Гуравдагч хөршийн эсрэг дайн [1]

Гадаадын капиталыг шахан зайлуулсны болон

Феодалын хөрөнгө хураах комисс анх байгуулагдсны 90 жилийн

түүхт ойд зориулав.

нэг. Хөрөнгө оруулагчдын эсрэг I дайн

Монголын эдийн засгийг гадныхан хорлож байгаа тухай яриа хөөрөө шинэ юм огт биш. Манай хөрш их гүрнүүдийн аль нэг нь улс оронд маань эдийн засаг, улс төрийн бүрэн хяналт тогтоохынхоо өмнө ийм операци явуулдаг бэлэн туршлага-түүх ч байгаа.

Монголчууд ХХ зууны эхээр тусгаар тогтнолоо сэргээн зарлаж, аугаа их Чингэс хааны хээр тал нойроос сэрснийг тунхагласан юм. Олон зуун жил Манж Чин гүрний эрхшээлд чимээ амиагүй нойрссон монголчуудыг ХIX-ХХ зууны заагаар дэлхий ертөнц сонирхож эхэлжээ. Ерөөсөө энэ үе бол дэлхий ертөнц хөдөлгөөн доргионд орсон, манай гаригийн улс төрийн газрын зургийг удаа дараалан шинэчлэх том дайнуудын цучил уугиж эхэлсэн сонин цаг байж. 

Монголд Загалмайн шашны номлогч, хожим Богд хаанаас гүн хэргэм хүртсэн Ларсон нар ирж, Хаслунд нарын зэрэг Данийн фермэрүүд орчин цагийн мал аж ахуй эрхлэхээр Хөвсгөлд суурьшиж, олон орны худалдааны пүүсүүд монголд ажиллаж, Гадаадын хөрөнгө оруулалттай “Монголор” компани алт угааж, алдарт Рой Эндрюсийн экспедиц говь нутгаас олсон үлэг гүрвэлийн өндгөөр дэлхийг дэлдийлгэж байлаа. Нийслэл хүрээнд Баатар цагаан хааны, Хятадын Бүгд найрамдах улсынхаас гадна олон орны жишээлэхэд Америк төдийгүй Дани, Швед зэрэг Скандиновын орны төрийн далбааг харж болох байв.

 “Отчеты агентов Министерство торговли и промышленности за границей за 1914г. Петроград” гэдэгт дурьдснаар бол 1912 онд Монголоос Тяньзиний чиглэлээр тэмээний ноос 103019 пүү, ямааны ноолуур 78300 пүү, Хонины ноос 979512 пүү, 1913 онд тэмээний ноос 122123 пүү, ноолуур 43231 пүү, хонины ноос 1 036629 пүү тус тус гаргаснаас тэмээний ноосны ихэнхийг Англид, хонины ноос бүгдийг АНУ-д усан замаар аваачжээ (БНМАУ-ын түүх. дэд боть.1968. тал 566)

Харин оросууд зөвхөн ноос ноолуур бус ноос бүхий малыг өөрийг нь авдаг байж. Тухайлбал, 1913 онд 98.000, 1914 онд 67.700,1915 онд гэхэд л 80.000 толгой бод мал (мөн тэнд) Хаант орос руу гаргаж байсан байх юм.

Монгол хэлнээ нэвтэрсэн “машины манивииль”“ зуун миль хурдтай давхих” гэхчлэнгийн “орос бус” хэллэгүүд нь техник технологи хээр талд огт өөр зүгээс анхлан ирснийг гэрчлэн үлджээ.

Монголчуудын тал нь мал маллаж, үлдсэн хэсэг нь бурханд мөргөх ажилтай тул улс үндэстнээ хэрэгцээт бараагаар хангах эх орон нэгтэн хараахан төрөөгүй байв. Монгол хүнд ийм ажил хийхийг хориглосон юм огт байхгүй, гагцхүү өөрснөө бизнэс төдий л сонирхдоггүй байв. Тэр ч бүү хэл арилжаа наймааг дорд ажил хэмээн хялайж “худалдаачин хүн хуруу хазайвал хулгайч болно”, “Сүнсгүй наймаачаас сүнстэй хулгайч” дээр гэж цэцэрхэхээ үл мартана. Цэцэрхээд зогсохгүй мал хулгайлдаг “сүнстэй хулгайч” нараа шилийн сайн эр хэмээн өхөөрдөнө. Иймээс гадны худалдаачидл монголчуудын гуравхан импорт болох цай, тамхи, даалимбыг залгуулна. Бас монголчууд өөрснөө эсгий татаад татаад барахгүй, дээс томоод томоод дуусахгүй, дээл оёод оёод хороохгүй ноос,үс, арьсыг нь худалдан авч дундална. Харанхуй бүдүүлэг хээр талд ёс суртахуунгүй арилжаа, мөлжлөг байсан л байж таараа. Гэхдээ аль аль талдаа л ашигтай бизнэс цэцэглэж байв.

