Л.Ганхараагийн гарааны бизнес

“Монголын баялаг зөвхөн ганц уурхай биш. Бизнес хийж эхэлснээс хойш аливааг харах өнцөг минь хүртэл өөрчлөгдсөн” хэмээн ярих Л.Ганхараа улсын баялаг бол иргэн гэдгийг ойлгож цаашид хүрэх зорилгоо тодорхойлсон нэгэн. Гурван хүүхдийн ээж тэрээр Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгждэг залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдан шалгарч, өөрийн бизнесийг амжилттай эхлүүлжээ.

Л.Ганхараа: Өмнө нь би их сургууль төгсөөгүй, гурван хүүхэд гаргаад гэртээ удаан суусан юм чинь гэж өөрийгөө их голдог байлаа. Харин одоо би ийм зүйлсийг хийж чадсан гэж өөрийгөө зөвөөр харж, үнэлж эхэлсэн. Тэр ч утгаараа Яармагт хүүхдээ хараад сууж байгаа өөр нэг ээжид би амьд жишээ болсон. Зөв, буруу байсан ч ямартай ч хийгээд үзье, чадахаасаа чадахгүй хүртлээ явъя, зээл авч үүнийг хийе, өрөнд орохгүй юм чинь гэдэг бодол надад түлхэц болж өгсөн. Би чадах юм байна гэж өөртөө итгэснээр өнөөдөр ядаж л зээл авахаас айхгүй болсон шүү.

Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжүүлдэг залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд шалгарсан гарааны бизнес эрхлэгчдэд 10 хүртэлх сая төгрөгийг буцалтгүй байдлаар олгодог. Хийж бүтээх хүслээр дүүрэн ч санхүүгийн хавчигдмал байдалд түүртдэг гарааны бизнес эрхлэгчдэд энэ дэмжлэг асар их урам өгдөг байна.

Л.Ганхараагийн хувьд анх бүтээгдэхүүнийхээ судалгааг 200 төгрөгөөр эхлүүлэн бизнесийн туршилтаа хийж байв. Харин өнөөдөр залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн ачаар ажлын байртай болж чаджээ.

Тэрээр бүтээгдэхүүнийхээ борлуулалтынхаа тухай “Анх ваннын бөмбөлгөө ганц нэгээр нь хийгээд нэг сард 100 ширхгээс хэтрэхгүйг л зарж борлуулдаг байсан. Одоо бид сард хамгийн багадаа зургаан төрлийн 500 ширхэг бүтээгдэхүүн борлуулдаг” хэмээн инээмсэглэн ярив. 

Л.Ганхараа “Энэхүү бизнесээ анх эхлүүлж байхдаа туршлагагүйтэн ар гэр, хүүхэд, ажил гэж гүйсээр ядаргаанд орж, бие маань өвдсөн. Одоо бол өөрөө бүгдийг амжуулах боломжгүй, тиймээс хамтран ажиллах баг чухал гэдгийг мэдэрсэн. Бага багаар бизнесийн талбарт суралцаад явж байна. Бизнес эрхлэхэд хувь хүний эмх цэгц маш чухал. Заримдаа бодож байснаа 100 хувь гүйцэлдүүлж чадахгүй ч бага багаар урагшлах нь чухал гэдгийг мэдсэн. Аливаа зүйлийг шинээр хийж байгаа хүмүүс эхэндээ бүтэлгүйтэх тохиолдол их гардаг юм билээ. Боломжгүй байсан ч шантралгүй явсан. Хүүхдээ харангаа бүтэн нэг жил бүтээгдэхүүний туршилтаа хийсэн” гэлээ.

Тэрээр ясны үрэвсэлтэй учир хүнд хөдөлмөр эрхлэх боломжгүй. Үзүүлж эмчлүүлдэг эмч нь “Болдог бол чиний бүх ясыг шинээр солих хэрэгтэй” гэж хэлж байсан талаар ярьсан юм. Гэвч тэрээр шантралгүй өөрийн бизнесийг эхлүүлжээ.

