Нүүрсээ хурдан барахыг нүүрсний нөөц шаардаж байна

“Монгол Улсын нүүрсний нийт батлагдсан нөөц нь 37.4 тэрбум тн. Энэ нөөцийн 70-80 орчим хувь нь хүрэн нүүрс бөгөөд Монгол Улс өнөөдрийн байдлаар жилд 7-8 сая тн хүрэн нүүрс олборлож, хэрэглэж байна. Өнөөгийн хэрэглээгээр тооцвол 3700 орчим жил хэрэглэх хүрэн нүүрсний батлагдсан нөөцтэй гэж бодохоор Монгол Улсыг “хүрэн нүүрсний диваажин” гэж хэлэхээс аргагүй” 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал О.Одбаяр

Нэгэнт хэдэн үе дамнан хэрэглээд барахааргүй буюу өнөөгийн хэрэглээгээр тооцвол 3700 жил ашиглахаар диваажингийн нөөцтэй ч бид хэрхэх вэ. 
Дэлхий нийтээр хүрэн нүүрс, хүрэн эдийн засгаас татгалзаж байна. Ногоон эдийн засаг, ногоон эрчим хүчийг хаа хаанаа эрэлхийлдэг цаг үе яах аргагүй ирж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээ гэвэл манай V цахилгаан станцыг барих тендерт оролцож явсан эрчим хүчний дэлхийн хэмжээний тоглогч Японы “Маруени” корпораци энэ оны есдүгээр сарын 18-нд мэдэгдэл гаргасныг хэлж болно.

Тус корпораци зорилтоо доорхи байдлаар тодорхойлжээ: 
1. Нүүрсний станцын хөгжүүлэлтээ зогсооно. 3GW орчим нүүрсний станцын талыг зарна. 
2. Нүүрсний станцид хөрөнгө оруулбал зевхөн Ultra-Supercritical технологи бүхий станцад хөрөнгө оруулна. 
3. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн бизнес дэмжих шинэ бодлогоо хэрэгжүүлнэ, energy trading салбарт ажиллана гэжээ.

Харин бидний урд хөрш БНХАУ 2020 он хүртэл барихаар төлөвлөж байсан 150 гигаваттын хүчин чадалтай нүүрсний цахилгаан станцуудаа цуцалжээ.

Мөн 20 гигаваттын хүчин чадалтай хуучирсан станцуудаа хаана гэдгээ Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо нь мэдэгдсэнийг “Блүүмберг” мэдээлсэн байна. Япон, Хятадын жишээн дээр нэмээд хэлэхэд, Дани улс 2017 онд нийт эрчим хүчнийхээ 46 хувийг нар болон салхинаас үйлдвэрлэсэн бол Франц улс дахь хийн хэрэглээ 2016 онтой харьцуулбал 2017 онд 20 хувиар өсчээ.

Хүрэн нүүрсний хэрэглээ зайлшгүй юу гэсэн асуултад мэргэжилтнүүд мэдээж тийм хэмээн хариулж байна. Гэхдээ бид эх орон, газар шороо хэмээн цээжээ дэлдэхээсээ өмнө нэгэн зүйлийг ойлгох хэрэгтэй.

Энэ нь бид өөрсдөө л хөөцөлдөж байж нүүрсээ, цахилгаанаа урагш, хойш зарахгүй бол тэд авахгүй. Манайхаас авахгүй байлаа гээд тэд яах ч үгүй. Биднийг хүмүүс гуйгаад үүдэнд дугаарлаад байгаа юм огт байхгүй. Нүүрсний өрсөлдөх чадвараа сайжруулж энэ орчинд борлуулалтаа нэмэгдүүлэхгүй тохиолдолд бидний нүүрс хамаг бүхэн шороо мэт арилна гэдэг л болно.

