Залуучуудын олимпийн наадамд 11 тамирчин өрсөлдөнө

Залуучуудын зуны спортын III олимпийн наадам аравдугаар сарын 6-18-нд Аргентиний нийслэл Буэнос-Айрест болно. Уг наадамд дэлхийн 206 орны 4600 гаруй тамирчин спортын 32 төрөлд 241 багц медалийн төлөө өрсөлдөх билээ. Монголын баг 11 тамирчин, есөн дасгалжуулагч албаны хүмүүс, нийт 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцохоор бэлэн болжээ. Тамирчид 6 спортын төрөлд оролцох бөгөөд чөлөөт бөх, буудлага, хүндийн өргөлт, жүдо, таэквондо, 3х3 сагсан бөмбөг эрэгтэй баг тамирчид “Буэнос-Айрес 2018”-д өрсөлдөнө. 

Мөн шүүгчдээс хүндийн өргөлтийн шүүгч Л.Одгэрэл, байт харвааны шүүгч Э.Саруул болон сэтгүүлчээр А.Амаржаргал нар ажиллахаар болсон байна.  Монголын баг тамирчдын ахлагчаар Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа ажиллахаар болжээ.

"Сингапур-2010" залуучуудын анхдугаар олимпод оролцсон Монголын баг тамирчдаас чөлөөт бөхийн 60 кг-ийн жинд Б.Батцэцэг, спортын гимнастикийн Г.Эрдэнэболд нар анхны хос алтан медалийг авч байсан бол "Наньжин-2014" наадамд чөлөөт бөхийн 48 кг-ийн жинд барилдсан Б.Дөлгөөн мөнгөн медалиар медалийн буухиаг үргэлжлүүлсэн юм. 

“Буэнос-Айрест 2018”-д 11 тамирчин зургаан спортын төрөлд оролцохоор бэлэн болсон бөгөөд баг тамирчдын түрүүч Аргентинийг зориод байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)