Озоны давхаргыг хамгаалах өдрөөр “Эх дэлхийгээ сэрүүн байлгах"-ыг уриална

Жил бүрийн есдүгээр сарын 16-нд Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиодог. Энэхүү өдрийг угтан БОАЖЯ-наас хэвлэлийн бага хурал хийлээ. Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ жил Монреалийн протоколын Нарийн бичгийн дарга нарын газраас озоны давхаргаа үргэлжлүүлэн хамгаалахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийг багасгах үйл хэргээ түргэсгэж, “Дэлхийгээ сэрүүн байлгах үйл хэргээ үргэлжлүүлье” хэмээх уриалга дэвшүүлсэн байна.

Озоны давхарга, уур амьсгалыг хамгаалах нь зөвхөн дан ганц Засгийн газруудын үүрэг хариуцлага биш. Хүн бүр өөрсдийн хөргөгч, агааржуулагч зэрэг бусад хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн хэрэглээндээ хариуцлагатай хандсанаар энэ үйл хэрэгт хувь нэмрээ оруулж болно. Эдгээр төхөөрөмжийг зохистой ашиглаж, зөв засвар үйлчилгээ хийлгэж, зохистой хаяж устгавал хэрэглэх эрчим хүч болон гарах ялгарлыг нь багасгаж чадах ба мөн та хэтэвчин дэх мөнгөө хэмнэх боломжтойг хэвлэлийн бага хурлын үеэр мөн уриалсан юм.

Монгол Улс 1996 онд Озоны давхаргыг хамгаалах Венийн конвенц, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд нэгдэн орсон бөгөөд озоны давхаргыг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байна. Тухайлбал манай улс 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс хлорфторт нүүрстөрөгчийн төрлийн озон задалдаг бодисын импорт, худалдааг бүр мөсөн тэглэсэн. Мөн 2011 оноос дараагийн шатны зорилт болох гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ажээ. Цаашид Кигалийн нэмэлт өөрчлөлтөд нэгдэн орж гидрофтортнүүрстөрөгчийн төрлийн бодисын хэрэглээг бууруулахаар төлөвлөжээ.

БОАЖЯ цаашид хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн суурилуулалт, засвар үйлчилгээний техникийн ажилтнуудад аюулгүй ажиллагаа, мэргэжлийн ур чадвар, тусгай мэдлэг олгож, озон задалдаг болон түүнийг орлуулах бодисыг агаарт алдалгүйгээр зөв зохистой засвар үйлчилгээ хийх чадавхийг эзэмшүүлэх гэрчилгээжүүлэлтийн системийг нэвтрүүлэхээр ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвтэй хамтран ажиллаж байгаа юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)