Ажилтнаа хугацаанаас нь өмнө тэтгэвэрт гаргасан даргыг эрүүгийн хуулиар шийтгэнэ

ОХУ-ын төрийн Дум тэтгэврийн насанд хүрээгүй ажилтнаа хууль бусаар халсан удирдах албан тушаалтанд эрүүгийн хариуцлага ногдуулдаг болох тухай хуулийн төслийн анхны уншлагыг хийж, хэлэлцэхийг дэмжжээ. “Тэтгэврийн насанд хүрээгүй ажилтнаа үндэслэлгүйгээр халах, ажиллуулахаас татгалзах” гэж нэрлэгдсэн энэхүү хууль батлагдвал ОХУ-ын Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт болж орох юм байна. Тэтгэвэрт гарахад тав хүртэлх жил дутуу байгаа ажилтан албан хаагчид энэ хуульд хамаарна. Хуулийг зөрчсөн албан тушаалтныг 200 хүртэлх мянган рублиэр торгох, жил хагасыг орлогыг хураах буюу 360 цаг албадан хөдөлмөр эрхлүүлэх шийтгэл хүлээлгэхээр заажээ.

Тэтгэвэрт гарах дөхсөн ахимаг насныхан ажлаас нэгэнт халагдчихвал дахиж ажил олж хийх бараг боломжгүй болдог. Тэднийг энэ эрсдэлээс хамгаалах зорилгоор гаргаж байгаа хууль юм байна. Гэхдээ энэ хуулийг ажил олгогч эзэд дэмжихгүй байгаа бөгөөд ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Александр Шохин “Энэ хууль гарснаар тэтгэвэрт гарах дөхсөн насны ажилтнууд хамгаалагдах ч хуульд хамрагдахгүй /Тэтгэвэрт гарахаас 6-гаас дээш жил дутуу буюу дунд насныхан/ 50-иад настай эрчүүд, 45-аас дээш насны эмэгтэй ажилтнууд ажлаас халагдах эрсдэл нэмэгдэнэ” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.  

Угаасаа Эрүүгийн хуулийн 115 дугаар зүйлд “Жирэмсэн болон гурваас доош насны хүүхэдтэй эмэгтэйг үндэслэлгүйгээр ажлаас халах буюу ажиллуулахаас татгалзвал торгуулийн болон албадан ажил хийлгэх шийтгэл ногдуулна” гэсэн заалт байдаг ч өдийг хүртэл шүүхээр шийдэгдсэн нэг ч тохиолдол гараагүйг А.Шохин иш татжээ.

ОХУ тэтгэврийн тогтолцоондоо шинэчлэл хийж байгаа. Уг өөрчлөлтөөр тэтгэвэрт гарах насыг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа бөгөөд энэ нь олон нийтийн зүгээс төдийлөн дэмжигдэхгүй байгаа юм. Тиймээс В.Путин ахмад настай ажилтнуудыг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх замаар тэтгэврийн шинэчлэлээ урагшлуулах зорилготой гэдэг нь уг хуулиас тодорхой харагдаж байгаа талаар хойд хөршийн хэвлэлүүдэд бичиж байна.   

Тэтгэвэрт гарах насыг эрэгтэй 65, эмэгтэй 60 болгох хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг Төрийн Дум энэ оны долдугаар сард хийсэн юм.   

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)