Бичиг соёлоо дэлгэрүүлэх Үндэсний номын баяр

Сүхбаатарын талбай хөл ихтэй байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Зохиолчдын Эвлэл, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулж байгаа Үндэсний номын баярт  зохиолч, яруу найрагчид, аймаг, нийслэл, орон нутгийн номын сангууд, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газар, ном, эрдмийг сурталчилж түгээн дэлгэрүүлдэг олон байгууллага, уншигчид  оролцож байна. 

Номонд дурлагч хэн бүхэнд энэхүү баяр хүссэн номоо олох тэр бүү хэл хямдралтай үнээр зохиогчийн гарын үсэгтэй нь авах гээд олон давуу талуудыг олгодог.

Түүнчлэн яруу найргийн чөлөөт уншлага, номын төрөлжсөн үзэсгэлэн, шинэ номын нээлт, эцэг эх, хүүхдүүдийг оролцуулсан хөгжөөнт тоглоом, номын бэлэг, урамшуулалтай уралдаан, тэмцээнийг өргөн хүрээнд зохион байгуулна гээд номын баярын бэлэг их.

Үндэсний номын баярын үеэр Ардын уран зохиолч Тангадын Галсан, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Цоодолын Хулан нартай цөөн хором ярилцлаа.

-Номоор дамжуулан эх хэлээ хамгаалах, бичиг соёлоо дэлгэрүүлэх тэмцлийг эхлүүлнэ-

Ардын уран зохиолч Тангадын Галсан "Номын баяр бол намын баяраас огт өөр зүйл. Нам гэдэг чинь Үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн бүлгийн ашиг сонирхол байдаг. Ном бол хүн төрөлхтний оюун санааны өв соёлын оргил. Хэчнээн нам байна тэр хэмжээгээр ард түмнийг хуваана. Ном бол хэчнээн олон байна, тэр хэмжээгээр ард түмнийг нэгтгэх оюун санааны алтан гинж, эх хэлний дархлаа, эв нэгдлийнх нь баталгаа болдог. Тиймээс номын баярт би жил бүр ирдэг. Номын баярт ирсэн хүүхдүүд, утсаа өдөржин маажиж суудаг хүүхдүүдээс хамаагүй илүү оюунлаг, харц нь бодлогошронгуй, тархи нь ухаалаг, ирээдүй нь гэгээлэг болдог. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд Д.Нацагдоржийн нэрэмжит тэмдгийн эзэн болохыг хараад би Их Нацагдорж маань Монголдоо эргэн төрөх юм байна.  Монголын утга зохиол үргэлж бадрах юм байна гэж бэлгэшээж сууна. Даншиг наадамд очдоггүй ард түмэн номын баярт шавж байна гээд бод доо. Би дэлхийн олон улс гүрнээр явлаа. Тэгэхэд номын дэлгүүр нь зүгээр нэг лангуу биш хүн ном уншаад хэвтэж болдог, эсвэл тухалж суугаад судлах боломжтой, нөгөө бидний муу хэлдэг Ленин, Сталин, Гитлер, Маогийн чинь номууд болон бүх шашны судар байж байх жишээтэй. Энэ бүхэн нийлэхээрээ  хүн төрөлхтний оюун санааны өв болдог. Монголын ард түмэн номт таван үндэстний нэг. Монголын зохиолчдын эвлэл энэ номын баярын өдрөөс эхлэн номоор дамжуулан эх хэлээ хамгаалах, бичиг соёлоо дэлгэрүүлэх, уншигчдаа үгийн урлагаар татан авчрах тэмцлийг эхлүүлэх гэж байгаа. Энэ бол ариун сайхан тэмцэл" гэлээ.

-Номын баяр бол өөртөө оюун бодлынхоо каталогийг хийх өдөр-

Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Цоодолын Хулан "Манай гэрт ямар ном байна гээд нэг үзэх хэрэгтэй. Би сүүлийн үед зөвхөн өөрийнхөө гэр, ажлын өрөөнд байдаг номын санг үзэхээс гадна номын баяр бол өөртөө оюун бодлынхоо каталогийг хийх өдөр гэж харж байна. Жилээс жилд ном хэвлэх улам сайхан ажил болж байна. Ном чанартай хэвлэгдэнэ гэдэг бол хавтсандаа байдаггүй ээ. Хэдий чинээ гялгар хавтастай байлаа ч номын агуулга гүехэн бол тэр номынхоо үнэ цэнийг алддаг. Хэдийгээр халтар бор хавтастай ч гэсэн ховордож байгаа үндэснийхээ сонгодог утга зохиолчид, ахмадуудынхаа номыг уншья гэдэг хөдөлгөөнийг залуус маань өрнүүлээсэй гэж бодож байна. Эх хэл маань даяаршлын эрин зуунд мартагдаж, эх хэлний олон сайхан үгс бидний ярианаа хасагдаж байгаа. Нэг үг мартагдана гэдэг бол түүнийг тэмдэглэдэг сэтгэлийн нэг хөдөлгөөн байхгүй, хүн хүндээ ханддаг тэр сэтгэл болоод аливаа үйлдлийн сайн сайхан чанарууд, өнгө ширхэг үгүй болно. Энэ бүгдийг өөртөө тээн хадгалж байгаа эрдэнэ бол ном юм" гэв.  

Номын баяр маргааш  09.00-19.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд “Уншигч таны оюуныг дайлья” сэдвийн хүрээнд “Болор цом”-ын тэргүүн шагналт яруу найрагчид болон зохиолчид өөрсдийн шүлэг, яруу найргаа толилуулахаас гадна дууны уран бүтээлийг сурталчлах, МЗЭ-ээс хуучин нэн ховордсон номыг хямдралтай худалдах зэрэг олон сонирхолтой ёслол, үйл ажиллагаа явагдах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)