Хоол хайсан зэрлэг бодонгууд хотын төвд орж иржээ

Хүнс хайсан бодон гахай Барселона хотын төвөөр хэсүүчилж эхэлжээ. Тус хотын ойролцоох өтгөн ойд амьдардаг зэрлэг бодонгууд хүнс тэжээлгүй болсноор хотын захаар хоол хайдаг байснаа одоо хотын төвд орж ирдэг болсон тухай мэдээлэл цацагдах болжээ. Өнгөрсөн долоо хоногт Сан Пау эмнэлгийн ойролцоо, Саграда Фамилиа гэх жуулчдын зорьдог хэсэг, Ноу Баррис дүүрэгт ч зэрлэг бодон харагдсан байна.

Сүүлийн жилүүдэд Барселона хотын ойролцоох өтгөн ойт толгодод зэрлэг бодон гэнэт үзэгдэх болж, тоо толгой нь нэмэгдэх эхэлжээ. Хотын эрх баригчид зэрлэг бодонгийн тоог хянах арга хэмжээ авч тусгай анчид хүртэл гаргасан аж. 2016 онд Барселона хотын ойролцоо 369 зэрлэг бодон ажиглагдсан гэсэн тоо гарчээ.

“Бодон ч гэлтгүй зэрлэг болон тэнэмэл амьтад хооллох боломжгүй болгох үүднээс бид хотын хогийн савнуудыг ухаж төнхөхөөргүй болгохыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна” гэж Барселона хотын амьтан хамгаалах газрын дарга Карме Мате хэлжээ.

Зэрлэг бодон нь дунджаар 250 фунт буюу 113 кг жинтэй, залуу болон эмэгчингүүд нь хүн рүү дайрах нь бага байдаг гэнэ. Гэхдээ Барселонагийн Их сургуулийн доктор судлаачид хоол хүнсгүй болж өлссөн зэрлэг бодонгууд илүү догшин болж, хүн рүү дайрсан тохиолдол гарсан гэдгийг анхааруулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)