Буриад судлалын академийн 10 жилийн ой болно

Буриад ардын ёс заншил, түүх соёл, хэл, угсаатан судлалыг хөгжүүлэхээр сэтгэл санаа нийлсэн хэсэг эрдэмтэд Буриад судлалын академийг үүсгэн байгуулснаас хойш 10 жил өнгөрчээ. Тус академи нь буриад судлалыг Монгол Улсад болон олон улсын түвшинд хөгжүүлэх эрхэм зорилготой бөгөөд буриад судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхэлж буй Монгол Улсын иргэн судлаач, эрдэмтдэд бүх талын дэмжлэг үзүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, гадаад дотоодод мэргэжил дээшлүүлэх, сурч боловсроход нь туслах чиглэлээр олон ажлуудыг өнгөрсөн 10 жилд хийжээ.Мөн буриадын түүх, хэл соёл, угсаатан, зан заншил, аман болон утга зохиолыг шинжлэх ухааны аргазүйн үүднээс сурвалжлан цуглуулж, судлан тодорхойлох, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор “Буриад судлал” сэтгүүлийг эрхлэн гаргаж ирсэн байна.

Буриад судлалын академийн 10 жилийн ойд зориулсан “Буриад судлал: Өчигдөр, өнөөдөр, маргааш” сэдэвт эрдэм шинжилгээний хурал энэ сарын 22-ны бямба гаригт одон орон судлалын Хүрэлтогоот цогцолборт болох ажээ. Уг  эрдэм шинжилгээний хуралд Буриад судлалын академи, Монголын буриадын төв холбоо, буриад өв соёл, уламжлалыг хөгжүүлэх сан зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон ШУА, МУБИС, СУИС, МҮИС зэрэг их, дээд сургуулиудын төлөөлөл, буриад судлалын эрдэмтэн судлаачид, ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцох юм байна.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)