Б.Янжмаа: Аль ч кофе шопт ашиглаж байгаа төхөөрөмж дээр бид ажиллах чадвартай

Харааны бэрхшээлтэй бариста ажилладаг кофе шопыг байгуулж,
ажиллуулсан анхны улс нь Солонгос бол манай орон Café More кофе шопын
франчайзын гэрээт салбарыг нээсэн хоёр дахь улс болж байна.

Харааны бэрхшээлтэй бариста ажилладаг Café More кофе шоп нээгдэн үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 2 сарын хугацаа өнгөрчээ. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Солонгосын Шилоам харааны бэрхшээлтэй иргэдийн халамжийн нийгэмлэг, КOICA олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд нээгдсэн уг кофе шопоор зочилж Бариста Б.Янжмаатай ярилцлаа.

Монголын анхны харааны бэрхшээлтэй бариста бэлтгэх сургалтанд хэрхэн хамрагдсан талаар яриагаа эхлэе?

Бариста Б.Янжмаа: 2015 онд анх Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны удирдлагууд солонгос улс харааны бэрхшээлтэй бариста бэлтгэж ажлын байраар хангадаг талаар мэдээллийг олж мэдээд улмаар солонгос улстай энэ талаар харилцаа холбоо үүсгэсэн гэдэг. Улмаар 2017 онд монгол улсад маань ийм төсөл хэрэгжихээр болсон. Гэрээ хэлцэл бүтэмжтэй болж баристагийн сургалтаа эхлүүлэхээр харааны бэрхшээлтэй буюу сул харж байгаа гишүүд рүүгээ холбогдсоны нэг нь би байсан. Ийм сургалт эхлэх гэж байна, өөрт чинь суралцах боломж, хүсэл байна уу гэхэд нь дуртайяа хүлээн авсан. Ингээд баристагийн сургалтанд 4 сарын хугацаанд хамрагдаж мэргэжил эзэмшлээ.  Дөрвөн сарын хугацаанд бид бариста хүний эзэмших ёстой анхан шатны суурь ойлголтыг авахын зэрэгцээ бидний харах чадвар алдагсан байгаа онцлогоос хамаарч дуу чимээгээр ялгаж баримжаалах гэсэн дадлуудаа олж авсан. Одоо монголын анхны харааны бэрхшээлтэй бариста бүхий Café More кофе шопт ажиллаж байна.

Дөрвөн сарын хугацаанд бид бариста хүний эзэмших ёстой анхан шатны суурь ойлголтыг авахын зэрэгцээ бидний харах чадвар алдагсан байгаа онцлогоос хамаарч дуу чимээгээр ялгаж баримжаалах гэсэн дадлуудаа олж авсан.

Баристагийн сургалтыг солонгос бариста заасан уу?

Сургалтыг монголдоо баристагаар 7-8 жил ажилласан мэргэжлийн монгол бариста бидэнд сургалт оруулж бүхнийг заасан. Мэдээж хэрэг сургалтын санхүүжүүлэгч нь солонгосын Койка олон улсын байгууллага байсан. Энэ төслийг хэрэгжүүлдэг байгууллага нь солонгосын Шилоам гээд харааны бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэг байгаа.

Энэ кофе шоп маань албан ёсоор нээгдэхийн зэрэгцээ төрийн байгууллага, тэр дундаа Хөдөлмөрийн яаман дотроо байгуулагдсан нь төр засгаас энэ боломжийг дэмжиж байгаагийн нэг хэлбэр гэж бодож баяртай байдаг.

Тэр нийгэмлэг маань 2008 оноос анх харааны бэрхшээлтэй хүмүүсийг баристагаар сургаж хөдөлмөр эрхлэх зах зээлд нийлүүлэх боломжтой юм байна гэдгийг олж харж анх төслөө хэрэгжүүлсэн байдаг. Одоогоор солонгост 6 харааны бэрхшээлтэй бариста ажилладаг 6 кофе шоп ажиллаж байгаа нь дэлхийд анх удаа гэж тэмдэглэгддэг. Харин манай монгол улс 2 дахь орноор бичигдэж байна. Энэ төсөл маш амжилттай хэрэгжиж байгаа төсөл юм. Энэ кофе шоп маань албан ёсоор нээгдэхийн зэрэгцээ төрийн байгууллага, тэр дундаа Хөдөлмөрийн яаман дотроо байгуулагдсан нь төр засгаас энэ боломжийг дэмжиж байгаагийн нэг хэлбэр гэж бодож баяртай байдаг.

