Э.Эрдэнэцэцэг: Хүүхдэд зориулж бүтээл хийнэ гэдэг хувь заяаны их том шагнал болов уу?

Өгөөмөр охин Өэлүн-тэй би номын яармагаар танилцсан юм.
Эгдүү хүрэм хөөрхөн монгол охинтой таараад түүний ертөнцийг
бүтээсэн зохиолч эмэгтэйн эрэлд гарсан юм. Үндэсний хаан,
хатдынхаа балчир насыг үлгэр болгон амилуулж хөвгүүд охиддоо
оюуны хөрөнгө оруулж яваа зохиолч бүсгүйтэй шинэхэн
бүтээлийнх нь талаар хөөрөлдлөө.

Хүүхдийн зохиол бичих болсон түүхээс яриагаа эхлүүлье гэж бодож байна?

Би 2009 онд МУИС-ийн МХСС-ийг Утга зохиол судлаач-сэтгүүлч мэргэжлээр төгссөн.Тэр үеэс эхлэн хүүхдүүдэд нэн ойлгомжтой, сургамжтай, танин мэдэхүйн ач холбогдолтой бүтээлийн ажил  хийхсэн гэсэн бяцхан мөрөөдөлтэй явжээ. Азаар мөрөөдөлд минь хүч нэмэх, зорилго нэгт “B+”  компаний хамт олонтойгоо учирч урам зоригоор цэнэглэгдэж анхны бүтээлээ өлгийдөн  авлаа. 

Ач тусын тухай үлгэрүүдийн үндсэн санааг хэн гаргасан бэ?

Монгол хатад, баатруудын хүүхэд насанд тохиолдож  буй адал явдлын тухай сонирхолтой, орчин үеийн хэл хэлмэртэй хэрнээ монгол ахуйн танин мэдэхүйн ач холбогдолтой, түүхэн сурвалжуудын агуулгаас санаа авсан  ийм ном гаргая гэсэн санааг багаараа ярилцаж гаргасан. Өнөөгийн хүүхдүүд арван таван толгойтой атгаалжин хар мангас гэдэг шиг үлгэрүүдийг төдий л  сайн хүлээж авахгүй, орчуулгын гадаад зохиолууд нь монгол сэтгэлгээнд бууж, нийцэж өгөхгүй байгаа нь ажиглагддаг. Тиймээс л монгол хүүхдүүддээ үндэсний хэв шинжийг агуулсан үлгэр дуурайлал авахуйц дүр бүтээе гэж ярилцсаны үндсэн дээр Ач тусын тухай үлгэрүүд минь төрсөн. Уншиж сурч байгаа болон аав ээжээрээ уншуулдаг үлгэрийнхээ тухай төсөөлөлтэй болсон хүүхдүүдэд ийм үндэсний хэв шинжит контент хэрэгтэй байсан гэж худалдан авагчид  маш их таашааж, биднийг урамшуулж байгаа. Дараа дараачийн цувралыг ч хүлээгээд эхэлсэн гэдгээ эхнээсээ уламжилж байна.

Өмнө нь шүлэг, өгүүллэгийн болон нийтлэлийнхээ номуудыг хэвлүүлэж байсан. Хүүхдийн зохиол бичихийн онцлог  болон ялгааг хэрхэн мэдэрч байна вэ?

Зохиолчын гаргасан цэг, ганц үг ч гэсэн нийгэмд өгөх маш том үүрэг хариуцлага байдаг юм байна гэдгийг энэ номоороо  илүү их  мэдэрлээ. Өмнө нь шүлэг яруу найраг, нийтлэл, өгүүллэгийн дөрвөн ч ном хэвлүүлсэн.  “Өгөөмөр охин Өэлүн” бол хүүхдийн зохиолын хувьд анхны маань ном.Хүүхдэд зориулж  зохиол бичнэ гэдэг хүнд жигүүр ургуулчихдаг шидтэй зүйл бололтой. Бичиж байх үйл явц нь тэр чигээрээ аз жаргал. Өүлэнтэйгээ хамт уйлж, хамт ухаажиж, хатуужиж, Есүхэй баатартай учирч Тэмүүжин хүүг төрүүлээд л... Бүхэлдээ  дүртэйгээ хамт амьдарсан гэхүү дээ.

