Г.Ганбаяр: Зөвхөн олимпийн эрх авсан тамирчдыг л шигшээ багт оруулахыг шаардаж байгаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны үеэр тамирчдын цалин урамшуулалын асуудал хөндөгдлөө. Уг асуудал нь Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй ч тус Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг уг асуудлыг хөндсөн юм. Учир нь, Индонезийн нийслэл Жакарта хотноо болж буй Азийн пара наадамд оролцож буй Монгол Улсын баг тамирчид онгоцны тийзээ зээлээр авч явсан тухай мэдээлэл гарчээ. Үүнтэй холбоотойгоор дараахь байдлаар хэлэлцүүлэг өрнөлөө.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: -Яг одоо Индонезийн Жакартад Азийн пара наадам болж байна. Манай баг тамирчид одоогоор амжилттай оролцож мөнгө, хүрэл медаль аваад байна. Улсын шигшээ багт багтсан паралимпийн тамирчдын цалин хэдэн төгрөг байгаа вэ. Би буруу сонсоогүй бол 280 мянган төгрөг байдаг гэсэн. Үүн дээр тодорхой мэдээлэл өгөөч.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг: -Халамжийн сангаас паралимпийн тамирчдад нэг удаагийн урамшуулал олгодог. Энэхүү урамшуулалыг олгохдоо тухайн иргэний авч байгаа тэтгэвэр тэтгэмж, оролцсон тэмцээнийх нь давтамжийг үндэслэдэг. Тэтгэвэр тэтгэмжийнх нь хэмжээг 24 сараар үржүүлж олгодог.  Паралимпод оролцоод амжилт гаргасан бол 48 сараар үржүүлж урамшуулал олгодог. Энэ мөнгийг тэмцээн уралдаандаа оролцоод ирснийх нь дараа олгодог гэсэн үг. Таны хэлж байгаа сар бүр олгодог 280 мянган төгрөгийн цалингийн асуудал бол Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төсөвт суудаг.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр: -Жакартад болж байгаа Азийн пара наадамд оролцож буй тамирчдын төсөв 80 сая төгрөг энэ оны төсөвт суусан. Гэвч нэмж 200 сая төгрөг шаардлагатай болсон. Энэ асуудлыг сар гаруйн өмнө Сангийн яаманд уламжилсан. Гэвч Сангийн яам ийм хэмжээний мөнгө гаргах боломжгүй гэсэн. Тиймээс 80 сая төгрөгтөө багтаан зохицуулалт хийхийг хичээсэн. Хоёрдугаарт, пара гэлтгүй үндэсний шигшээ багийн бүх тамирчдын цалин 280-330 мянган төгрөг байдаг. Нийтдээ 364 хүн үндэсний шигшээ багаас цалин авдаг. Энэ цалинг нь жаахан нэмэгдүүлж 500 мянга руу дөхүүлье гэхээр урсгал зардал нэмэхгүй гэдэг үндэслэлээр жилийн жилд хасагддаг. Бүр цаашдаа олимпийн наадмын эрх авсан тамирчдыг л үндэсний шигшээ багт оруулахыг шаардаж байгаа. Тэгэхээр 364 хүний тоо буурах хандлагатай байна. Олимпийн өмнөх жил учраас 2019 оны төсвийг нэмэх санал гаргасан боловч бас дэмжигдээгүй хасагдсан. Тэгэхээр ирэх онд ч гэсэн тамирчдын бэлтгэл сургуулилт хийх болон тэмцээн уралдаанд оролцох зардал өнөөдрийнх шиг дутагдалтай байхаар байна. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: -Зөвхөн олимпийн эрх авсан тамирчдыг л үндэсний шигшээ багт оруулна гэж юу гэсэн үг юм бэ.  Монгол Улс аль болох олон тамирчнаа олимпод оруулахын тулд үндэсний шигшээ багтаа олон тамирчныг оруулж цалинжуулж, бэлтгэл сургуулилтыг нь хангуулах ёстой. Үндэсний шигшээ багтаа багтаж байж олимпийн эрх авах тэмцээн уралдаануудад оролцох ёстой. Гэтэл энэ бодлого чинь яаж яваад байгаа юм бэ. Энэ асуудлаа засаг дээрээ ярьж Сангийн сайдтай ойлголцох хэрэгтэй. Бүр болохгүй бол Ерөнхий сайдтайгаа ярилцаж бодлогын өөрчлөлт хийхгүй бол спортын салбар явахааргүй байна. Азийн пара наадамд оролцож байгаа 40 гаруй тамирчин чинь бүгдээрээ онгоцны тийзээ зээлээр аваад явчихсан байгаа юм билээ. Очсоны дараа төр засаг маань шийдэж өгөх байх гэсэн итгэл найдвартайгаар тэмцээндээ амжилттай оролцож улсынхаа нэрийг гаргаж байна. Тиймээс энэ асуудлыг Сангийн яам руу бухаад байлгүй Засгийн газар дээрээ ярьж шийдээрэй.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав: -Тамирчид маань хөрөнгө, хүчээ бараад улс орныхоо нэрийг гаргадаг. Эх орныхоо төлөө гэсэн сэтгэл зүрхтэй хэдэн хүн хоолтой хоолгүй явж байдаг юм. Үүнийг бүх хүн мэдэж байгаа. Энэ хүмүүст олгох санхүүжилтийг Сангийн яамаар мэдүүлж болохгүй. Асуудал хариуцсан яам нь саналаа оруулаад ирэх юм бол УИХ шийдэх бүрэн боломжтой.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)