Ч.Мядагмаа: “Mongolia’s Next Top Model” нэвтрүүлгийн хоёр дахь улирлын шоу Өвөр Монголд цацагдана

Монголын телевизийн салбарт хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч цөөн хэдэн телевиз бий. Түүний нэг нь “Боловсрол” телевиз юм. Дэлхийн хөгжлийг түүчээлж салбартаа шинийг түгээгч, нэвтрүүлэгч байхыг эрмэлзэн ажилладаг тус телевизийн хамт олон ээлжит төсөлдөө ханцуй шамлан оржээ. Энэ бол АНУ-ын CBS студийн албан ёсны эрхтэйгээр хүргэдэг “Mongolia’s next top model”шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирал. Үзэгчдийн хамгийн ихээр хүлээж буй тус шоуны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр “Боловсрол” телевизийн ерөнхий продюсер Ч.Мядагмаатай ярилцлаа.

-Телевизийн уран бүтээлчид их завгүй харагдаж байна. “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн бичлэг эхэлсэн бололтой?

-Тийм ээ, “Боловсрол” телевизийн уран бүтээлчид намрын төсөлдөө ороод тун завгүй байна. АНУ-ын CBS студийн албан ёсны эрхтэй хийгддэг “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын дугааруудыг хийх эрхээ аваад бэлтгэл ажил үргэлжилсээр саяхнаас бичлэгийн ажилдаа ороод байгаа юм. Ер нь телевизийн уран бүтээлчдэд завтай цаг ховорхон. Бид өнгөрсөн жилд “Endemol Shine”группийн албан ёсны эрхтэйгээр “Оддын академи” шоу нэвтрүүлгийг амжилттай хүргэж, нэвтрүүлгээс төрөн гарсан охидын “The Wasabies” хамтлаг маань уран бүтээлийн гараагаа эхлээд тун амжилттай явж байна. Дараа нь “Яг түүн шиг” шоуны 3-р улирлын дугааруудыг цацаж дуусаад ийнхүү топ модель шалгаруулах томоохон аялалдаа гарчихаад явж байна даа.

-Өнгөрсөн жил өглөө ажилдаа ирээд ярилцдаг гол сэдэв нь “Mongolia’s next top model” нэвтрүүлэг байлаа. Хоёр дахь жилдээ хийгдэж байгаа нэвтрүүлэг учраас оролцохыг хүссэн охид олон байсан болов уу?

-Энэ жил залууст маань хүлээлт их байсан. Эрэгтэй, эмэгтэй оролцогч оруулдаг болгооч гэсэн санал бидэнд маш ихээр ирсэн. Гэхдээ бид энэ жилийнхээ шоуг дан эмэгтэй оролцогчтой байлгана гэдэг төлөвлөгөөтэй ажилласан болохоор энэ удаад тэдний хүсэлтийг хүлээж авах боломжгүй байсан юм. Нэвтрүүлгийг зорин ирж хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүссэн охидын тоо өмнөх жилийнхээс эрс өссөн бөгөөд манай нэвтрүүлгээр дамжуулан загварын ертөнцийн талаарх эерэг ойлголт нийгэм, залуу үеийнхэнд хүрч байгаад их баяртай байна. Энэ бидний ажлын бас нэгэн зорилго шүү дээ.

-Хэдий бид нэг салбарын хүмүүс ч гэсэн телевизийн уран бүтээлчдийн ажил надад их сонирхолтой санагддаг. Ялангуяа албан ёсны эрхтэй хийгддэг томоохон форматуудыг эх орондоо анхлан нутагшуулах амаргүй байсан болов уу?

-Дэлхийн хэмжээний шоу гэж бид ярих их дуртай. Магадгүй 10, 20 жил үзэгчдийнхээ сонирхлыг татаж, зуу зуун сая хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүлээлт үүсгэж чаддаг уран бүтээлийг дэлхийн хэмжээний шоу гэж нэрлэж болох юм. Олон жилийн туршилт, туршлагад суурилсан чанартай уран бүтээлийг яг тэр чигээр нь нэвтрүүлж сурсаны дараа бид өөрсдөө тийм контент үйлдвэрлэгч болох эхлэл тавигдана гэж боддог учраас олон улсын форматтай шоуг оюуны өмчийн эрхийн дагуу худалдан авч нутагшуулах гэж сүүлийн жилүүдэд ихээхэн хичээж байна. Мэдээж 50 гаруйхан жилийн түүхтэй энэ салбарт цоо шинэ соёл, шинэ контент оруулах амар байгаагүй. Гэхдээ бид заалгах ёстой хичээл, суралцах ёстой бүхнийг сурч өдөр, шөнө, нойр хоолыг умартан байж үзэгчдэдээ “амттай” уран бүтээл хүргэсэн гэж боддог. Үзэгчид хүлээж авах болов уу, өөр соёл нэвтэрсэн шинэ агуулгыг ойлгох болов уу? Энэ их ачааллын ард гарч чадах болов уу? гэх мэтээр олон асуулт, эрсдэлийг өмнөө тавьж байж нэвтрүүлгийнхээ ард гардаг. Харин салбарт шударга өрсөлдөөн, шинэ боловсон хүчин нэмэгдэх тусам бид хүсч байгаа хөгжилдөө улам ойртож байна гэж баяртайгаар хүлээж авдаг шүү.