Нүүдэлчид мал маллахаас бусад ажлыг дор үзэж хялайн харна. Бүтээн байгуулалт, хот байгуулалт, сууршлын үндэс болсон барилгын ажлыг “шавар нухах” хэмээн хочлох ба хятад мэтийн “дорд” үндэстний амь зуух арга хэмээн басамжилна. Иймээсээ болоод хятадын худалдааны нууцад нэвтрэх, арилжаа наймааны дотоодод нэвтэрч, шударга ёс шаардах хэмжээнд очоогүй гэж болохоор.

Харин 1911 онд тусгаар тогтнолоо зарлаж, хөгжлийн бодлогоо тодорхойлохдоо Манж-хятадын бус буюу өрнөдийн жишгээр, орос-европын хөгжлийн загвараар замнах санаа бодол үүссэн нь нүүдэлчдийн хандлагыг өөрчилсөн бололтой. 1911 онд тусгаар тогтносныхоо дараахан монголын нөлөө бүхий баячууд хувь нийлүүлэн хоршоолж, түүхий эдээ өөрснөө гадагш гаргах, жин тээврийн бизнесийг хяналтандаа оруулах оролдлого хүртэл хийж эхэлсэн байдаг. 

Ийнхүү хэлбэл монгол орон дэлхийтэй холбогдож, шинэчлэгдэн буй ертөнцийн нэг хэсэг болж эхэлж байв. Одоогийн ойлголтоор бол хэрдээ л глобальчлагдаж, тухайн үеийнхээ тусгаар тогтносон, гадаад харилцаатай улсын ердийн хэв маягийг хоног хоногоор олж байсан хэрэг.

1921 оны ардын хувьсгалаас хойш монголын засаг төрд бүрэн хяналтаа тогтоосон Зөвлөлтүүдийн зүгээс монгол дахь гадаадын хөрөнгө оруулалттай дайн зарлалаа. Ингэж монгол дахь гадны хөрөнгө оруулалтын эсрэг анхдугаар дайн эхэлсэн түүхтэй. Зөвлөлтүүд энэ ажлаа тухайн үеийн монголчуудад “зохиож өгсөн” түүхэндээ хэрхэн тусгасныг харъя. Хувьсгалт түүхнээ “...Ингэж баруун европ-Америкийн капитал ард олныг дангаараа дарлаж байсны дээр ба Хятадын шунахай этгээдүүдтэй сүлбэлдэн Монгол орныг цөлбөн дээрэмдэж билээ”  хэмээжээ. Яасан танил лоозон бэ? Өнөөгийн Оюу толгой, Таван толгой, Бороогоулдын эсрэг тавьж буй уриа лоозонг юутай ихээр санагдуулна вэ?

Гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг төрийн ба иргэний хөдөлгөөн хавсран өрнөв. Эхлээд тэднийг үндэснийхээ туг далбааг намируулахыг хориглож, улмаар данс гүйлгээг хааж, эцэст ньэздийг нь хөөв. 1928 он гэхэд монголоос хамгийн сүүлчийн барууны хөрөнгө оруулагч гарлаа. Одоо Монголд өнөө “Аллахаас өөр бурхан үгүй” гэдэг шиг зөвхөн Зөвлөлийнхөөс өөр эдийн засаггүй болов. Харин маргаашаас нь монголчуудын хувийн өмчийг “феодалын хөрөнгө хураах” нэрээр дээрэмдэн булааж эхлэв. Хэрвээ Ларсоны хөрөнгийг хураасан бол Орос Швэд, Орос-Америкийн хооронд асуудал үүсч далиманд нь монгочуудын хөрөнгийг булаах ажил гацах байв. Хэрвээ Данийн фермерийн малын нийгэмчилсэн бол Зөвлөлт ба Скандиновын хооронд яриа гарч улмаар монгол малчны малыг хүчээр булаахад түвэгтэй болох байв. Ядаж л барууны иргэншсэн орнуудын нөлөөгөөр хувийн өмчийн халдашгүй байдлын тухай яриа хөөрөө дэгдэж ,өмчөө хамгаалсан иргэний эсэргүүцэл дэгдэх байв.

 Гэвч ийм саадыг “Гадаадын мөлжигчдийн хөөх” компаниар, монголчуудын өөрснийх нь хүчээр нэгэнт хийсэн байв. Монголын эдийн засаг, хүн амын эсрэг чиглэсэн улаан террор ингэж эхэлсэн түүхтэй. Үр дүнд нь монголчууд хувийн бүх өмчөө хураалгаж, аминдаа байх жаахан өмчиндөө хатуу хязгаар тавиулж, насанд хүрсэн таван эр хүн тутмынхаа нэгийг буудуулсан болой.

Хоёр. Хөрөнгө оруулагчдын эсрэг II дайн

ХХ зуун дуусахад арваад жил дутуу байхад социалист систем өөрөө нурлаа. Монголчууд ньэнэ завшаанд эдийн засаг ба улс төрийн тусгаар байдлаа эргүүлэн авав. Ардчиллын хамгийн том ололт нь нэгдүгээрт монголын төр хэрхэхээ гадны улсаас асуухгүй болсон, хоёрдугаарт монголын эдийн засгийг нэг улс дангаараа хянахгүй болсон явдал юм гэж хувьдаа үздэг.

