Ажилгүй залуусын 90 хувь нь байнгын ажилд орохыг хүсдэг

Монголын медиа корпорациас санаачлан ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгч, мэргэжил олгох сургалтын төвүүд, зуучлагч болон ажил хайж байгаа хэн бүхэнд зориулан Хөдөлмөр медиа экспог ирэх сарын 1-н хүртэл нэг сарын хугацаатай өрнүүлж байгаа билээ.

Медиа экспогийн онцлог нь хэн ч, хаанаас ч, хэзээ ч уг экспод оролцож, мэдээлэл авч, сонголтоо хийж болно.

ХНХЯ-ны Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтээс өнгөрсөн жил 720 өрхийн 2856 иргэнийг хамруулж, залуучуудын ажилгүйдэл, эдийн засгийн идэвхгүй байдлын судалгааг гаргасан байна. Судалгаанд  оролцогчдын 49.5 хувь нь ажил олдоогүй, 38.1 нь хүүхэд асарч байгаа, 10.1 хувь нь гэрийн ажилтай, 2.1 хувь нь ажиллахыг хүссэн ч шантарсан, 1.9 хувь нь ажил хийхийг хүсээгүй гэж хариулжээ.

ХНХЯ-ны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын секторын эрхлэгч И.Энхбаатартай ярилцлаа.

-Ажилгүй иргэдийн дийлэнх хувийг эзлээд байгаа залуучуудтай холбоотой судалгааг хийжээ. Үр дүнгийнх нь талаар танилцуулахгүй юу?

-Энэхүү судалгаагаараа бид залуус хөдөлмөр эрхлэхгүй байгаа гол учир шалтгааныг харахыг зорьсон. Мөн тэднийг хөдөлмөрийн зах зээлд татан оруулахад ямар дэмжлэг, туслалцаа, арга зам хэрэгтэй байгааг судалсан. Ажлын байр олдохгүй байна гэдэг хариултыг нийт залуусын тал хувь нь хэлдэг. Мөн миний мэргэжилд хамаарах ажил олдохгүй байна гэдэг.

Залуучуудын өөрсдийнх нь ажил олох, хийх хүсэл тэмүүлэл дутагдалтай байгаа. Манай бүртгэлийн системд хандсан ажилгүй иргэдийн 60 гаруй хувь нь хөдөө, орон нутгийн залуус байдаг.  Нийслэлд хөдөлмөр халамжийн газраар дамжуулан бүртгүүлж байгаа залуусын идэвх сул. Үүний шалтгаан нь магадгүй  залуус өөрсдөө ажлын байраа хайдагтай холбоотой байх. Гэхдээ ажил идэвхтэй хайж байгаа ч ажилд орж чадахгүй тохиолдол маш их байна.  Сүүлдээ олон улсын хөдөлмөрийн байгууллагаас  "шантарсан ажил хайгч" гэдэг нэр томъёо хүртэл гаргасан.

Залуус нэгдүгээрт сургалт хүсэж байгаагаа судалгаагаар илэрхийлсэн. Үүнд чиглүүлэх, мэргэшүүлэх сургалтаас илүүтэйгээр ажлын байран дээрээ дагалдан ажиллах маягаар суралцаад цаашдаа тухайн байгууллагад ажиллах хүсэл их байна.

Мөн ажилгүй байгаа залуусын 90 хувь нь тогтвортой, байнгын ажлын байран дээр ажиллах хүсэлтэй байдаг. Энэ нь манайх хуулиараа гурван сар хүртэлх хугацаанд дадлагажигчаар ажиллуулдагтай холбоотой. Тодруулбал залуусыг 2-3 сарын хугацаанд цалингүй ажиллуулчихаад эргээд тэнцсэнгүй гээд хөөгөөд явуулдаг. Тиймээс ингэж олон газар хөдөлмөрөө шулуулж байхаар ажил хийхгүй гэртээ хэвтэж байсан нь дээр гэх хандлагатай залуус судалгааны явцад олон таарч байсныг энд цохон тэмдэглэе.

-Ажил олгогчийн зүгээс ямар шалтгаан хэлж байна. Тэдний хүсээд байгаа зүйлийг хангаж өгөх боломж, бололцоог байдаг уу?

-Бид ажил олгогчийн зүгээс ямар шаардлага тавьж байна гэдгийг ерөнхийд нь судалж, байнгын тандалт хийдэг. Ерөнхий дүр зургийг аваад үзвэл ажил олгогч нар мэргэжлийн мэдлэг, боловсролын түвшин шаарддаг. Түүнчлэн тодорхой ажлын туршлага шаардаж байгаа. Энэ нь залууст боломж олгохгүй байна гэсэн үг.

Өнгөрсөн жил ажил олгогчоос ажилтанд тавих шаардлагын судалгааг эхлүүлсэн. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага буюу МСҮТ, коллежуудад бэлтгэж байгаа найман мэргэжлийг сонгон авч ажил олгогчид нь ямар шаардлага тавьдаг тухай судалгааг хийсэн. МСҮТ төгсөгчдөөс хамгийн түрүүнд тухайн хүний зөв хандлагыг хардаг болсон байна. Хөдөлмөрийн зах зээл болон эдийн засгийн хуулиараа бол ажил олгогч хамгийн түрүүнд мэдлэг, чадварыг тавих ёстой. Гэтэл МСҮТ төгсөгчдийн мэдлэг, чадвар шаардлагыг нь хангадаггүй учраас зөв хүн, зөв хандлагатайг нь авдаг гэж ажил олгогч нар онцолсон. Тэдгээр хүүхдүүд ажлын байран дээр гараад бусдаасаа суралцаж, илүү дадлага олж аван цаашид ажиллах хандлага илүү байдаг гэдэг. 

Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын техник технологи үеэ өнгөрөөсөн хуучны эд байгаа учраас багш нар нь тэдгээрийг эзэмших талаар хичээл заах ямар ч мэдлэггүй байна гэж ажил олгогчид голдог. Тиймээс багш нарыг нь мөн давхар дадлагажуулж, сургалтын хөтөлбөрөө шинэчлэх тал дээр нь хамтран ажиллая гэдэг саналыг тавьж байсан нь олзуурхууштай.

 

 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)