-“Боловсрол” телевизэд амжилттай хэрэгжүүлсэн олон контент бий. Тэр дундаас “Mongolia’s next top model” шоуг сонгож хийх болсон шалтгаан юу байсан бол?

-Аливаа шоу нэвтрүүлгийг хийж эхлэхээс өмнөх 1-2 жилд бид асар өргөн хүрээтэй судалгааны ажил хийдэг. Монголд ямар шоу хийвэл үзэгчид сонирхох вэ, тэд юунаас уйдаж байна вэ, дэлхийн зах зээлд ямар контент байлдан дагуулж байна гэх мэтээр судалгааны баг ажилласны дараа шийдвэр гаргана. АНУ-д 24 дэх улирлынхаа дугаарыг амжилттай цацаад байгаа энэ шоутай хэн ч маргахгүй. Нөгөөтэйгүүр бид Монголын загварын салбарт тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулах, телевизийн контентоор дамжуулан шинэ салбарыг хөндөх хүсэлдээ хөтлөгдөн энэ шоуг сонгосон. Өнгөрсөн жилд үзэгчдийн хандалт өндөр байсан учраас энэ жил хүлээлт их байгаа нь анзаарагдаж байна.

-“Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн нэгдүгээр улирлын дугаарууд үзэгчдэд асар олон гэнэтийн бэлэг барьсан. Зураг авалт, охидын амьдрал гээд л олон зүйлээрээ бидний өмнө нь харж байгаагүй орчин байсан шүү дээ. Нууц биш бол тайзны ард өрнөдөг сонирхолтой үйл явдлаас уншигчидтай хуваалцаач?

-Тайзны арын амьдрал үргэлж дэврүүн, буцалж байдаг. Үзэгчдэд их сонин байх нь гарцаагүй. Хамгийн сонирхолтой зүйл бол бид 3-4 өдрийн турш өдөр, шөнөгүй авсан дүрсээ эцэст нь 40 минут болгож харуулдаг. Энгийн үзэгчдэд энэ үйл явц ойлгомжгүй санагддаг байж болох ч бидний хувьд байдаг л нэг зүйл шүү дээ. Уран бүтээл хэзээ ч амархан төрдөггүй. Нэг төслийн ард 300 гаруй хүн ажиллана. Энэ нүсэр ажлын деталь хэсэг бүрт анхаарал хандуулж, сэтгэлээ шингээнэ гэдэг цаанаасаа уран бүтээл хийхээр төрсөн хүмүүсийн л хийж чадах зүйл гэж хэлмээр байна. Тайз дээр байх нэг хадаас ч бидэнд маш их ач холбогдол, хамааралтай. Тэгж байж бид чанартай зүйл хийнэ гэдэгт итгэдэг.

-Хоёрдугаар улирлын дугаарууд өмнөх жилээс юугаараа онцлогтой байх бол?

-Энэ жилийн нэвтрүүлэг тэр чигээрээ гэнэтийн бэлгээр дүүрэн байх болно. Учир нь бид оролцогчдынхоо хамрах хүрээг өргөсгөж Монгол туургатны хэмжээнд сонгон шалгаруулалт хийлээ. Тодруулбал, Өвөр Монгол, Буриад улсаас модель охид нэвтрүүлэгт оролцохоор хүсэлт тавьж шалгаруулалтад оролцсон. Бид чинь нэг л угсаатай хүмүүс. Цаг хугацаа, түүхийн жимээр хуваагдсан нэг үндэстэн. Тиймээс илүү сонирхолтой үйл явдлууд үзэгчдэд хүрэх болно. Мөн бид Өвөр Монголын “Монгол Одон” телевизтэй хамтран энэ удаагийн төслөө хэрэгжүүлж байна.  “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлэг Өвөр Монголд албан ёсны эрхтэйгээр манайхтай яг зэрэг цацагдах болсон таатай мэдээг энэ дашрамд хэлье.