Баристаг сургаж ажиллуулна гэдэг санаачлага солонгос, монголын талын алинаас эхэлж гарсан бол? 

Би сайн мэдэхгүй байна. Магадгүй Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо хөөцөлдөж яваад харааны бэрхшээлтэй иргэдийнхээ ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажилласан болов уу даа. Солонгос улсдаа энэ төсөл маань төрийн байгууллагуудад кофе шопоо нээж ажиллуулдаг онцлогтой. Тэр жишгийг ч монголд хадгалж ажиллаж төрийн байгууллагуудаа түшиглэн кофе шопоо нээсэн. Хоёр дахь салбар маань удахгүй нээгдэхээр бэлтгэл ажилдаа орсон.

Өглөө 07:30 гэхэд ажлын байрандаа ирж, машинуудаа халааж бэлтгэлээ хангадаг. Бид 08:00 цагаас эхний захиалгаа авахад бэлэн болсон байдаг гэхүү дээ. Ер нь бол манай яам, төрийн байгууллагын онцлогоос ч тэр үү өглөөгүүр хөл хөдөлгөөнтэй байдаг.

Сургалтаар нийт 16 бариста төгссөн гэлээ. Танай салбар дээр хэд нь ажилладаг вэ?

Яг энэ салбар дээр 4 бариста ажиллаж байна. Бусад маань энд тэнд кофе шопт ажиллаж байгаа. Манай салбарын дөрвөн бариста 2 ээлжээр ажилладаг. Энэ төслийн нэг онцлог нь харааны бэрхшээлтэй хүн ажлын байртай болохын зэрэгцээ нэг хараатай хүн давхар ажилтай болдог. Тэр хараатай хүн маань манай кофе шопын менежерийн ажлыг хийдэг. Бидний хувьд харах талаасаа тодорхой хувийн чадвараа алдсан байгаа. Тиймээс кассын машинтай ажиллахад бэрхшээл үүсч байгаа. Тэр орон зайг тухайн хараатай хүн маань нөхөж касстай харьцах гэх мэт ажлуудыг хийдэг.  Ингээд 4 бариста, 1 менежертэйгээр үйл ажиллагаа явуулж байна

Нээгдээд хоёр сар болжээ. Ашиг орлого нь хэр байна, үйл ажиллагаа нь тогтворжсон уу?

Гайгүй дээ. Ер нь бол манай кофе шоп таван яамны дунд үйл ажиллагаагаа явуулдаг. Тэр ч утгаараа хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлсэн байгаа. Тэрний зэрэгцээ хурал уулзалт семинар чуулганы цайны завсарлагаанд катерингийн үйлчилгээ нэвтрүүлэхээр санал тавьж эхэлсэн. Бид өглөө 08:00-18:00 цаг хүртэл ажилладаг. Ингэхийн тулд өглөө 07:30 гэхэд ажлын байрандаа ирж, машинуудаа халааж бэлтгэлээ хангадаг. Бид 08:00 цагаас эхний захиалгаа авахад бэлэн болсон байдаг гэхүү дээ. Ер нь бол манай яам, төрийн байгууллагын онцлогоос ч тэр үү өглөөгүүр хөл хөдөлгөөнтэй байдаг. Тэрнээс өдрийн хоолны үеэр ч юмуу ачаалал тийм ч их байдаггүй. Харьцангуй яг энд олон хүнд шууд үйлчилнэ гэхээс илүү хүргэлтээр хүргэж байгаа.

Хүргэлтийн үйлчилгээнийхээ талаар илүү тодруулж ярих уу?

