэх, бусдын эрх чөлөөнд халдах, амь нас эрүүл мэндээрээ хохирох харамсалтай тохиолдлууд бүртгэгддэг. Тиймээс бид үндэсний түүхт баяр наадмаа зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг нийт иргэддээ уриалж байна.

-Хүүхдүүдэд тавих хараа хяналт дээр нэмж хэлэх хэрэгтэй байх. Иргэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй ёстой болов уу?

-Зургадугаар сард хүүхэд голын усанд эндсэн харамсалтай тохиолдлууд маш ихээр бүртгэгдлээ. Бид урьдчилан сэргийлэх чиглэлээр нэлээд ажил зохион байгуулж байна. Үүнд эцэг эхчүүд голын эрэг дээр аялж, зугаалан тоглож наадаж байх үеэр бага насны хүүхэд нь усанд эндэх явдал гарсан. Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх аж ахуйн нэгж, байгууллага руу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албан мэдэгдлийг хүргүүлсэн байгаа. Ер нь байгууллагынхаа орчинд хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй ийм зүйлст анхаарч засаж, эргээд долдугаар сарын 20-нд биелэх үр дүнг нь тооцно. Та бүхэн мэдэж байгаа сая долдугаар сарын эхээр хоёр хүүхэд тогонд цохиулан эндсэн харамсалтай хэрэг гарсан. Тиймээс аж ахуйн нэгж байгууллага Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуульд заасан үүргийнхээ дагуу орчин тойрныхоо аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах ёстой.Энэ албан мэдэгдлийн хүрээнд тодорхой арга хэмжээ зохион байгуулаагүй, хүүхдэд эрсдэлтэй орчин бий болгосон, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өөрсдийнхөө эд хөрөнгө, аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй байгууллагуудад хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллах болно.

-Урьдчилан сэргийлж ажилласнаар ирээдүйд гарах эрсдэл тодорхой хэмжээнд буурах байх ?

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажилласнаар тухайн хүний эд хөрөнгө, эрүүл мэндийг хамгаалж байгаа гэдгийг манай ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ойлгох хэрэгтэй. Цагдаагийн албан хаагчид таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахын тулд эрсдэлтэй байгаа орчныг цэгцлэх талаар үүрэг чиглэл өгч байгаа гэж ойлгох хэрэгтэй.

-Та цагдаагийн албанд орсноор хойш хэдэн жил үндэсний их баяр наадмаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна?

-Би 20 дахь жилдээ баяр наадмын хамгаалалтад ажиллаж байна.  Цагдаагийн сургуульд орсон цагаасаа эхлэн бид баяр наадмаар хэв журмын хамгаалалтад ажилладаг. Манай цагдаагийн албан хаагчид үүндээ шантардаггүй, илүү бахархдаг. Монголын ард түмэн сайхан баярлаж, наадаж дэг журамтай байх юм бол энэ нь бидний оруулж байгаа нэг хувь нэмэр гэж бодож явдаг.

Нийт алба хаагчдадаа ажлын амжилт хүсье. Тэдний ар гэрийнхэнд баярын мэнд дэвшүүлье.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)