Үхэгсдийн өдрийн парад-2018

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Мексикчүүд Үхэгсдийн баярын парадыг сүр дуулиантайгаар хийлээ. Анх 2016 онд хийж эхэлсэн уг парад жил бүр олон сая жуулчид тус улсыг зорин очих нэг шалтгаан болдог гэдэг. El Dia de Muertos буюу Үхэгсдийн баярын тухай товчхон мэдээлэл хүргэе. 

Латин Америкийн зарим орнууд жил бүрийн өдийд Үхэгсдийн өдрийн баярыг тэмдэглэдэг уламжлалтай. Мексик, Гватемал, Гондурас, Эл Сальвадорчууд нөгөө ертөнцөд очсон хайртай хүмүүс, төрөл төрөгсдийнхөө дурсгалыг хүндэтгэн Үхэгсэд эргэн ирэх өдөр буюу El Dia de Muertos-ыг тэмдэглэн нүүрээ гавлын ясны дүрд оруулан будаж, багт наадмын өнгөлөг дэгжин хувцас өмсөн өнгөрүүлдэг байна. Хэдийгээр орхин одсон талийгаачдаа санан дурсах гунигт өдөр ч гэлээ амьдралын үнэ цэнийг мэдрүүлдэг гэдгээрээ энэ баярыг уйтгарт автан өнгөрүүлэхгүйг хичээдэг байна.

Талийгаачдаа хүндэтгэл үзүүлэн хохмой толгойг нь гэртээ хадгалж, жилд хэдэнтээ хүндэтгэл үзүүлдэг ацтекуудын уламжлал өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн нь энэ аж. Ацтекийн хуанлиар жил бүрийн долдугаар сарын 24-нээс наймдугаар сарын 12-нд тэмдэглэдэг байсан Үхэгсдийн өдрийг колончлогчид зогсоохыг оролдон хориглож байсан ч дийлээгүй гэдэг.

Гэсэн хэдий ч тэмдэглэдэг өдрийг нь өөрсдийн буюу Христийн шашны Бүх хувилгаадын өдөр, Нас барагсдын өдрийн өдрүүдтэй давхцуулан арваннэгдүгээр сарын 1, 2-нд болгон өөрчилж чаджээ.

Үхэгсдийн өдрөөр талийгаачдынхаа булшийг эргэж, залбирал үйлдэн тэдэнд зориулан дуртай амттан, хоол, ундаагаар тахилын ширээ засдаг уламжлалтай. Энэ баярын гол бэлгэдэл нь гавлын буюу хүний хохмой толгой Calavera байдаг гэнэ.

Талийгаачид гэрээсээ төөрөлгүй олж ирэг хэмээн гэрийнхээ үүдэнд улбар шаргал өнгийн хилэн хумс цэцгээр эрих зангидан өлгөдөг. Энэ цэцгийг үхэгсдийн сүнсийг соронз мэт татдаг гэж тайлбарлах нь ч бий.

Мөн босгоныхоо дэргэд эрдэнэ шишийн гурилаар хийсэн Pan de Muerts хэмээх талх, хол замыг туулан ирээд  цангаагаа тайлаг хэмээн цэвэр ус тавьдаг. Үхэгсдийн өдрийн орой эмэгтэйчүүдийнхээ хийсэн амтат хоолыг ах дүүсээрээ цуглан сууж иддэг.

Үхэгсдийн баяраар айл бүр талийгаачдыг урт холын замаас ирсэн алжаалаа тайлаг хэмээн тусад нь ор засч бэлддэг байна. Энэ баярын мөн чанар нь өнгөрснийг, үрэгдэгсдээ марталгүй байх гэдэг.

2018 онд Диснейн уран бүтээлчид COCO хэмээх бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино бүтээсэн нь Үхэгсдийн өдрийн тухай өгүүлсэн гэгээлэг, хөгжимлөг бүтээл болж танигдсан юм. Уг хүүхэлдэйн кино “Шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино” төрөлд Оскарын шагнал хүртсэн билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)