Эхний зохиол болохоор ингэж сэтгэл хөдөлж, хөөрч байж магадгүй.Дараа дараагийн зохиолууд дээрээ илүү туршлагажаад, дүрүүдтэйгээ хамт хөгжөөд явна даа л гэж бодож байна.Өэлүнээ өвөртөлж  унтаад,  номоо  бараг л хүүхэд шиг  өлгийдөх нь ээ гээд ойр дотныхондоо шоолуулсан тохиолдол ч гарлаа. Хөгжилтэй шүү.

Яагаад заавал хаад, хатадын бага насыг дүрслэх гэж?

Түүхэн сурвалжуудад хатдын бага насны талаар төдийлөн хангалттай байхгүй. Тиймээс яалт ч үгүй    уран сайхны сэтгэмжээр баяжуулан ургуулан зохиомжлож хатдын бага насыг товойлгохыг хичээсэн. Өэлүн гэхэд л ямар охин  байж болох вэ? гэдэг анхаанаасаа их сонирхолтой байсан л даа. Есүхэй баатар хорлогдсоны дараа хар буурин дээрээ орхигдсон ч хатуу хөтүүг туулж хаан зэрэгт хөвгүүдээ аваачсан  хатан мэдээж багадаа сэтгэлийн тэнхээтэй өсөх шалтгааны үүтгэлтэй байж таарна  Өэлүн маань  зохиол дээрээ яагаад гэж асуух дуртай эгдүүтэй охин. Яагаад амьтадыг хайрлах ёстой вэ?Яагаад ханиаданд жимс жимсгэнээ хэрэглэх хэрэгтэй  бэ? гэх мэт  асуудаг сониуч охин. Тэр сониуч зан нь ээжээсээ, ахуй амьдралаасаа маш олон танин мэдэхүйг  цуглуулах мотиваци болж байгаа юм. Тухайн мотиваци дээрээ үндэслээд маш их зүйл сурч авсан нь эргээд өнчин өрөөсөн өсөх, амьдралын хатуу бэрхийг туулахад нь тус болдог.Энэ л өгөөмөр сайхан сэтгэлийнх нь шагнал болж хамаг монголын дайчин сайхан баатрууд эхнэрээ болгох юмсан гэсэн хүсэл мөрөөдөлд автаж, сайхан сэтгэлийнхээ ачаар Есүхэй баатартай гэрлэж хаан хөвгүүн Тэмүжингээ төрүүлнэ.Улмаар тэдэндээ ч мөн энэрэн туслах сэтгэлийн сайхнаар үлгэр дуурайл болж  дайн тулаанд өнчирч үлдсэн хүүхдүүдийг өргөн авч өсгөнө.Мөн номын төгсгөлд түүхэн дүрүүдийн намтарыг хүүхдүүдэд сонирхолтойгоор оруулсан. Тиймдээ ч хүүхдүүд маань Өэлүнхатныг ач тусын тухай үлгэрээсээ илүү танин мэдэх боломжтой болж байгаа юм. Мөн номын төгсгөлд үгийн тайлбарыг оруулсан.Тухайлахад араг савар гэж юу вэ?гэхэд хотын хүүхдүүд мэдэхгүй байж болох юм. Өрөм загсаах гэж ямар ажил байдаг юм бэ?Зээргэнэ, халиар, сонгино, чөдөр өвс гэж ямар ургамлууд байдаг юм бэ?гэхчилэнг эцэг эхтэйгээ хамт уншаад ойлгож, тогтоож, мэдэж авах ач холбогдолтой юм даа.

“Өгөөмөр охин Өэлүн”-ийн амьдрал дээрх дүр нь хэн бол гэдэг нь сонирхолтой санагдлаа?

