Шуурхай албаны ажиллах журмын төслийг хэлэлцлээ

Даатгалын тухай хуулийн 121.3-т зааснаар Албан журмын даатгагчдын холбоо нь “даатгагч, даатгуулагч, хохирогч, иргэнээс даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авч, даатгалын тохиолдлыг шуурхай, үнэн зөв тодорхойлох боломжийг даатгагч, даатгуулагч, хохирогчид бүрдүүлэх чиг үүрэг бүхий шуурхай алба”-тай байхаар заасан байдаг. Үүний дагуу Санхүүгийн зохицуулах хороо 2015 онд “Албан журмын даатгагчдын холбооны Шуурхай албаны ажиллах журам”-ыг батлан мөрдүүлж байна.

Захиргааны Ерөнхий хууль шинээр батлагдсан болон даатгалын зах зээлийн төлөв байдал шинэчлэгдэн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор дээрх журмыг боловсронгуй болгож батлах ажлыг Хороо холбогдох хууль, журмын дагуу үе шаттай явуулж байна. Энэ оны тавдугаар сард тус журмын төслийг Хорооны цахим хуудсанд байршуулж, олон нийтээс санал авах ажлыг сар гаруйн хугацаанд зохион байгуулсан бөгөөд одоо зах зээлд оролцогчид, хамаарал бүхий этгээдүүдээс дахин санал авч эцэслэн боловсруулахаар ажиллаж байна.Өнөөдөр Хороо дээрх журмын төслийг жолоочийн албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхэлж буй даатгагч нар болон Монголын даатгалын холбоо, Албан журмын даатгагчдын холбооны төлөөллүүдээр хэлэлцүүллээ. Өнөөдрийн байдлаар Албан журмын даатгагдын холбооны Шуурхай албаны зэрэгцээ даатгалын компаниудын жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын Шуурхай албад мөн ажиллаж байгаа юм. Эдгээрийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх нийтлэг, нэгдсэн зохицуулалт бий болгох нь зүйтэй гэсэн зарчмын байр суурь болон холбогдох бусад саналыг хэлэлцүүлэгт оролцогчид гаргаж, журмын төсөлд тусгуулахаар боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)