Таваас дээш аяга кофенд хүргэлт хийж байгаа. Таван яамддаа, ойролцоох бусад байгууллагууддаа хүргэлтийн кофегоор үйлчилдэг. Бид өөрсдийн 85208696 дугаар дээр захиалгаа авч чэк лист хийж хоёр баристагийн маань нэг нь хүргэлтээ хийдэг. Менежер хүргэлтийн захиалгаа хүлээн авдаг. Зөвхөн хүргэлтийн үйлчилгээнээс гадна хурал, уузалт, семинарын үед цайны завсарлагын катерингийн үйлчилгээ үзүүлэхээр санал тавьж эхлэсэн. Ийм цайны завсарлагын үйлчилгээ авах бол бидэнд хандахад нээлттэй, уриалгахан хүлээж авна.

Баристагийн сургалтанд сууж кофе шопт ажиллахаас өмнө ямар нэгэн байдлаар хөдөлмөр эрхэлж байсан уу?

Яахав бичиг цаас, сайн дурын ажил хийдэг байсан. Гэхдээ тухайн үед тогтсон орлого гэхээр зүйл байгаагүй гэж хэлж болно.

Ийм ажлууд хийгээд өрхийн орлогод хувь нэмрээ оруулах байдал хэр байв. Одоо бариста болсноор ямар өөрчлөлт гарсан бол? 

Ер нь бол аль ч улс оронд залуу хүмүүс хөдөлмөр эрхэлж өөрийн хүчээр санхүүгийн эрх чөлөөнд хүрснээрээ бас нэг хөгжих боломж нээгддэг. Амьдрал нь илүү баталгаатай болдог гэсэн утгаараа хөдөлмөрийн зах зээлд кофе шопын зах зээл орж ирсэн нь шинэ тутам боловч ач холбогдол өндөртэй үйл явдал болж байна гэж би боддог. Миний хувьд өмнө нь тогтсон орлого байгаагүй. Одоо бол тогтмол орлоготой болж эхэлж байна. Тогтвортой ажлын байр, тогтмол орлого өөрөө хүний амьжиргааны хамгийн том суурь болдог. Заавал ХБХ байхдаа гол нь биш залуу хүн бүрийн хүсч байгаа зүйл нь санхүүгийн эрх чөлөөнд хүрч бусдаас хараат бус, бие даасан болох шүү дээ.

Бариста болохоос өмнө өөрийн тань кофены тухай мэдлэг, хэрэглээ хэр байсан бол?

Кофег үрээр тарьж, хуурч бутлаад хэрэглэдэг гэдэг тал дээр ямар ч ойлголтгүй, бариста хүн гэж хэнийг хэлдгийг ч ойлгодоггүй байсан. Би өөрөө 2015 онд жижиг кофе шоп гэж нэрлэхүйц булан хүртэл ажиллуулж үзсэн. Гэхдээ тухайн үедээ кофе шоп гэдэг стандартын дагуу, жинхэнэ кофе гэдэг зүйлийг нэвтрүүлээд ажиллаж байсан уу гэвэл үгүй байжээ. Тэгээд одоо 4 сарын хугацаанд суралцаад, жинхэнэ утгаар нь кофе шопын салбарт ажиллаж байгаагаа харахад тэнгэр газар шиг ялгаа байгааг олж харж байна. Эрүүл мэнд, шинжлэх ухааны судалгаагаар хүний эрүүл мэндэд тустай хүнсний бүтээгдэхүүний дотор кофе ордог. Орох орохдоо яг үрээр нь хэрэглэх нь хамгийн ач тустай гэж тогтоосон байгаа. Хүний эрүүл мэндэд хэрэгтэй ийм ундааг яаж хийх аргыг сураад хүмүүст хүргэж буйдаа маш баяртай байна.

Харааны бэрхшээлтэй иргэд бариста хийж байна гэхээр кофе бутлах, чанах төхөөрөмж нь тийм хүмүүст зориулагдсан тусгай төхөөрөмж байдаг юм болов уу? Эсвэл энгийн бусад кофе шопуудын ашигладаг шиг ижил стандарттай төхөөрөмж байдаг болов уу гэдэг нь сонирхолтой санагдаж байна л даа?