Зохиол бүтээл туурвиж бичихдээ хүн чинь амьдралынхаа авдрыг уудладаг юм байна.Тэгээд хайсан чинь миний багадаа аавтайгаа мэхээр нээсэн, ээжтэйгээ хамт аргал түүж, эмээтэйгээ утас ээрч, ширдэг ширж суусан гээдхөдөө нутаг, хүүхэд нас минь харагдаад эхэлсэн.Би чинь Хөвсгөл аймгийн  Цагаан-Уул суманд өссөн хөдөөний л бор охин шүү дээ. Тухайлбаларгал түүнэ гэдэг нь монгол хүүхдүүдийн хувьд зүрхэндээ гал цуглуулж байгаа их том амьдралын үйл хөдлөл. Аргалаа түүгээд түлнэ гэдэг маань нэг талдаа байгаль дэлхийтэйгээ зүй зохистой харилцаж байгаагийн хэлбэр гэх мэт сайхан дурсамжуудаасаа  сөхсөн. Өөрийн бага насыг дурсаж, уудлахын зэрэгцээ түүхэн судалгааг ч чамгүй хийсэн.Жишээ нь ширдэг ширлээ гэхэд ширдгийг ямар хээтэй ширдэг вэ?гэдэг нь хүртэл ястан ястанд ялгаатай. Өэлүн эхийн өсч төрсөн Олхонуд аймгийнханы хоол хүнс, хувцас зүүсгэл зэргийг  бүтээхэд судалгаа хийх  чамгүй  ажил өрнөсөн гэх үү дээ.

Хүүхдийн зохиол бичихэд уран бүтээлчхүнд  ямар мэдрэмж төрдөг юм бол?

Бичиж байхдаа инээгээд л сууна.Инээмсэглэж хийдэг ажил юм билээ. Магадгүй яруу найраг бүтээх бол их өөр. Хайр хагацлын  шүлгийг гуниж, халамцаж бичдэг.  Хүнийг энэлүүлж шаналгаж төрдөг бүтээл гэж байхад хүүхдийн зохиол эсрэгээрээ жаргалаар бичигддэг шиг санагдсан.Уншигч хүүхдүүд минь номоо захиалчихаад тэсч ядан хүлээж суугаа гэхээс хөл газар хүрэхгүй догдлоод, баяр хөөртэй явж байна. Номыг уншиж байгаа хүүхдүүдээр, худалдаж авч байгаа эцэг эхээр нь бахархаад л. Өэлүн маань биднийг  олон хөөрхөн найзуудтай болгож байна.

Хүүхдийн зохиолын уншигчид  дандаа шинэ юмыг эрэлхийлж байдаг. Нэг юмнаас амархан уйддаг ертөнц шүү дээ. Тэгэхээр тэр шуналтай ховдог, сониуч ертөнцийг хэр чинээгээрээ усалж ургуулж  цангааг нь тайлах хэмжээнд ажиллах юмсан гэж бодож хичээж байна.Өэлүн эх хамаг монголын түүхэнд ямар агуу хатан болон гарч төлөвшиж, ухаан билгээрээ төрийн жолоог залалцсан билээ. Түүн шиг Өэлүнтэйгээ хамт том болж хүүхдийн зохиолын ертөнцөд  үнэ цэнэ бүтээхийн  төлөө хичээх болно гэж бодож байна. Хүүхдэд зориулсан бүтээл туурвина гэдэг нэг талдаа хувь заяаны их том шагнал  байх.

Өгөөмөр охин Өүлэн охин маань хэдэн насны хүүхдүүдэд зориулагдсан бүтээл билээ?

Бид цувралаа анх  6-11 насны охидод  зориулья гэж багаараа ярилцсан. Учир нь үүнээс дээш насанд ирэхээрээ хүүхдүүд арай өөр зүйлд сонирхон сатаардаг шиг байгаа юм.Шохоорхол, анхны дурлал, сошиал ертөнц гээд л .Энэ их “агуу” сатаарлаас нь өмнө бид охидынхоо оюун санааг барьж аваад үндэсний хэмжээний бахархалт дүрийг ойлгуулж, тэр дүрээр дамжуулж  би чинь монгол охин шүү,  би Мандухай цэцэн хатан шиг, Сорхагтани бэхи хатан шиг сэтгэх оюуны хүрээ, сэтгэлийн цараатай байх боломжтой шүү гэдгийг  ойлгуулахыг хүссэн.

