Японд хэт халалтын улмаас 14 хоногийн дотор 96 хүн амиа алджээ

Япон улсад агаарын хэм хэт халах байдал цаашид үргэлжилсээр байхыг тус улсын агаарын хэмжил зүйн газраас иргэддээ анхаарууллаа. Энэ оны долдугаар сарын 23-наас хойш өнөөдрийг хүртэл нийт 96 хүн хэт халалтын улмаас амиа алдаад байна.

Хэт халалт цаашид үргэлжлэхээр байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Өнгөрсөн ням гарагт тус улсын Нагоя хотод 39.9 градус, Гужёо хотод 39.7 харин Киото хотод 39.5 градус хүрсэн байна. Харин өнөөдөр буюу даваа гарагт цельсийн 39 градус хүрэх төлөвтэй байгааг цаг уурын мэргэжилтнүүд сэрэмжлүүлжээ.

Мөн Япон улс дахь нийт 256 ажиглалтын цэгт өдрийн дундаж температур 38-39 градус байх төлөвтэй байгааг харуулсан байна.

Агаарын хэт халалт удаан хугацаанд үргэлжилж байгаатай холбоотойгоор эмнэлэгт хүргэгдэх, амь насаа алдах байдал нэмэгдсээр байна. Тухайлбал, энэ оны долдугаар сарын 23-наас хойшхи 14 хоногийн хугацаанд 96 хүн амиа алдаад байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 4 дахин өссөн үзүүлэлт болж байна.

Харин сүүлийн гурван сарын үзүүлэлтийг харвал хэт халалтын улмаас нас барсан хүний тоо 125-д хүрч, эмнэлэгт хүргэгдсэн хүний тоо 57 мянга давсан байна. хэт халалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор эрх баригчдын зүгээс иргэдээ гадагш гарахгүй байх, шингэн юм сайн уух, боломжтой бол сэрүүцүүлэгч буюу air conditioner байнга хэрэглэж байхыг зөвлөж байна.

Явган хүний замыг сэрүүцүүлж, хүн явах боломжтой болгохын тулд Ёкохомагийн төв гудамжинд оршин суугчид нь ус цацаж байгааг харж байна.

Гэвч ингэснээр температурыг ердөө 2 градусаар бууруулж байгаа. Гэлээ гэхдээ өмнө нь хүн ямах боломжгүй халж байсантай харьцуулахад арай дээрдэж байгааг оршин суугчид хэлж байна.

Оршин суугчдын ярьснаар "Нарны гэрэл маш хурц, хүчтэй байгаа нь явган хүний замаар явахад маш хүндрэлтэй болгосон. Тиймээс оршин суугчид борооны ус цуглуулан замаа чийгчүүлэх арга хэмжээ авч эхлээд байгаа нь байдлыг бага ч болтугай дээрдүүлж байна" гэв.

2020 оны олимпийг зохион байгуулагчийн хувиар Токиод олимпийн бэлтгэл ажил ид эхэлсэн үеэр хэт халалт үргэлжилж байгаа нь ихээхэн бэрхшээл учруулж байна. үүнтэй холбоотойгоор Токио хот олимпийн наадмыг зохион байгуулж чадах уу үгүй юу гэсэн эргэлзээтэй асуултууд гарч ирэх болсон.

Токио 2020 нь долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болох юм. Энэ үед агаар хэт халбал тамирчдын өрсөлдөх боломжийг хааж, тэмцээн уралдаанууд зогсож болзошгүй байна.

1964 оны Токиогийн олимп аравдугаар сард болж байсан түүхтэй. Тухайн үед хэт халуунаас сэргийлэхийн тулд олимпийн наадмыг намрын улиралд зохион байгуулж байжээ.  

Үүнээс гадна хэт халуунаас үүдэж ажил олгогчид ажилтнууддаа заавал албан байранд өөрийн биеэр очилгүй, гэрээсээ ажлаа хийх боломжийг олгосноор ажлаа онлайнаар холбогдон хийх байдал Япон улсад түгээмэл болж эхэлж байна.

2013 оны наймдугаар сард Кочи мужид агаарын хэм 41 хүрсэн нь өмнөх дээд үзүүлэлт байжээ. Агаарын хэмийг Японд 1896 оноос хойш бүртгэж эхэлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Дагвадорж минь дээ цаана чинь ах дүү нар чинь үес ус,халуун нар зэрэгт олноороо эндэж байна. Та дараагийн гар сунгалтаа хийнэ гэж найдаж байна гэнэ шүү!!! Япончууд

    0 0 Хариу бичих