Аль ч кофе шопт ашиглаж байгаа төхөөрөмж дээр бид ажиллах чадвартай. Манай кофены машинууд ч гэсэн бусад кофе чанагч төхөөрөмжтэй ижил стандартынх гэсэн үг. Бид нар яагаад харааны бэрхшээлтэй баристатай кофе шоп гэж онцгойлон дурдаад байна вэ гэвэл 2-3 талтай асуудал юм л даа. Бид сургалтаа төгсөөд шууд хөдөлмөрийн зах зээлд гарахад хүмүүс хүлээж авах хувь нь хэр билээ. Харин ийм онцгойлон дурдсан кофе шоп байгаа нь энэ хүмүүс яг баристатай адил ажиллах чадвартай юм гэдгийг хүмүүст таниулах ач холбогдолтой. Ямарваа зүйл хөрсөндөө буугаад цаг хугацааны явцад танигдаж, хүмүүст тухайн ойлголт нь түгэх тийм цаг хугацаа хэрэгтэй юм гэж ойлгож байгаа. Гагцхүү бидний хувьд аюулгүй ажиллагаагаа хангах нь чухал. Бүх зүйлийг баримжаа, мэдрэмж, чимээгээр гэдэг ч юмуу хийдэг учир тогтсон нэг газар аягаа тавьж хэвших, хэрэглэж байгаа эд зүйлс нь тухайн тогтсон байрандаа л байдаг байх хэрэгтэй. Магадгүй тухайн тогтсон байрнаас өөр газарт тавьчихвал дараа нь олж авахад саадтай. Тиймээс яг тогтсон газар эд зүйлсээ байрлуулж хэвшихээс эхлээд тохируулгатай ажлын байрны онцлог гардаг. Тэрнээс өөр содон сонин зүйл бидэнд байхгүй.

Сургалтанд суугаад бэрхшээж, шантрах үе гарч байв уу?

Шантрах зүйл байгаагүй. Яагаад гэвэл өдөр бүр шинэ зүйл суралцаж, дадлагажих хугацааг ч боломжийг уртаар олгож өгч байсан нь бидний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, нээрээ би энэ салбарт ажиллах боломжтой юм байна, чадах юм байна гэдэг итгэл улам батжиж байсан. Харин хэцүү зүйл байсан уу гэвэл байсан. Сүүгээ хөөрүүлэх чимээгээ чагнахдаа анхны үед чимээгээ барьж авч чадахгүй сүүгээ буцалгаж орхих гэх мэт асуудал гарч байсан. Гэхдээ аяндаа арга барилаа олж авч байгаа юм. Хэдийгээр ерөнхий нэг стандарт байгаа боловч тэр сүүгээ хөөрүүлж байгаа Б.Янжмаа гэдэг хүний арга барил нь өөр. Тэр өөрийн гэсэн арга барилаа олж авахд 2-3 сар хэрэгтэй байсан. Одоо бол тэгэж халшрах зүйлгүй болсон. Гэсэн хэдий ч илүү чадавхжихийг хүсч байна. Баристагийн ажил маань нэг талаар хийнгээ суралцах процесс шүү дээ. Тиймээс ажлын байран дээр гараад илүү олон хүнд кофегоо хүргэх хэрээр ийм зүйлийг ингэвэл зүгээр юм гэсэн сайжруулалтыг хийж, илүү дадлагажиж явна даа.

Монгол улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй иргэд сургалтанд хамрагдаад ажлын байртай болох боломж 30 хувьтай байдаг гэдэг?

