Гэмт хэрэг, зөрчилгүй наадаж байна

Баяр наадмын эдгээр өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 3000 цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт зөөврийн хяналтын 120 гаруй камеруудыг байршуулан бүрэн хяналтад авч, авто, явган, морьт, дугуйтай эргүүлүүдийг ажиллуулан, гадаадын иргэд, жуулчдад цагдаагийн алба хаагч нар болон оюутан цагдаа нар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.

Мөн хулгайлах гэмт хэрэг, бага насны хүүхэд эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж, сэрэмжлүүлэг тарааж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа таниулга өгч, хүүхдүүдийн бугуйд эцэг, эхийн утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвчийг зүүж өгч байгаа өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд 14.00 цагийн байдлаар нэг хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнд цагдаагийн байгууллага хяналт тавин ажиллаж буй. Өчигдөр гарсан зөрчлийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодрууллаа. “Өчигдрийн байдлаар таван хүүхэд эцэг, эхээсээ төөрсөн байснаас олж, хүлээлгэж өгсөн. Хүүхдүүд ихэвчлэн эцэг эхчүүдийнхээ гараас барьж яваад, алдуурч төөрч байна. Эцэг эхчүүдээс яаж яваад хүүхдээ алдсан талаар асуухаар “хуушуур авч байх хооронд алга болсон” гэж хариулдаг. Алга  болж, төөрсөн хүүхдүүд 2-12 насны хүүхдүүд байгаа юм. Цагдаагийн байгууллагын явган эргүүлийн үүрэг гүйцэтгэгч алба хаагчид хүүхдүүдийг олж тогтоох ажиллагааг зохион байгуулж, шуурхай штаб дээр хүлээлгэж өгөн  хамгаалах байранд түр байлгаж байгаа. Төв цэнгэлдэх болон сурын хэсэг дээр наадаж байгаа иргэд хүүхэддээ анхаарч,  таваас доош насны хүүхдийг тэвэрч явахыг зөвлөе. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд үйлдэгдсэн онц ноцтой гэмт хэрэг бүртгэгдээгүй” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)