Хүрэн нүүрсний хувьд гялтайх ганц мэдээ нь, судалгаагаар 2030 он хүртэл дэлхий даяар үйлдвэрлэгдэж буй нийт эрчим хүчний 30 орчим хувийг нүүрснээс гаргаж авсан хэвээр л байхаар байна. Нүүрс үнэгүйдэхээс өмнө 3700 жил ашиглах нөөцөөсөө ахиухныг “цааш харуулах” аргыг сүвэгчлэх шаардлага хоолойд тулчихаж. Юуны өмнө эрчим хүч үйлдвэрлэх түлшний зориулалтаар цахилгаан станцуудад нийлүүлэх хэмжээг нэмж шинэ эх үүсвэр барихгүй бол барж дуусахааргүйг хэн ч хэлнэ.

Өвөрмонголын реклам дээрх шиг шингэрүүлнэ үү, боловсруулна уу яана уу, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож зах зээлд нийлүүлэхийг нүүрс биднээс хүлээж байна.

Мэдээж, энэ чиглэлээр хийсэн зарим нэг ажил байна.

Эхний ээлжид гаднаас импортоор авдаг дизель түлшийг хүрэн нүүрснээсээ гаргаж авахаар “Эрдэнэс Монгол” ХХК ажиллаж байгаа мэдээлэл бий. Хүрэн нүүрснээс дизель түлш дөнгөж гаргаад явж байгаа хамгийн ойрын жишээ манай урд хөршийн Өвөрмонголд байна. БНХАУ-ын Засгийн газар энэ төсөлд 7.2 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн, үйл ажиллагаа нь жигдрээд явж байгаа аж. Эдгээр төслүүдийн үр дүн 2020 онд гарна гэж “COAL Mongolia” чуулганы үеэр дурдагдаж байв.

Австрали, БНХАУ-ын технологи эзэмшигч, хөрөнгө оруулагчидтай утаагүй түлшний үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллаж, холбогдох тооцоог гаргаж. Энэ төсөлд БНСУ болон БНХАУ-ын компаниуд хамтрах бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдыг БНСУ-д айлчлахад 500 сая ам.долларын зээлийг тус улсаас утаатай тэмцэхэд зарцуулахаар гаргасныг үүнд зарцуулах бололтой.

Монгол Улс 2017 оны байдлаар эрчим хүч үйлдвэрлэлийн дотоодын эх үүсвэрийн 95.8 хувийг нүүрснээс, 0.06 хувийг дизель цахилгаан станцаар, харин 4.1 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс тус тус хангаж байна. Тухайлбал, “Шарын гол” ХК 762 мянган тн, “Багануур” ХК 3.9 сая тн, “Шивээ-Овоо” ХК 2 сая тн, “Адуунчулуун” ХК 470 мянган тн нүүрс тус тус олборлож төвийн эрчим хүчний систем болон томоохон хот суурин газруудын айл өрх, жижиг хэрэглэгчдэд нийлүүлжээ. Энэ байдлаараа үргэлжилбэл өнөөх 3700 жил болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Эд баялаг эдийн засгийн эргэлтэд орж байж үнэ цэнэтэй болно. Гол ухаалагаар хүртээмжтэй байхаар зохион байгуулах нь засаг төрийн бодлогоос хамаарна. Даан ч манай 76-н 20% нь дуусашгүй шуналтай, 60% нь 4 жилдээ амжиж хөлжих гэсэн шуурган чичрэгч нар, 10% амаа ангайгаад хаана яваагаа ойлгохгүй хэд, 10% нь попууд...

    0 0 Хариу бичих
  2. myanga iluu olborlood nuursee gargaj chadaxgui bgan bishuu...shingen tulsh, xiin tulsh bolgodog zamruugaa l orox xeregtei yum shigee

    1 0 Хариу бичих
  3. НЕФТЬ ДУУСАХААР ХҮРЭН НҮҮРС ОД БОЛНОО.

    1 0 Хариу бичих
  4. toon medeelel yag unen uu

    0 0 Хариу бичих