 Ардчиллын хорин(одоогоор бол гучин) жилд глобальчлагдан буй дэлхий ертөнцийн нэг хэсэг, орчин цагийг тусгаар орны жишиг рүү мэрийн дөхөж буй манай оронд гадаадын хөрөнгө оруулагчид чамгүй ирж байна. Дээр нь монгол орноос ашигт малтмалын арвин нөөц илэрч байгааг ч хэлэх үү?

Өөрөө хийж үзээгүй ажилд чаддаг нэгнийг урьдаг ёс эртнийх, үгүйдээ л хонь гаргах хүнгүй айл саахалтын хар хүнийг гуайгаад шанд нь өвчүү чанаж өгөх юм уу? эсвэл хөл мах бариулаад явуулдаг ёс шиг эртнийх. Монголчууд эрчим хүч гаргах уламжлал тал дээр бол аргал түүх, модоо гамгүй хөрөөдөх гэсхийгээд зогсох тул ХХ зууны уул уурхай нь Зөвлөлтийн хөрөнгө оруулалт дээр боссон түүхтэй.

Харин шинэ үеийн уул уурхай дээр орчин үеийн дэлхийн жишиг компаниудтай хамтран ажиллаж, “өвчүү, хөл мах” зэргийн хувь оролцоог тогтоож өгөхөөс зайлбаргүй.

Гэтэл сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулагчид монголыг сорон мөлжиж байгаа тухай зуугаад жилийн тэртээх тэр номлол сэргэн цуурайтаж байна. Яван явсаар бүр ном сударт яг ингэж эдийн засгийг нь “поо-доод, поо-доод, бүлээд бүлээд хаядаг” тухай заасныг үзсэн гэлцэх болов. Нэг ном уншсан чинь тэгээд бичсэн байна гэнэ. Ном ч мөн олон янз даа. Эд нар хэрвээ Коран судрыг олоод үзчихвэл “Аллахаас өөр бурхан байхгүй гэж номонд бичсэн байна” гэж ирээд Гандан хийдийг маань нурааж, Мэгзэджанрайсиг шүтээнийг хэмхлэх нь ээ, янз нь.

Нээлттэй цонхоор агаар ордог сайн талтай ч, ялаа ордог муу тал бий гэдэг. Гэхдээ ялаа оруулахгүй гээд бүтэж үхэлтэй биш тул цонхоо нээчихээд цохиур бариад зогсдог нь ёс. Монгол орны нээлттэй үүдээр хэн ороод ирж болно. Соргог байх нь ёс, үүний ч төлөө төр ажиллаж байгаа.

Харин Монголд өрнөж буй гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг II дайны гол обьект нь Барууны, нарийн яривал Америк Канадын хөрөнгө оруулагчдын эсрэг чиглэлтэй байгаа нь түүх давтагдах цондон биш байгаа??. “Гадаадын капиталыг үзэн ядах” процесс манай хоёр хүчирхэг хөршийг алгасаад байгаа нь үүнийг нотлоод байгаа мэт санагддаг. Алгассан нь буруу гэж байгаа юм биш, зүгээр алгасаад байгаа нь сэжиг төрүүлдэг тухай л ярьж байна.

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай нэг хууль дүрмээр бүртгэгдэн төрөөр хүлээн зөвшөөрүүлж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг Хятадын компаниуд эзэлдэг. Харин та хятадын хөрөнгө оруулалттай хэдэн компанийн нэр цээжээрээ хэлж чадах вэ?

Хятадууд орж ирж байна, ууслаа барилаа гэж л ерөнхийд нь сүржигнээд байхаас биш 100 хувийн хятадын хөрөнгө оруулалттай, эсвэл хамтарсан компанийн эсрэг ямар нэгэн хөдөлгөөн байдгийг та мэдэх үү? Монголын страгегийн төмрийн орд, цайрын, бас нэфтийн ашигладаг хятадын компанийн нэрийг ядаж мэдэх үү?

Алтан дорнод монгол хэмээх Оросын компани Монголын Заамар уулыг замаар нь оруулчихаад дээр нь төрөөс нь 500 сая доллар нэхэхэд дургүйцэх хөдөлгөөн бүү хэл, хөдлөх янзтай хэн нэгнийг олж үзсэн үү?

Манай эх орны эдийн засгийг Хятадаас харамлахгүй, Оросоос харамлахгүй байж юуны учир барууны хөрөнгө оруулагчдаас “хамгаалаад” байгаагийн учрыг эргэцүүлдэг үү?

Монголд байгаа гадаадын хөрөнгө оруулагчдыг “мөлжигч” гэж үзээд хөөдөг, хөөж явуулчихаад нэг нь дангаараа эх орныг маань эзэмшдэг түүхийг та мэдэх үү?

С.Зоригийг хөнөөсөн алуурчны эрлийг орлон амилж буй “эдийн засгийн алуурчин”, “Гадаадынхны мөлжлөг” зэрэг сэдвийг эргэцүүлэн бодох бүрийд ийм асуулт өөрийн эрхгүй өндийж ирээд байх юм.

2010.04.21