“Нүүдэлчин Монгол” наадам энэ сарын 10-12-нд Хүй долоон худагт болно

Соёлын өвийг хамгаалах тухай хууль, ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенци, салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой нүүдэлчин монгол наадам энэ сарын 10-12-ны өдрүүдэд болно.

“Соёлын биет бус өвийн их наадам” болон “Үндэсний спортын VI их наадмын анхан шатны шалгаруулалт сум, дүүрэг, аймаг, нийслэлд энэ онд зохион байгуулагдсан. Харин II шатны шалгаруулалт буюу “Нүүдэлчин Монгол” наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 400 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 орчим үндэсний спортын тамирчид нутаг нутгаараа отоглон бууж өрсөлдөх юм.

Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат "Манай соёлын биет бус өвийн наадам эдийн засгийн нөхцөл байдлаас болж 2011 оноос тасалдсаар энэ жил БСШУСпортын сайдын тушаалаар дахин зохион байгуулахаар боллоо.

Улс орны хэмжээнд зохион байгуулагдах учир цаг хугацаа болон зардал мөнгөө хэмнэж "Нүүдэлчин Монгол" наадам нэрийн дор Үндэсний спортын их наадмыг хамт зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэ нь наадам гэхээсээ илүү өв соёлоо үр хойчдоо байгаагаар нь үлдээхийг чадан ядан гүйцэлдүүлж байгаа нэг ажил гэж ойлгож болно. Бид дэлхийд байхгүй өв соёлтой ард түмэн. Тиймд уламжлалт соёлын өв тээгчийг сурталчилж, хамгаалах энэ үйл ажиллагаанд өргөнөөр оролцохыг урьж байна" гэв.      

БТСГ-ын төрийн захиргаа удирдлага санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр "Залуучуудад Монголын үндэсний спортын олон төрлүүдийг нэг дороос бүгдийг нь үзэх, Монголын соёл урлагийг залуучуудад үзүүлж таниулах нь бидний гол зорилго. Бид зардал мөнгөө хэмнээд анх удаа ийм томоохон наадмыг хамтраад хийх гэж байна. Наадмын үеэр ардынхаа уламжлалт зүйлсийг нэг дороос үзэж, тоглож наадах боломжтой. Маш олон жилийн өмнө гээгдчихсэн бидний уламжлалт наадгайг сэргээн тоглох болно. Бидний сонсоогүй үзээгүй ч уламжлалт наадгай, спортын төрөл ч гарч ирнэ" хэмээн ярилаа.

Энэ үеэр Соёлын биет бус өвийн ай савд багтах  “Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах юм. Уг үзэсгэлэн худалдаа нь Монгол түмний уламжлалт гар урлал, уран бүтээлийн уламжлалт арга барилыг хойч үед өвлүүлэн уламжлуулах, гар урчууд, бизнесийн байгууллагын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх,  гар урчуудыг алдаршуулах, гар урлалын бүтээл, бүтээгдэхүүнийг олон нийтэд худалдаалах боломжийг бүрдүүлэх зорилготой юм. Төсвөөс уг наадмыг зохион байгуулахад зориулж 250 сая төгрөг төсөвлөсөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. яасан дуусдаггүй наадам бэ ?????????????????????? ийм дампуу улс яаж хөгжих вэ дээ

    0 0 Хариу бичих
  2. Zailuul muu Hurelsukhiig tooj baigaa amitan neg ch algaa, durtai ni naadam hiij baina, iim ES baih hereg baigaa ch yum uu

    1 0 Хариу бичих