Өнгөрсөн сард 181.6 тонн ноолуур арилжжээ

Өнөөдрийн байдлаар боловсруулаагүй цайвар ноолуур 103, боловсруулаагүй бараан ноолуур 98 мянган төгрөгийн үнэтэй байна. Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан өчигдөр боловсруулаагүй цайвар ноолуур 14, бараан ноолуур зургаан тонныг арилжжээ. Харин өнгөрсөн сард тус бирж зургаан удаагийн арилжаа хийж 181.6 тонн ноолуур арилжсан аж.

Өнгөрсөн жилүүдэд ноолуурын үнэ төдийлөн өсөөгүй бөгөөд кг ноолуур 100 мянган төгрөг хүрдэггүй байсан. Тухайлбал, 2016 оны хоёрдугаар сарын 2-ноос тавдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд дээд үнэ 63 мянган төгрөгт  хүрч байсан. Тэгвэл өнгөрсөн онд дээд үнэ 98 мянга болж өссөн. Энэ нь дэлхийн зах зээлийн ноолуурын ханш төдийгүй, малчдын гараас ченжүүд биш дотоодын компаниуд ноолуур худалдан авсантай холбоотой гэдгийг биржийн зүгээс тайлбарлаж байгаа. Түүнчлэн биржээс ноолуурын үнийг зарим аймагт тогтоогоод байгаа юм. Тухайлбал, Говь-Алтай аймагт цагаан ноолуур 115-116 мянган төгрөгийн,  өнгийн ноолуурыг ялгахгүйгээр 102 мянган төгрөгийн ханштай байх доод үнийг тогтоосон.

Манай улс өнгөрсөн оны байдлаар 5413 тонн угаасан ноолуур, 509 тонн самнасан ноолуур, 915 мянган ширхэг сүлжмэл хувцас үйлдвэрлэсэн. Үүний 90 хувийг анхан шатны боловсруулалт хийж, 10 хувийг нэхмэл, сүлжмэл зэрэг эцсийн бүтээгдэхүүн болгон гадагшаа гаргасан юм. Хэрвээ ноолуураа боловсруулбал жилдээ 19.8 сая ширхэг сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн экспортод гарган 2.2-4.3 их наяд төгрөгийн борлуулалт хийх боломжтой гэсэн тооцоолол бий. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)