Хүүхдийн зохиолч эмэгтэйчүүд их цөөн байдаг?

Тийм юм шиг санагддаг.Харж байхад гол дүр нь  ихэвчлэн эрэгтэй, зохиолчид нь ч гэсэн эрэгтэй байх нь элбэг ш дээ тэ.  Тиймээс магадгүй  миний хувьд эмэгтэйчүүд илүү  бүтээгч байгаасай гэдэг нууцхан хүслийн минь туяа зохиолуудад минь тодорхой хэмжээнд туссан байж болох юм.

Надад бол таны зохиол цаг үеэ олж бичигдсэн, баатрууд нь хүртэл одоо бидний ярианы гол сэдэв болсон үндэсний ондоошилыг гаргасан дүр болж байгаа санагдсан?

Өэлүн бол үндэстний битгий хэл дэлхийн баатар.Монгол гаралтай боловч дэлхийн хэмжээний цараатай баатар гэж би хэлнэ.Түүхчид ч үүнийг хүлээн зөвшөөрөх байх.Монгол охид Элса шиг болох юмсан, Үнсгэлжин шиг болох юмсан гэдэг шигээ яагаад Өэлүн шиг болох юмсан гэж мөрөөдөж болохгүй гэж. Энэ чинь бидний л үндэсний өв соёлыг тээсэн баатар шүү  дээ. Үндэснийхээ  баатруудыг хүүхдийнхээ оюун санаанд уран зохиол, үлгэрээр дамжуулан нутагшуулах утга зохиолын үзэгдэл бий шүү дээ. Өэлүн бол үүний тусгал.

Хүүхдийн зохиол гэдэг маш хариуцлагатай салбар санагддаг?

Манайхан бол хүүхдийн зохиол гэхээр айдаг.Яагаад гэхээр хариуцлага өндөртэй, алдаа гаргаж болдоггүй онцгой хөдөлмөр учраас. Нэг л алдаа гаргаад тэр нь  3000 хувь хэвлэгдлээ гэхэд 3000 хүүхдийн оюун санаанд алдаа болж очно. Тийм учраас хариуцлагаас нь айгаад барьж авч тэр бүр зүрхэлдэггүй юм болов уу?Уг нь бол хүүхдийн зохиолчид мянга мянгаараа төрж байвал сайхан. Миний бодлоор хүн бүхэн хүүхдийн зохиолч болж чадна. Учир нь бид бүгд хүүхэд байсан. Бас бид бүгд л аав ээж болдог. Аав ээж болно гэдэг ахиад л хүүхдийн амьдралаар амьдарна гэсэн үг шүү дээ.Тийм болохоор хэрвээ бяцхан ч гэсэн бүтээл хийх гэрэл зүрхэнд чинь байгаа бол айхгүйгээр хүүхдийн зохиолтой найзлаад үзээрэй гэж хэлмээр санагддаг шүү.

Зохиолчид цаг үеэ гол нь мэдэрч чадаж байгаа болов уу гэдэг дээр санаа зовдог гэж хүүхдийн зохиолч Д.Батжаргал нэг ярилцлагадаа дурдсан байсан л даа.Тэгэхээр үндэсний хэв шинжит дүр бүтээж, үндэсний онцлогтой хүүхдийн зохиол гэхчилэн олон зүйл энэ зохиолд агуулагдаж байна шд.Тэр бүхний төв нь юу байдаг юм бол?

Маш хүнд асуулт байна.Бодож байгаагүй ч юмуу.Мэдрэмжээрээ хийгээд байсан ч юм шиг.Эргэцүүлж бодмоор асуудал байна шүү.Магадгүй нэлээн туршлагажсаныхаа дараа, өөрөөр хэлбэл нэлээн олон жилийн дараа би энэ асуултад оновтой хариулах байх. Одоо бол зүгээр л нисээд л, нисээд л яваа жижигхэн болжмор юм шүү дээ, хөөрхий. За харин таны асуултаас улбаалан  Д.Батжаргал багшийгаа зорьж очоод энэ талаар  ярилцахсан гэсэн бодол төрж байна шүү.