Ясны үрэвсэлтэй хүн тойгны шөлний тосыг үе мөчиндөө түрхдэг. Үүнийгээ яавал илүү амар түрхэж болох талаар бодон тойгны шөлний тосоор ваннын бөмбөлөг хийх санааг анх олжээ. Ингээд гурван хүүхдээ хүмүүжүүлэх их ажлын хажуугаар бүтэн жилийн турш тойгны шөлний тостой ваннын бөмбөлөг үйлдвэрлэх туршилтаа хийжээ.

“Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв, КОЙКА олон улсын байгууллага, Азийн сан, Улаанбаатар хотын захиргаанаас хэрэгжүүлж байгаа төсөл, Залуучуудын гарааны бизнесийг дэмжих төсөл миний амьдралд чухал ач холбогдол өгсөн. Ямар ч карьер байхгүй хүүхдээ хараад сууж байдаг. Мэргэжилгүй, дээд сургуулиа төгсөж чадаагүй гэдгээсээ болоод ажилд орж чадахгүй байсан. Анх бизнес хийнэ гэдэг утгаараа биш өөртөө яаж энэхүү тойгны шөлний тосыг хялбарчилж түрхэх талаар бодож, тэр санаан дээрээ тулгуурлан ваннын бөмбөлөг хийн залуучуудын гарааны бизнес төсөл хөтөлбөрийн тэмцээнд орж түрүүлсэн. Тэд санхүүжилтээс гадна сургалтад хамруулдаг. Мөн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн шалгалтад орж инкубаторын гуравдугаар ангид тэнцсэн.
 
Дөрвөн сар сургалтад суун хоёр төслийнхөө үр шимийг хүртэн өнөөдөр ажлын байртай боллоо. Энэ хоёр төсөл миний бизнесийн суурь болсон. Дараагийн бүтээгдэхүүнээ шар тосоор хийнэ. Шар тос эмчилгээний бүтээгдэхүүнд тохирдог, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй, дархлааг дэмжинэ, харшилд сайн гээд олон давуу талыг нь дурдаж болно шүү. Ардын уламжлалыг шингээсэн арьс арчилгааны бүтээгдэхүүн хийхэд анхаарч байгаа” хэмээн тэрээр бизнесийн төлөвлөгөөнөөсөө хуваалцсан юм.
 
Манай улсын хувьд эдийн засгийн идэвхгүй хүн амын дийлэнх хэсгийг залуучууд буюу 35 хүртэлх насныхан эзэлдэг. Тиймээс залуучуудыг дэмжсэн гадаад ын болон дотоодын санхүүжилттэй хэрэгждэг төсөл, хөтөлбөрийн тоо нэмэгдсэн. Эдгээр хөтөлбөрийн нэг нь Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгждэг залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл юм. Амжилттай хэрэгжиж байгаа төсөл учраас ХНХЯ-наас уг хөтөлбөрийн загварыг авч ижил хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Гэхдээ энэ хөтөлбөр нь 10 сая төгрөгийн санхүүжилтийг эргэн төлдгөөрөө ялгаатай.
 

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Ваннын бөмбөлөг, хөлийн дүрлэг зэргийг нь авч хэрэглэж үзсэн. Үнэхээр сайхан. Ваннанд орсны дараа ядаргаа гарч нойр хүрэх шиг, хөл бол маш сайхан зөөлөрч байсан. Дайчин мундаг бүсгүй байна лээ. Ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    0 0 Хариу бичих
  2. Үнэхээр мундаг байна.Ажилд амжилт хүсье.

    0 0 Хариу бичих
  3. Ардын уламжлал эмчилгээ гэж агуу туршлага байгаа Эндээс санаа авахад дэлхийд гайхуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно Мундаг ажилсаг дүүдээ улам их амжилт хүсьё

    0 0 Хариу бичих
  4. Монголын баялаг бол Иргэн. Ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

    0 0 Хариу бичих
  5. Мундаг юмаа. Амжилт

    1 0 Хариу бичих
  6. guee bas..

    0 0 Хариу бичих
    • Гүиээ бас гэж байхаар ядаж дагаад хийгээч

      0 0