ХБХ хүмүүсийн дунд дээд сургууль, коллеж төгссөн, 10 жилээ төгсөөд богино хугацааны сургалтанд сууж ажлын байранд гарсан нэгэн ч бий. дэлхий нийтээр ХБХ, тэр дундаа харааны бэрхшээлтэй хүмүүст ажлын байрыг гаргахад хамгийн том бэрхшээл тулгардаг. Хэдий тийм ч энэ ажиллах хөдөлмөр эрхлэх орон зайг нэмэгдүүлэхээр бага гэж чамлалтгүй хичээл зүтгэл гаргасаар байдаг. Монголын харааны бэрхшээлтэй иргэдийн дийлэнх нь бариа засал хийдэг байсан бол одоо кофе шопын салбар нэмэгдлээ. Цаашдаа олон салбарт бид хөдөлмөр эрхлэх зам нээгдэх байх гэж харж байна. Гэхдээ тэр нь тийм богино хугацаанд гарах өөрчлөлт биш байх л даа. ХБХ хүмүүсийн хувьд тохируулгатай ажлын байр гэдэг нэг ойлголт байдаг. Жишээлбэл их, дээд сургуульд суралцаж мэргэжил эзэмшин төгслөө. Тухайн мэргэжлээрээ төрийн алба, хувийн хэвшлийн хаана ч ажилласан бай тухайн харааны бэрхшээлтэй иргэний харааны онцлогоос шалтгаалан тохируулгатай ажлын байр шаардагддаг. Тайлбарлавал, оффист сууж ажилладаг байлаа гэхэд компьютер нь ярьдаг програмтай байх, хэвлэмэл зүйлсийг сканнердаж текст хэлбэрээр компьютерт оруулахад ярьдаг програмаар сонсож танилцах зэргээр харааны бэрхшээлтэй ажилтны ширээн дээр хэзээ ч хэвлэмэл материал ирдэггүй. Бидний ажлын үйл явц нь тэгэхээр тэр нэг тусгай хэрэглэлээр дамжаад байгаа биз. Үүнээс гадна байгууллагын дотоод, гадаад орчинд харааны бэрхшээлтэй иргэн чөлөөтэй зорчих дасах бодит боломжит хугацааг надад олгоод, хэн нэгэн надад хөтөч болж туслах зэргийг тохируулгатай ажлын байр гэж нэрлэж байгаа юм. Тухайлбал солонгос улсад хөдөлмөр зуучлалын төвд харааны бэрхшээлтэй иргэн хандлаа гэхэд компьютерийн сургалтанд суулгаж магадгүй би өмнө нь мэргэжил эзэмшсэн бол тухайн мэргэжлийн дагуу аль нэг төрийн байгууллагад зуучилж өгдөг. Ингэхдээ намайг ажилд оруулаад мартчих биш 6 сараас жил хүртэл хугацаанд тэр ажил олгогчтой нь уялдуулж өгдөг. Энэ ажилтны маань харааны онцлог, ийм хардаг, ийм хэрэгцээ шаардлага ажлын байранд тулгарч болзошгүй, хэрэв танай цахилгаан шат хэдэн давхарт зогсож байгааг, хаалга нээгдэж хаагдсан эсэхийг автоматаар хэлдэггүй бол тийм байдалд шилжүүлбэл энэ хүн ажлын байрандаа саадгүй зорчих боломжтой, тэр боломжийг хангаж өгөөрэй гэхчилэн зааварчилж өгдөг. Ингэснээрээ тухайн харааны бэрхшээлтэй ажилтан өөрийнхөө гэрт чөлөөтэй зорчдог шиг ажлын байрандаа дасан зохицох үйл явц явагддаг. Эндээс харахад хамтарч ажиллах нь ажил олгогч, ажилтан, хөдөлмөр зуучлалын албаны ажилтан гэсэн гурвалсан байдлаар явагдаж байгаа биз. Үүний цаана юу харагдаж байна вэ гэхээр бодитой орон зай байгаа юм. Ажилд зуучилж оруулж өгөөд орхих биш тэр ажлын байрыг тохируулгатай болох хүртэл ажил олгогч нарт ойлголт өгч дэмжиж байна, ажилд орж буй харааны бэрхшээлтэй иргэнийг тухайн орчиндоо дасахад нь дэмжлэг үзүүлж байна ингээд энэ бүхний огтлолцол дээр ажил олгогч нэг хүнийг ажилтай болгож, нөгөө хүнд ч хүссэн мэргэжлээрээ ажиллаж нийгэмдээ хувь нэмрээ оруулах бодит боломж бүрдэж байна. Харамсалтай нь манайд ажилд орж болно нээлттэй гэдэг. Эсвэл Үндсэн хуулиндаа хүн бүр сурч боловсрох эрхтэй гэж заасан ч бид нар хүссэнээрээ дээд боловсрол эзэмшиж чадаж байгаа билүү? Их, дээд сургуулиудын номын сангийн хэдэн хувьд нь баррель ч юмуу ярьдаг номтой вэ гэхчилэн манай улсын хувьд учир дутагдалтай зүйл их бий. Үүн дээр нэмээд гурван талын уялдааг хангаж өгч ажилладаг байдал манайд дутагдаад байгаа юм. Магадгүй үүнд манай монголчуудын нэг хүний асуудлыг авч хэлэлцдэггүй, тоодоггүй бол тав, арвуулаа болоод асуудлаа хэлэхэд сонсож эхлэдэг байдал нөлөөлдөг байх. Уг нь хүний эрхийн үүднээсээ нэг хүн байсан ч тэр хүний асуудлыг ажил хэрэг болгон шийдвэрлэж өгөх, тухайн хүний асуудлыг шийдвэрлэхэд анхаардаг хандлага дутмаг байдаг.