-Тэгэхээр “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн үзэгчдийн хүрээ улам нэмэгдэж байна гэсэн үг байх, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ, Манай нэвтрүүлгийн төрөл жанр нь ямар ч насны хүний сонирхлыг татах онцлогтойн дээр өмнөх жилийн дугаарууд үзэгчдийн талархлыг ихээхэн хүлээсэн явдал нь Өвөр Монголд албан ёсны эрхтэй цацагдах болсон шалтгаануудын нэг юм.

-“America’s next top model” нэвтрүүлгийн даалгавар, сорилтууд их хүнд харагддаг. Монгол охид маань ч тийм сорилыг давах болов уу?

-Мэдээж тийм. Хэдийгээр бид шоу нэвтрүүлэг хийж байгаа ч, топ модель төрүүлэн гаргах, монголын загварын салбарыг дэлхийн тавцанд гарахад хувь нэмрээ оруулах зэргээр олон зорилго өвөртлөн ажилладаг. Тиймээс тэднийг шилдэг болгохын тулд хэрхэн хурцлах ёстой, тэр бүхнийг бид хийнэ. Албан ёсны эрхтэй формат учраас олон улсад жишиг болсон даалгавруудыг ч оруулна. Тийм учраас зохиолын баг хагас жил орчим судалгаа хийж байж зураг авалтдаа ордог.

-Энэ жилийн фото зургууд их сонирхолтой байх нь ээ?

-Бид энэ жилийн зураг авалтаа өмнөх жилийнхээс хүндрүүлэх, чадвар сорьсон сорилт гаргах зорилгоор олон сонирхолтой объект сонгосон. Тодруулбал охид маань Өвөр Монгол болон ОХУ-д очиж зураг авалтад орно. Ингэснээр аялал илүү сонирхолтой болж, үзэгчдийн өмнө нь харж байгаагүй фото зурагнууд гарах болно. Хилийн дээс давж зураг авалт хийнэ гэдэг нь охид болоод бидний хувьд ч том сорил болж байна. Асар том бүрэлдэхүүнтэй баг Монголоос гарч зураг авалт хийнэ гэдэг тийм амар зүйл биш. Гэхдээ бид шинэ зүйлийг туршиж үзэхдээ үргэлж бэлэн байдаг.

-“Яг түүн шиг” шоуны 3-р улирал дөнгөж саяхан дууссан. Энэ их ажлын хажуугаар дараагийн төслөө судалж байдаг гэхээр асар хүчирхэг баг “Боловсрол”-ын ард байдаг байх нь тийм үү?

-Телевизийн уран бүтээлч байна гэдэг өдөр бүр компьютерийн ард суугаад 09:00-18:00 цаг хүртэл ажиллахын нэр огт биш. Шөнийн хэдэн ч цагт зураг авалт дуусч болно, үүрийн хэдэн ч цагт дуудагдаж болно. Хагас цэрэгжилтийн байдалтай ажилладаг хүмүүс шүү дээ бид чинь. Энэ бүхний ард тэсвэр хатуужил, бие биенээ дэмждэг гэр бүл, уран бүтээл туурвих гэсэн чин эрмэлзэл оршиж байдаг юм. Тийм учраас ямар ч ачааллыг даваад гардаг, хуваалцдаг багтай байх нь хамгийн том баялаг. Таны хэлдгээр “Боловсрол”-ын ард асар хүчирхэг баг байгаа учраас энэ их ажлыг амжуулдаг юм шүү дээ. Тэд л энэ салбарыг хөгжүүлж байгаа,өөрсдөө ч анзаарахгүйгээр урагшлуулж байгаа юм.

-“Mongolia’s next top model” нэвтрүүлэг олон гэнэтийн бэлэгтэй гэсэн шүү дээ. Мэдээж нэвтрүүлгийн гол дүр болсон шүүгчдийн талаар асуухгүй өнгөрч болохгүй нь?

-Тэгэлгүй яах вэ, манай нэвтрүүлгийн эрхэм хүндтэй шүүгчид топ модель төрүүлэх энэ аялалд гол үүргийг гүйцэтгэж байна. Хэн хэн ажиллаж байгааг одоогоор нууцлах нь зүйтэй. Тун удахгүй үзэгчид тэднийг харах болно. Ямартай ч, үзэгчдийн хамгийн ихээр хайрлаж, хүндэлдэг, загварын салбарын шилдэгийн шилдгүүд бидэнтэй хамтран ажиллаж байгаа гэдгийг бардам хэлэх байна.

-Загварын нэвтрүүлэг гэдгээс гадна реалити нэвтрүүлэг гэдгээрээ энэ шоу их онцлогтой шүү дээ. Реалити нэвтрүүлэг хийх амар биш учраас телевизүүд энэ жанраар тэр бүр оролддоггүй. Реалити шоу хийх хэцүү юу?

