Илжиг, судалт тахины дундаас төрсөн бяцхан “Зонки”

Зигги хэмээн нэрлэгдсэн судалт тахь Сомерсет мужийн Өмнөд Барроу-ын фермер Кристин Тёрнерийнд амьдардаг. Энэ жил 6 нас хүрсэн Зиггиг Германаас 10 000 фунт стерлингээр худалдаж авч байсан бөгөөд тэрээр алс холоос Раг нэрт илжиг, 6 тахийн унагатай хамт Англид ирсэн аж. Зигги, Раг хоёр Кристин Тёрнерийн 55 акр фермд өнгөрсөн аравдугаар сарын 2-нд гайхалтай содон бэлэг барьсан нь бяцхан Зиппи юм. Фермийн эзэгтэй Кристин Тёрнер “Зиппи-г төрдөг өдрийн өглөө унтлагийн өрөөнийхөө тагтан дээр салхилж зогсоод жижигхээн дудрай байхыг харсан. Тэгээд доошоо бууж хөнжлөөр хучиж, зөндөө удаан тэврэн суусан. Зиппи-г төрөх хүртэл ээж Зигги-г нь хээлтэй ч гэж мэдээгүй” хэмээн ярьжээ.

“Зиппи эхээсээ авсан зэрлэг амьтны араншингаа төрсөн даруйдаа шууд гаргасан шүү. Намайг тэврэхээр очиход хойд хөлөөрөө тийрч байсан нь түүний байгалийн зөнтэй холбоотой байх. Одоо бол зэрлэг гэхээсээ илүү тэжээвэр амьтад шиг зөөлөн, эрх болсон. Өөрөө хүрч ирээд л илүүлж, хошуу эрүүгээ маажуулах гээд байдаг юм. Зиппи бол бяцхан гайхамшиг, бид үнэхээр аз жаргалтай, бас баяртай байгаа” гэж Кристи өхөөрдөх аж. Раг тас хар өнгөтэй, харин Зиппигийн бие нь бор хэрнээ чихний үзүүр, хондлой хэсгээрээ хар судалтай, дөрвөн хөл нь эхийнх шигээ хар болон бор судалтай. Зонки буюу судалт тахь (zebra), илжиг (donkey) хоёрын дундаас төрсөн дудран-унагыг англичууд zonkey гэх болжээ.

Зиппи гэхдээ Английн анхны зонки бишээ. Түүнээс өмнө Замбигаас ирсэн илжиг Шропшайрын цэцэрлэгт хүрээлэнд амьдрах хугацаандаа зонки төрүүлж байсан гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)