Жич: Café More кофе шоп нь Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны байранд байрладаг тул үйлчлүүлэхдээ төрийн албанд нэвтрэхэд шаардагддаг иргэний цахим үнэмлэхтэй байх хэрэгтэй болохыг сануулах байна.

Кофе шопын тоног төхөөрөмж, тохижилтыг Койкагийн 100 хувийн санхүүжилтээр хийжээ. Цаашид олох ашгаараа өөрсдийгөө санхүүжүүлж үйл ажиллагаагаа явуулна гэсэн. Тэгвэл санхүүгийн асуудлыг хэн зохицуулж, барьдаг, хэн удирддаг юм бол гэдэг нь сонин байна л даа?

Манай кофе шоп “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо” ТББ-ийн харьяа байгууллага болж явдаг. Тэгэхээр эзэнгүй орхигдож буй зүйл биш.

Хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэн гэдэг нэршлийг бид төдийлөн сайн ялгадаггүй?

Хараагүй, харааны бэрхшээлтэй гэдэг нэр томьёоны алинийх нь ч цаана харааны асуудалтай хүмүүс бий. Жишээлбэл гэрэл мэдэрдэггүй, бүрэн хардаггүй, мөрөө л хардаг байж болно, ерөнхийгөөр хардаг, төвийн ч юмуу захын хараатай гээд янз бүрийн байдлаар харааны эмгэгтэй хүмүүсийг хамааруулж үзнэ. Монгол улсын хувьд нэр томьёон дээр асуудал болгож ярьдаг. Гэхдээ эцсийн бүлэгт бид адилхан л хүн шүү дээ. Харах байдлын хувьд дотроо ялгаатай юу гэвэл ялгаатай. Тэр ялгаанаасаа үүдээд хэрэгцээнүүд нь өөр. Жишээлбэл би сул харж байна. Автобусны хаяг хардаггүй ч юмуу. Тиймдээ  ч өглөө бүр ажилдаа ирэхдээ энэ хаашаа явдаг автобус вэ гэж хүмүүсээс асууж туслалцаа авдаг. Хамгийн тодорхой жишээ гэхэд л автобусны карт байна. Энэ картаараа суухад өндөр настан, хүүхэд, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, баярлалаа гэхчилэн өөр өөрөөр хариулдаг. Яагаад хэн ч байсан баярлалаа гэдэг үгээр автобусаар үйлчлүүлж болдоггүй юм бол гэж боддог. Ардчилсан нийгэмд аливаа төрлийн алагчлалаас ангид нийгмийг бий болгоно гэдэг, тийм нийгэмд амьдрахыг бид хүсдэг. Тиймдээ ч автобусны карт хүртэл бусдаас онцгойлон дуудаж буй байдлыг халаасай гэж хүсдэг. Магадгүй зөвхөн бид ч биш өндөр настай гэж цоллуулахыг хүсдэггүй ахмад хүмүүс байж болно шүү дээ. Бүгдэд нь баярлалаа гэхэд болохгүй гэх зүйлгүй. Статистик мэдээллийг нь цуглуулах шаардлагатай юм бол өнөөх төхөөрөмжийнх нь цаад хянадаг самбарт тэр тоо нь гарч болохгүй гэж. Ийм жижиг гэлтгүй зүйлс намайг бухимдуулдаг. Хэн байгаагаасаа, хаана амьдарч, юу хийдгээсээ үл хамаараад хүн бүр аливаа хэлбэрийн алагчлалаас ангид нийгэмд амьдрахыг хүсдэг нь ганцхан Б.Янжмаагийн асуудал биш л дээ, энэ бол иргэн бүрт хамаатай зүйл гэж бодож байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)