Зөвшөөрөлгүй эмнэлэгт үр хөндөлт хийлгэхгүй байхыг анхаарууллаа

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас хууль бус үр хөндөлтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн дүнгээ танилцууллаа.

 Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эх барих, эмэгтэйчүүдийн өвчний оношлогоо, эмчилгээний чиглэлээр ажилладаг улс болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хийсэн шалгалтад нийт 46 эмнэлэг хамрагджээ.Шалгалтын явцад эмчилгээний хяналтын чиглэлээр гарсан зөрчлүүдээс дурдвал

     Тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршилдаа үйл ажиллагаа явуулдаггүй, Тусгай зөвшөөрөлд заагдсанаас өөр үйл ажиллагаа явуулж байгаа Энхлэг, Сүйжин, Ач арвижих,  Ди Эл Өү, Энхмөнхманал  эмнэлэгүүд;

     Эмчлэх, сувилах, эх барих үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явуулж байсан Бяцхан гүнж, Цэцэгс ,Сэцэнгоо эмнэлэг;

     Баянзүрх дүүрэгт байрлах Энхийн төлөө эмнэлгийн магадлан итгэмжлэлийн хугацаа дууссан байтал үйлчлүүлэгч авч,  4-5 долоо хоногтой жирэмсэн эхэд  эмийн зулбаа хийсний улмаас, хүндрэл гарч эмнэлэгт  хандсан зэрэг тохиолдол бүртгэгджээ.Тэрчлэн хууль бус үр хөндөлтийн улмаас биеийн байдал хүндэрч ирсэн үйлчлүүлэгчийн тохиолдлыг судлахад Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, Амгалан амаржих газруудад эхний 8 сарын байдлаар 21 тохиолдол бүртгэгджээ. Шалтгааныг тодруулахад үйлчлүүлэгчид Нарантуул зах болон хувь хүнээс зулбуулах эм авч хэрэглэсэн байжээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, Амгалан амаржих газарт үр хөндөлтийн улмаас хүндрэл өгч умай цоорсон 2 тохиолдлыг мэс заслын аргаар эмчилсэн байна.

      Зөрчил дутагдал гаргасан этгээдүүдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу 4 хуулийн этгээд, 3 эмчид 2 сая 900 мянган төгрөгийн шийтгэл оногдуулжээ.

Иймд хууль бус зөвшөөрөлгүй эмнэлэг, хувь хүнээс үр зулбуулах эм худалдаж авахгүй, эмчилгээ хийлгэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь зөвшөөрөгдсөн эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн эмч нар үр хөндөлт хийх учиртай. Хийлгэсэн ч цаашид эхийн биед сөрөг нөлөө ихтэйгээс гадна, бүрэлдэж бий болсон хүнийг хөнөөж байгаагаас өөрцгүй хэрэг тул аль болох үр хөндөлт хийлгэхгүй байхыг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар анхаарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Энэ эмнэлэг миний санахаар 1996 онд байгуулагдсан. Байгуулагдахаасаа өмнө нийслэлийн 2-р амаржих газар эмчээр олон жил ажиллаж ХБНГУ-д мэргэжил дээшлүүлж тэндээ эмнэлэгт олон жил ажилласан туршлагатай мундаг эмч нар байдгим шүү. Нэрийг нь дурдсан байхыг харлаа их гайхаж байна.

    0 0 Хариу бичих