Боловсролын салбарт "харанхуй" ноёлж байна

-Боловсролдоо хамгийн их хөрөнгө оруулалт хийдэг улсуудын харьцуулалт-

Хүний хөгжил, хөгжлийн үзүүлэлт

Машинд дайруулсан гурван настай хүүхдийн хажуугаар хэнэг ч үгүй өнгөрч яваа хятадуудын видео бичлэг олон нийтэд цацагдаж, дэлхий нийтийг цочирдуулж байсныг уншигчид мартаагүй байх. Дэлхийн хамгийн баян, хүчирхэг гүрэн болохоор тэмүүлж буй Хятад улсын  сул тал ингэж ил гарч ирсэн билээ. Түүнээс хойш хөгжингүй орнуудын зүгээс “БНХАУ үнэхээр дэлхийн гүрэн болох гэж байгаа л юм бол хүний хөгжилдөө илүү анхаарал хандуулах шаардлагатай” гэсэн шүүмжлэл гаргах болсон. Улс орныг бэртэгчин, амиа хичээгчдийн бөөгнөрөл биш, улс шиг улс болгодог зүйл нь хүний хөгжил, нэг үгээр хэлбэл боловсрол гэдэг нь эндээс харагдана. Тэгвэл улс орныг хөгжиж байгааг харуулдаг гол зүйл болох боловсролдоо улс орнууд хэчнээн хэмжээний хөрөнгө зардаг юм бол оо.

Боловсролын салбарт хийх хөрөнгө оруулалт эрт ба одоо

Дэлхийн улс орнууд боловсролын салбарт хийх хөрөнгө оруулалтаа байнга өсгөж иржээ. Дэлхийн дунджаар, боловсролын салбарын зардал, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг хөдөлгөөнт графикаар харууллаа. 1970-2014 оныг хүртэл хамарсан уг графикаас харахад дэлхий нийт боловсролын салбартаа хийх хөрөнгө оруулалт /ДНБ-ий/ 3.0-аас 4.88 хувь болтол өссөн нь харагдаж байна.

Харин Европын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудыг 2015 онд энэ үзүүлэлтээр дараах орнууд тэргүүлсэн байна.

Уг мэдээллээс харахад Норвег улс хамгийн өндөр буюу ДНБ-ийхээ 6.38 хувийг боловсролынхоо салбарт зориулдаг ажээ. Харин манай хойд хөрш 3.09 хувийг боловсролын салбартаа зарцуулдаг аж.

Дэлхийн улс орнууд баян, ядуу янз бүр л байдаг. Эдийн засгийн чадамж нь харилцан адилгүй. Гэсэн ч дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3-6 орчим хувийг яаж ийгээд боловсролынхоо салбарт зарцуулж чаддаг нь эндээс харагдаж байна. Тэгвэл Монгол Улс энэ үзүүлэлтээр дэлхийн хаахна явна вэ.

Монгол Улсын боловсролын салбарын хөрөнгө оруулалт дэлхийтэй харьцуулахад...  

Энэ оны гуравдугаар сард Дэлхийн Банкнаас Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн боловсролын салбарын 2017 оны тайланг танилцуулсан юм. Түүнд  “Монгол Улсын хувьд ДНБ-ийхээ 4.6 хувийг боловсролын салбарт зарцуулдаг нь бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт” хэмээн дурдсан байсан.

Гэхдээ манай улс боловсролын салбарын дэд бүтэц нь хүн амынхаа өсөлтөөс нэгэнт хоцорчихоод хойноос нь хөөж яваа тул зардлын ихэнх нь бүтээн байгуулалт, хувьсах зардалд явчихдаг. Хүн амын бүтэц нь харьцангуй залуу тул бага, дунд, дээд боловсрол эзэмших насныхан бусад улс оронтой харьцуулахад их хувь эзэлдэг.

Дээр өгүүлсэн Дэлхийн банкны тайланд энэ талаар “Зардлын ихэнх нь хувьсах зардалд хуваарилагдан, сурлагын үзүүлэлтэд илүү их нөлөө үзүүлдэг сургалтын хэрэглэгдэхүүн зэрэгт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ бүс нутагтаа доогуур байгаа юм” хэмээн онцолжээ.

Бусад улс орнууд бүх хүүхдээ сургууль, цэцэрлэгт хамруулчихаад ДНБ-ийхээ 4-6 хувийг сургалтын материаллаг баазаа бэхжүүлэхэд зарцуулдаг. Харин бид сургууль, цэцэрлэг барьж, багш нарын цалин, сургуулийн халаалт, цахилгаан төлбөрт хамаг мөнгөө зардаг гэсэн үг. Гадаад улсын цэцэрлэгийн хүүхдүүд төрөл бүрийн тоглоомоор тоглож нааддаг байхад Монголын цэцэрлэгийн хүүхдүүд өдөржингөө зурагт үзэж суудаг, хүүхдэдээ тоглоом бариулаад ангид нь оруулсан эцэг эхэд “Ангид битгий тоглоомтой оруул, булаацалдаж зодолдоно” хэмээн хориглодог нь гашуун ч гэсэн үнэн. Бас сургалтын чанар ямар төвшинд яваа нь ойлгомжгүй.