Ач тусын тухай үлгэрүүд маань цувралаар гарна гэсэн.Дараагийн цувралуудын дүрүүд ч өөрсдийн онцлогтой байх уу?

Ач тусын тухай үлгэрүүд маань хатадын 5, хаадын 5 цувралаар гарах төлөвлөгөөтэй. Эхний  ээлжинд 5 цуврал буюу охидод зориулагдсан хатдын таван цувралаа хэвлүүлж уншигчдынхаа гарт хүргэнэ. Уншигчид маань хөвгүүдэд зориулагдсан нь хаана байнаа гээд нэхээд эхэлсэн.Тэдмаань ирэх жилийн бэлэг болон очно шүү гэдгийг хэлье.Өэлүн гэхэд өгөөмөр сайхан сэтгэлийн ач тусыг харуулах бол Бөртэгээр найзалж нөхөрлөхийн ач тусыг сийрүүлэх юм.Сохугтани бол эрдэмт охин.Монголын түүхэнд Сохугтани эх эрдэм билгээрээ шагшигдсан хатан байсан.Эрдэм мэдлэгт шимтэж, өөрийгөө чимэхийн ач тусыг гаргаж өгч байгаа.Сониуч охин Есүгэн. Би Есүгэндээ их хайртай.Хүчирхэг, үймүүлдэг, сахилгагүй охин. Гэхдээ тэндээсээ авах сургамж нь сайхан.Цэцэн охин Мандухай маань их шидлэг зохиолтой. Эндээс хүүхдүүд эр зориг,  өөртөө итгэлтэй байх нь түүний амьдралд хэрхэн нөлөөлж болохыг  уншина.

Өгөөмөр охин Өэлүний харц булааж буй өнгө үзэмжийг магтахгүй байхын аргагүй санагдсан шүү?

Манай зураач Б.Энхтөр гэдэг залуу Өэлүнг  амилуулсан. Зураачдаа маш их талархаж байна.Бусдын  төсөөлснийг, бичсэнийг хүүхдийн сэтгэлгээнд оруулж буулгана гэдэг бол хамгийн том мэдрэмжтэй хөдөлмөр байсан. Өэлүн гэхэд яг л монгол хүүхдүүдийн малигар, боргил бодит амьдралын дүр. Орчин үед үнэн дүр их хэрэгтэй болсон байна гэдгийг мэдэрсэн.Жишээ нь охид туранхай охидыг хараад туранхай л бол гоё, би ийм л болох ёстой гэж боддог болсон нь нэг талаараа медиагийн хандлага хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж, шахаанд оруулж байгаагийн нэг илрэл юм л даа.Бид үүнийг нилээд эвдсэн дүрүүдийг гаргаж ирэхийг зорьсон.Тиймдээ ч яг л байгаагаараа нөхөөстэй хувцастай, шонтгор хамартай, уншигчтайгаа хамт өсөж өндийж чаддаг, тийм дүрүүдийг зургаар илэрхийлсэнд нь баяртай байгаа.

Хүүхдэд зориулагдсан сайн бүтээлийг хүүхдэд хайртай, сэтгэлтэй хамт олон л бүтээдэг.Нэг хүн бүтээдэггүй.

Нэмж хэлэхэд манай  редакторын ажлаас хүүхдүүд их сайн нугалалцсан гэвэл гоё сонсогдож байна уу?

“B+”ХХК бол хүүхдийн төлөө нэгдсэн хамт олон. Энэ хамт олныминь дунд номын редактороор ажиллаж байгаа  С.Лхагвагээд эмэгтэй бий. Тэр эмэгтэйг би үнэхээр онцолмоор санагдаж байна. Бидний баг дараа дараагийн өдөр хоногуудад бяцхан уншигчидынхаа хэрэгцээг мэдэрсэн олон срюприз барихаар ажиллаж байгаа шүү.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Манай охидууд жоохон л доо гэхдээ авахгүй хажуцгаар өнгөрч чадаагүй Маш их таалагдсан шүү

    0 0 Хариу бичих