“Хотоос зайдуу шинэ Төв цэнгэлдэх байгуулаасай”

Үндэсний их баяр наадмыг жил бүр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж наадамчин олон цуглацгаадаг. Жилийн жилд Төв цэнгэлдэхийн суудлын хүрэлцээ, эргэн тойрны орчин иргэдийн дунд асуудал болсоор ирсэн. Энэ жил гэхэд л гадаадын 11 мянган жуулчин Монгол наадмыг Төв цэнгэлдэхэд үзэх хүсэлтээ илгээсэн ч цэнгэлдэхийн нийт багтаамж 10 мянган хүний суудалтай учраас иргэд болон аялал жуулчлалынханд энэ асуудал хурцаар яригдсан. Наадмын нээлт, хаалт үзэх гэсэн иргэдийн уртаас урт дараалан нийслэлийн нэг цэгийн дөрвөн үйлчилгээний гадаа болж, хонон өнжин дугаарласан ч тасалбар авч чадаагүй иргэд хүртэл байсан тухай мэдээлэл цахим ертөнцөд тасраагүй. Тасалбарын эрэлтийг дагаад шагчид хүртэл үнээ нэмэн наадмын нээлтийн тасалбар 150 мянган төгрөг хүрч, иргэд бухимдалтай байсан юм.  Тиймээс Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талаар иргэдийн байр суурийг сонслоо. 

Чингэлтэй дүүргийн иргэн Х.Оросоо

Сая гаруй хүн амтай хотод шинээр цэнгэлдэх барих л шаардлагатай. Ард түмэн шинэ цэнгэлдэхтэй болох асуудлын хэдийнээ шаардаад эхэлсэн. Үүнийг би зөв гэж бодож байгаа. Хүй долоон худагт шинэ цэнгэлдэх барих асуудлаа хурдасгах хэрэгтэй. Хот хүрээгээ тэлсээр байгаа юм чинь тэнд шинэ цэнгэлдэх барих нь зүйн хэрэг гэж бодож байгаа.

Чингэлтэй дүүргийн иргэн Г.Доржсүрэн

Төв цэнгэлдэх хүрээлэнг томруулан өөр тийш нь нүүлгэх нь зүйтэй. Жилийн жилд хүн, машин нь багтахгүй хэцүүхэн орчинд л наадаж байна.

Баянзүрх дүүргийн иргээн Б.Тэмүүлэн

Шинэчилбэл зүгээр. Хүй долоон худаг руу дэд бүтэц гайгүй болсон учраас тэнд цэнгэлдэх хүрээлэн баривал зүгээр. Гэхдээ чухам санхүүжилт нь хаанаас шийдэгдэх бол. Улсаас уу, хувийн аж ахуйн нэгж, байгууллагаас шийдэгдэх болов уу. Шинэ том цэнгэлдэх хүрээлэн баривал сайхан шүү дээ. Би дэмжинэ. Түүнийг эсэргүүцэх хүн байхгүй байх. Наадмын тасалбарын цэнгэлдэхийн гаднаас шагчдаас авсан. Дараа жилээс наадмын тасалбарыг онлайнаар зардаг болоосой. Фэйсбүүкээс харахад хүмүүс наадмын тасалбарын төлөө хонон өнжин дугаарлаад хэцүү л харагдаж байсан.

Хан-Уул дүүргийн иргэн Г.Цэдэнсодном

Хүүхдүүдтэйгээ наадмын нээлт үзэх гэж олон жил тасалбарыг нь авч чадахгүй л байна. Үүнийг шинэчлээд томруулаад өөр газар бариасай. Хүй долоон худагт шинэ цогцолбор барина гэж сонссон. Уужуухан сайхан том талбайд л наадмаар байна.

Орхон аймгийн иргэн Э.Ундрах

Төв цэнгэлдэх хүрээлэнг томруулах хэрэгтэй. Хотын төвдөө биш өөр газар барих асуудлыг дэмжинэ. Наадмын тасалбар авч бөх үзэх гээд хайгаад явж байна. 

Баянзүрх дүүргийн иргэн Ү.Амаржаргал

Төв цэнгэлдэхийн эргэн тойронд машин байршуулах газар алга, үр хүүхдээ аваад зугаалахад тухтай ногоон зүлэг орчин ч алга. Үүнийг хотоос зайдуу задгай талбайд хэмжээг нь томруулаад шинэчлээсэй гэж боддог.

Баянзүрх дүүргийн иргэн А.Урианхай

Иргэн хүний хувьд гадаадын зочдод Монгол Улсын нүүр царай болсон наадмаа үзүүлэхэд энэ цэнгэлдэхээ томруулах шаардлагатай гэж боддог. Гэхдээ хотын төвд биш хотоос зайдуу газарт байгуулаасай гэж боддог. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Төв цэнгэлдэх хүрээлэн шинээр баривал сайн л байна. Хамгийн гол нь бид юм хийхээсээ илүү гаргасан төсвийг нь таллаж иддэг муу зантай болоод удаж байна. Заавал юмсыг хэд нугалж дамлана. Заавал талыг нь идэхгүй бол санаа нь амардаггүй. Дараа нь бүгд шоронд орно.

    0 0 Хариу бичих