Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Соёлын элч” нартай уулзаж, ярилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын соёлын элчээр томилогдон ажиллаж байгаа соёлын зүтгэлтнүүдийг хүлээн авч уулзлаа.
 
Монгол Улсын болон гадны орнуудын нэр хүнд бүхий нийгэм соёлын зүтгэлтнүүд болох соёлын элч нар нь түүх, соёл урлаг, өв уламжлал, аялал жуулчлал, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшлийг олон улсад сурталчлан таниулах чиглэлээр ажилладаг бөгөөд анхдугаар чуулганаа хийж байгаа юм.
 
Энэ хүрээнд Улаанбаатар хотод цугласан соёлын элч нар харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан юм.
 
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын соёлын элч хэмээх өндөр хариуцлагатай, хүндтэй үүргийг нэр төртэй гүйцэтгэх, өөрийн амжилт бүтээл, ажил үйлсээрээ дамжуулан Монгол орныг гадаадад сурталчлан таниулж байгаа гадаад улсын болон Монголын соёлын элч нарт талархал илэрхийллээ.
 
Мөн Монгол Улсын нийгэм, эдийн засаг, соёл, урлагийн талаарх мэдээлийг тогтмол авч, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт харилцаатай ажиллаж, соёлын элч нарыг санаа зорилго, төлөвлөгөө, үйл ажиллагаагаа төр засгаас баримталж буй бодлоготой уялдуулан ажиллахыг хүслээ. Түүнчлэн аялал жуулчлал, соёлын чиглэлээр баримталж буй бодлогоо танилцуулж, энэ хүрээнд соёлын элч нартай дэлгэрэнгүй ярилцсан юм.
 
Уулзалтын төгсгөлд соёлын элч нар нэгдсэн мэдээлэлтэй болох, байнгын уяалдаа холбоог сайжруулах алхам хийж эхэлсэнд талархалтай хандаж буйгаа хэлж, Монгол Улсын соёл урлаг, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хичээн ажиллахаа уламжлав.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)