Боловсролын салбарт харанхуй ноёлж байна

Эцэг эхчүүд энэ талаар “Ерөнхийдөө дэлхийн төвшинд яваа болов уу, манайх орос "школ"-той юм чинь академик тал дээрээ дажгүй байх“ гэсэн ерөнхий ойлголттой явдаг. Олон улсын олимпиадаас медаль аваад ирдэг болохоор гайгүй гэсэн ойлголт төрдөг. Гэтэл олон улсын стандарт сорил гэж байдаг юм байна. Тэнд нь улс орнууд оролцоод, хэр хэмжээгээ мэдээд цаашдын ажлаа төлөвлөдөг. Гэтэл манайх тийм сорилд нь ордоггүй гэнэ. Дахиад нөгөө Дэлхийн банкны тайлангаасаа жишээ авья. Монгол Улсын боловсролын салбарын чанарын талаар уг тайланд “Монгол Улсын хувьд сурагчид олон улсын стандарт сорилуудад хамрагддаггүй тул тэдний сурлагын төвшинг бусад орнуудыхтай харьцуулахад хүндрэлтэй байна” гэсэн байх юм. Төвшингөө мэдэхгүй байна гэдэг салбарын хөгжилд маш хортой гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Дэлхийд биш юм аа гэхэд Азид хаана яваагаа мэддэг баймаар байна.

Багш нар нь ажлаа хаяж, энд тэндхийн багш нарын цалин тийм байна гэх мэтээр барьцаж байгааг бид бүхэн харж байгаа. Гэтэл олгож байгаа боловсрол нь ямар байна гээд харах гэхээр үнэндээ барьц алга байгаа нь дээрх тайлангаас харагдаж байна. Бусад улсын тухайд бол дээр өгүүлсэн  олон улсын сорилуудад ордог тул хэмжээгээ мэддэг. Дэлхийн банк тайландаа “Индонезийн сурагчид бүс нутгийн шилдэг сурагчдын сурлагын амжилтаас 3-аас дээш жилийн хоцрогдолтой байна. Харин Камбож, Зүүн Тимор зэрэг орнуудад хоёрдугаар ангийн нийт сурагчдын гуравны нэгээс илүү хувь нь нэг ч үг уншиж чаддаггүй болох нь унших чадварын сорилын үеэр илэрсэн” хэмээн сайхан харьцуулаад өгчихсөн. Үүнд хамрагдсан, нэр дурдагдсан улсуудыг “Урд байгаа, урагшлах замаа харж байна” гэж зүйрлүүлж ч болох юм. Харин манайхан дотроо л үзэлцээд гадагшаа харахгүй байна. Үүнийг боловсролын салбарт харанхуй байдалтай байна гэж зүйрлэж болно.  

Боловсролын салбарт "гэрэл асаах"-ын тулд яах ёстой вэ

Боловсролын төвшин улс орны эдийн засгаас шалтгаалдаггүй, сурагчийн сурлагын амжилт өрх гэрийн орлогоос хамаардаггүй гэсэн сайхан дүгнэлт, амьд жишээ ч байна. Вьетнам хүүхдүүд сурах чадвараараа Ази төдийгүй Европын өндөр хөгжилтэй улсуудаас хамаагүй давуу гэдгийг “Вьетнам, Хятад (Бээжин, Шанхай, Зянсу, Гуандун мужууд) улсын ядуу өрхөөс гаралтай сурагчид математик болон шинжлэх ухааны хичээлийн аль алинд нь ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын дундаж сурагчийн сурлагын амжилттай харьцуулахад ижил төвшинд эсвэл илүү сайн суралцаж байна” гээд судлаад харьцуулчихсан л байх жишээтэй.  

Манай улсын хувьд сургууль цэцэрлэг хангалтгүй учраас багш нар нь 40-50 хүүхэдтэй зууралдсан өнөөгийн нөхцөлд сурлагын чанараар дэлхийд битгий хэл тивдээ ч үнэлэгдэхэд бараг хол байгаа болов уу даа. Үүнийг бас харанхуй байдал гэж ёгтоор хэлж болно. Тиймээс манай улс тэр олон улсын сорил гээч зүйлд даруйхан хамрагдаж, байраа тогтоолгох хэрэгтэй байна. Монголчууд ухаантай, бусдаас илүү л гээд байдаг. Үнэхээр тийм юм уу гэдгээ харуулж, дэлхийд танигдъя. Багш нарынхаа цалин хангамжийг бас бодолцъё. Эсрэгээрээ, бусдаас хоцрогдолтой байвал төр засаг төсөв зардлаа нэмж, боловсролын агуулга, арга барилдаа анхаарна биз.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)