Украины нийслэл тавдугаар сараас хойш халуун усгүй байна

Хэрэглээний халуун ус тасарснаас болж Киевийн иргэд өнгөрсөн тавдугаар сараас хойш 1.5-3.6 мянган гривен хэмнэжээ. Хотын захиргааны орлогч дарга Петр Пателеев ингэж мэдэгдсэн талаар “Украинская правда” сонин мэдээллээ. Тэрээр “Хэрвээ нэг хүн сард 2-3 кубметр ус хэрэглэдэг гэж тооцвол гурван ам бүлтэй нэг гэр бүл халуун ус тасарсан тавдугаар сараас хойш 3-3.6 мянган гривен хэмнэжээ. Харин наймдугаар сараас хойш халуун усгүй болсон Оболонь, Троещинагийн иргэд 1.5 мянган гривен хэмнэсэн гэсэн тооцоо гарч байна” гэсэн гэнэ.

“Нафтогаз”, “Киевтеплоэнерго” компанийн хооронд өр, авлагын маргаан үүсч, шүүхдэлцсэнээс болж Украины нийслэлд халуун ус тасарсан юм байна. Шүүхийн шийдвэр Киевийн дулааны компани “Нафтогаз”-д 2.3 тэрбум гривен төлөх ёстой, гэхдээ алданги тооцохгүй гэж гарчээ.

Хоёр компанийн хооронд үүссэн асуудал, нарийндаа бол өөрсдөө халуун усны төлбөрөө өгөөгүйгээс болж киевчүүд ийнхүү халуун усгүй зуныг өнгөрөөж, дарга нь дээрх маягийн мэдэгдэл хийн иргэдийнхээ бухимдлыг төрүүлж байна. Өмнө нь Киев хотын дарга Виталий Кличко “Хүмүүс намайг цорго хаасан гэж ойлгоод байх шиг. Уучлаарай. Усыг халуун болгохын тулд яадаг билээ. Халаадаг. Юугаар халаадаг вэ. Хийгээр. Гэтэл бидэнд хий өгөхгүй байна” хэмээн мэдэгдэж байв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)