"Хөдөлмөр медиа экспо" дохионы хэлний орчуулгатайгаар хүрч байна

Эх хэл гэдэг бол аливаа улс үндэстний оршин тогтнох, үндэсний онцлогоо харуулах нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хувь хүний боловсрол олж авах, нийгэмд өөрийн байр сууриа бий болгоход чухал үүрэгтэй байдаг. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд дохионы хэл нь тэдний эх хэл юм. Монголын медиа корпорациас санаачлан энэ удаад ажлын байр, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгч, мэргэжил олгох сургалтын төвүүд , ажил зуучлагчид болон ажил хайж байгаа хэн бүхэнд зориулан Хөдөлмөр медиа экспог аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-н хүртэл нэг сарын хугацаатай явуулж байгаа билээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн медиа аяны гол зорилго нь ажил, мэргэжилгүй, орлогогүй байгаа залуусыг мэргэжил сургалтын төвүүд болон ажлын байранд зуучлахад нь гол гүүр болон ажил олгогч, ажил хайгч нарыг нэг цэгт уулзуулах мөн мэргэжил, сургалтын төвүүд болон жижиг дунд үйлдвэрлэгч нарын бараа, бүтээгдэхүүний онцлогыг  нийтэд сурталчлах юм. Бид энэхүү аянаа дохионы хэлний орчуулгатайгаар хүргэж байгаа юм.

Дохионы хэлний талаар Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвд дохионы хэлмэрч, орчуулагч, багш Б.Саранчимэг ярилцлаа.

-Та дохионы хэлийг анх яаж сурсан бэ?

-Манай гэр бүлийн хүн сонсголын бэрхшээлтэй. Би багадаа сонсгол сул учраас  3-5 дугаар ангидаа суралцан анх дохионы хэлийг сурч байсан. Дараа нь энгийн сургуульд  аравдугаар  ангиа төгсөж байлаа. Нийгмийн хэрэгцээ шаардлага байгаа учраас дохионы хэлийг хаялгүй 26 дахь жилдээ дохионы хэлээр нийгмийн үйлчилгээг хүргэж байна.Одоогоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвд дохионы хэлний орчуулагч, багшаар 19 дэх жилдээ ажиллаж байна

-Дохионы хэлний хэлмэрч, орчуулагч Монголд хэр хангалттай, хүрэлцээтэй байдаг вэ?

-Ер нь байдаггүй, ховор шүү. Дохионы хэлний хэлмэрч, орчуулагч гарын арван хуруунд хүрэхгүй.

-Энэ төрлийн боловсон хүчнийг Монголд бэлтгэдэг үү?

-Дохионы хэлний боловсон хүчин бэлтгэдэг сургууль Монголд байхгүй.  Дохионы хэл бол сонсголгүй иргэдийн эх хэл учраас боловсролын бодлогоор дэмжих ёстой.

-Өмнө нь дохионы хэлний хэлмэрч, орчуулагч хаана хэрхэн бэлтгэдэг байсан бол?

-1980-аад онд дифтлогич буюу согог зүйч мэргэжлээр ОХУ-д багш бэлтгэдэг байсан. Тэр нь хэл засалч буюу согог зүйч гэсэн үг. Түүнээс биш яг дохионы хэлээр багш бэлтгэдэггүй байсан.

-Олон улсын хэмжээнд хэл ярианы бэрхшээлтэй иргэд нэг дохионы хэлээр хоорондоо ойлголцдог уу?

-Сүүлийн үед техник технологи хөгжсөнтэй холбогдуулаад Монголын сонсголын бэрхшээлтэй иргэд цахим орчинд мэдээлэл авахад олон улсын дохионы хэлийг бие даан сурч байна. Олон улсын дохионы хэлний тухайд үйлдлийн 50 хувь нь ойролцоо. Ярианы хэл нь бол улс орон бүрд өөр.

-Өнгөрсөн жил 29 дүгээр тусгай сургуульд мэргэжлийн дохионы багш байхгүй гэдэг асуудал хурцаар тавигдсан. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-29 дүгээр сургуулийн асуудал дээр би Боловсролын яамны хүсэлтээр хөндлөнгийн ажиглагчаар ажилласан. Өмнө нь ажиллаж байсан дохионы багш нарын ихэнх нь тэтгэвэртээ суусан,  шинэ багш нар нь ямар ч дохионы хэл мэдэхгүй байлаа. Аргагүй шүү дээ, их, дээд сургуульд дохионы хэлний хичээл огт ордоггүй. Би тэдэнд дохионы хэл зааж өгмөөр л байна.

-Сургуулийн зүгээс танд хандаагүй юу?

-Төр, төрийн бус байгууллага хамтарч ажиллах ёстой. Тэр уялдаа байхгүй. Бидний саналыг хүлээж авах, холбох гүүр нь байдаггүй. Харьяалах яамны мэргэжилтнүүд дунд ч үнэхээр энэ асуудлаа мэддэг, хэлний бэрхшээлтэй иргэдийн зовлонг ойлгодог хүн байдаггүй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. HSANA

    0 0 Хариу бичих