-Реалити буюу бодит байдлыг нэмэлт хачиргүйгээр жинхэнээр нь харуулах нь үзэгчдэд сонирхолтой байдаг. Гэтэл Монгол хүний сэтгэлгээ, европ хүний сэтгэлгээ эрс ялгаатай. Камерын өмнө өөрийнхөөрөө байх, хэлэх гэснээ хэлэх тал дээр Монголчууд хаалттай. Ийм нөхцөлд реалити шоу хийнэ гэдэг хэцүү шүү дээ. Гэхдээ бид хичээсэн, гадаад продюсеруудаасаа зөвлөгөө, хичээл авсан. Тэд ч биднийг судалсан. Ингээд мэргэжлийн телевизийн уран бүтээлчдийн арга барил дээр гадаад продюсеруудын зөвлөгөөг нэмээд туршилт хийхэд боломж харагдаж эхэлсэн юм. Тэгээд л бид “Mongolia’s next top model”, “Оддын академи” зэрэг реалити нэвтрүүлгүүд хийж эхэлсэн. Харин одоо улам чанаржуулахын төлөө ажиллаж байна даа.

-“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн хоёрдугаар улирал хэзээнээс цацагдаж эхлэх вэ?

-Нэвтрүүлэг 10-р сарын эхний өдрүүдэд албан ёсоор цацагдана.

-Оролцогч охидын талаар ярьж болох уу? Чадварлаг модель охин олон байгаа байх?

-Манай нэвтрүүлэгт 17-25 насны охид тэнцэж үлдсэн. Туршлагатай, туршлагагүй янз бүр байгаа ч тэднийг чадварлаг модель болгох, амьдралд нь гайхалтай дурсамж үлдээхийн төлөө шүүгчид болон нэвтрүүлгийн багийнхан хичээн ажиллаж байна. Мэдээж өмнөх жил охид хэрхэн амьдарч, ямар дүрэм дагаж мөрдөж байсан тэр бүхнийг дагана. Өдөр бүр онцлог, сонирхолтой үйл явдлууд охидыг угтах болно.

-Дүрэм гэснээс удаан хугацаанд гэрийнхэнтэйгээ утсаар ярихгүй, сошиал ертөнцөөс хол байна гэх мэтээр амьдарч эхлэхээр охид маань их хатуужил, тэсвэртэй болдог байх? Үеийн охидтойгоо хоёр сар амьдрахад тэд олон зүйлд суралцдаг байх тийм үү?

-Хоёр сарын турш гэрээсээ хол байна гэдэг 17 настай хүүхдэд амархан зүйл биш. Гэхдээ тэд зорилгынхоо төлөө энд ирдэг учраас үүнийг даваад л гардаг. Камертай хэрхэн харьцах, телевизийн багийнхны удирдлага дор хэрхэн ажиллаж сурах, олон хүнтэй хамтран амьдрах энэ бүхний хажуугаар өрсөлдөөнөө үргэлжлүүлнэ гэхээр тэднээс ямар их зориг, тэвчээр гарч байгааг илэрхийлэх болов уу. Манай нэгдүгээр улирлын оролцогчдын амжилттай яваа нь энэ нэвтрүүлгээс сурч гарсан зүйлстэй тодорхой хэмжээнд холбоотой гэдэгт итгэдэг.

-Нэгдүгээр улирлын ялагч Б.Цэрэндолгор моделийн карьераа гайхалтай эхлүүллээ. Энэ л та бүхний ажлын үр дүн болов уу?

-Аливаа уран бүтээлийн үр дүн тэр дороо гарчихдаггүй. Цаг хугацаа түүний чанарыг илтгэн харуулдаг. Манай шоунуудаас төрөн гарсан уран бүтээлчид бүгд амжилттай яваа. Ямар нэг байдлаар урлагийн карьераа эхлүүлж дуртай зүйлээ хийж явааг нь хараад бид бахархдаг. Нойр, хоолоо хасан байж ажилласны үр дүн эцэстээ энэ шүү дээ. Бидний ард түмэндээ хүлээлгэж өгсөн уран бүтээлч яг тэр эрчээрээ ажиллаж уран бүтээлээ зогсолтгүй туурвих нь хамгийн чухал байдаг юм. Эхний улирлын ялагч маань хоёрдугаар улирлын шоу цацагдаж эхлэхтэй зэрэгцэн Ялагчийн гэрээнийхээ дагуу Сингапурын “Loogue model” aгентлагт ажиллахаар явах болсон бас нэг баярт мэдээ бидэнд байна. 

-Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа, танай багийнханд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

-Баярлалаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)