Хөдөлмөрийн зах зээлийг идэвхжүүлэхэд зуучлах үйлчилгээ чухал

Монголын медиа корпорациас ажлын байр, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгч, мэргэжил олгох сургалтын төвүүд, ажил зуучлагчид болон ажил хайж байгаа хэн бүхэнд зориулан “Хөдөлмөр медиа экспо”-г ирэх сарын 1-н хүртэл зохион байгуулж байна. Энэхүү медиа аян нь ажил, мэргэжилгүй, орлогогүй байгаа залуусыг мэргэжил сургалтын төвүүд болон ажлын байранд зуучлахад гүүр болж, ажил олгогч, ажил хайгч нарыг нэг цэгт уулзуулах мөн мэргэжил, сургалтын төвүүд болон жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний онцлогийг нийтэд сурталчлах зорилготой аж.

Бид уг аяны талаар НХХЯ-ны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн захирал М.Алтансүхтэй ярилцлаа.

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийнхээ үйл ажиллагааг танилцуулахгүй юу?

-Манайх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэд бодлогын судалгаа хийдэг гол байгууллага нь. Анх Хөдөлмөрийн судалгааны институт нэртэй байсан бол одоо илүү өргөжин, үйл ажиллагаагаа явуулж байна. Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийхээс гадна нийгмийн хамгааллын судалгаа хийдэг. Нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээний нөлөөллийн шинжилгээг хийдэг гэсэн үг л дээ.

-Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгааг хийгээд долоон жил болж байгаа гэсэн. Энэ хугацаанд ажиглаж байхад хөдөлмөрийн зах зээл дэх хомсдол буурсан уу. Эсвэл нэг төвшинд байна уу?

-Сүүлийн гурван жилийн байдлаар харахад хөдөлмөрийн зах зээлийн хомсдол нэг төвшинд л яваа. Хомсдож буй ажлын байруудыг аваад үзэхэд зуучлах бүрэн боломжтой энгийн ажил мэргэжлүүд зөндөө байна. Манай хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсүүд энэхүү зуучлах ажлаа ч чамгүй сайн хийдэг. Даанч тухайн зуучилсан хүн ажлын байран дээрээ очоод тогтвор суурьшилтай ажиллаж байгаа эсэх нь эргэлзээтэй юм. Иймд бодлого боловсруулагч буюу яамнаас зуучлалын гүүр болсон ажлаа улам идэвхжүүлэх хэрэгтэй юм. 

Монголын хөдөлмөрийн зах зээл дээр 120 мянган ажилгүй иргэн бий. Гэтэл бид 25 мянган иргэнийг л бүртгэж байгаа.

-Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс дээр бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн сарын байдлаар 22400 байна. 120 мянган хүний 22400 хүнийг бид бүртгэж байна гэдэг хангалтгүй үзүүлэлт л дээ. Тиймээс бүртгэлийн системээ сайжруулах хэрэгтэй. Зуучлуулж очоод ажлын байран дээр тогтвор суурьшилтай ажиллаж чадахгүй, тухайн ажлын байрны соёлд нэвтэрч чадахгүй байгаа тохиолдлыг ч багасгах хэрэгтэй. Уг нь зуучлагдаж байгаа иргэдийн нэлээд хувийг бүрэн дунд боловсролтой иргэд эзэлдэг. Нийт ажилгүй байгаа иргэдийн гурван хүн тутмын нэг нь бүрэн дунд боловсролтой иргэд л дээ. Энэ хүмүүсийг тухайн шинэ соёлд дасан зохицоход нь нөлөөлөхүйц сургалтыг бодлогоор хийх хэрэгтэй юм. Түүнээс биш зуучилчихлаа гээд хаяж болохгүй. Энэ чиглэлийн нарийн зөвлөмжийг ч бодлого боловсруулагч нартаа өгч байна. Үүнд манай хэлтсүүдийн сургалт төвлөрөх ёстой.

Ажиллах хүчний хомсдол 

10,900 ажлын байр

Бүс нутгаар 

11,3% Улаанбаатар

8% Баруун

16% Төв

19% Хангай

17% Зүүн

Хөдөлмөрийн зах зээл ба хомсдол (2017 он)

-Танайхаас их, дээд сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг тандан судалдаг гэсэн. Энэ судалгааны сүүлийн үр дүнгээс танилцуулж болох уу. Сургууль төгсөгчид ажлын байранд очиход ямар бэрхшээл тулгарч байна вэ?

-Өнгөрсөн жил бид шинэ модуль судалгаа эхэлсэн нь энэ л дээ. 2016 онд их, дээд сургууль болон мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчдөөс 5000 төгсөгчийг түүвэрлэн авч судлахад цөөнгүй зүйл ажиглагдсан. Нийтлэг ажиглагддаг асуудал бол төгсөгчид хөдөлмөрийн зах зээл дээр гараад богино хугацаанд ямар ур чадварын хомсдол бий болдог нь сонирхол татсан. Хамгийн түрүүнд тэдэнд богино хугацаанд тохиолддог асуудал бол хувь хүний харилцаа. Хамт олны нэг болж уусахдаа тэд харилцааны ур чадвар дээр нэлээд доголдол гаргадаг. Энэ нь ч ажил олгогчоос ажилтанд тавих шаардлагын судалгаанаас илэрдэг. Ажил олгогч нар их, дээд сургууль төгсөгчид болон мэргэжлийн сургалтын төвийн төгсөгчдөөс нэгдүгээрт шаарддаг зүйл бол хамт олонтой уусаад нэг хүн болоод ажиллаж чадах чадвар юм. Өөрөөр хэлбэл байгууллагын соёлд маш хурдан нэвтрэх хэрэгтэй гэдэг зүйлийг тавьдаг. Мөн өөрийн санаа бодлоо цэгцтэй илэрхийлдэг, бусдын үгийг сонсох байдал төгсөгчдийн хувьд тулгамдсан асуудал болдог. Хоёрдугаарт, хэлний бэрхшээл гарч ирдэг. Ялангуяа орчин үед англи хэлний мэдлэгийг нэлээд түлхүү шаардах болсон. Гуравдугаарт, зөөлөн ур чадвар яригддаг. Жишээ нь мэргэжлийн сургалтын төвүүдэд манай төгсөгчдөд хэл хамаагүй гээд сургалтандаа оруулахгүй байх тохиолдол гардаг. Гэтэл төгсөгчдөд тухайн үедээ биш ч гэлээ урт хугацаандаа хэлний бэрхшээл тулгардсан. Иймээс гадаад хэлийг орхигдуулж болохгүй гэсэн зөвлөмжийг хүргэж байна. 

-Ажил олгогчдын зүгээс шинэ төгсөгчдийг харилцаа болон хэлний бэрхшээлтэй гэж хардаг юм байна. Харин дөнгөж сургуулиа төгсөөд ажил хайж байгаа залуусын хувьд биднээс ажлын туршлага нэхэх нь зөв үү гэж ярьдаг. Энэ талаар судалгаагаар юу илрэв?

-Ажил олгогч нарын 1/3 нь төгсөгчдөд “Ажлын туршлагагүй байна” гэдэг асуудлыг тавьдаг. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нар ажил хайгчдыг ажлын туршлагагүй байгаа нь ур чадварын хомсдлын нэг илрэл гэж яриад байдаг. Гэтэл энэ чинь өөрөө ур чадварын хомсдол биш, өөр зүйл. 

Төгсөгчид хүртэл ажил хайж байхад бидэнд тулгарч байгаа хамгийн том бэрхшээл бол ажил олгогч нар ажлын туршлага шаардаж байгаа нь ур чадварын бус асуудал учраас бидэнд бэрхшээл болж байна гэдэг.

Тиймээс танайхаас ирж байгаа хүмүүсийг бид ажлын байран дээр авчраад бүгдийг 100 хувь бэлдэх биш, тэнд сурч байхдаа дадлагаа манайд хийгээд хамтран ажиллаад сайжруулах боломж байгаа шүү гэдэг зөвлөмжийг их, дээд сургуулийн захирлуудад хүргээд байгаа. Тэр ч үүднээсээ их, дээд сургууль, мэргэжлийн төвүүдийн захирлуудтай явж томоохон аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан дадлагаа хамтран хийж, магадгүй ажил олгогч нартай сайн ярьж чадах юм бол тодорхой үнэлэмжтэйгээр дадлага хийх боломж бий. Энэ систем Германд туршигдаад илүү боловсронгуй болж хөгжөөд явж байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)