Үнэт цаасны компаниудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо

Санхүүгийн зохицуулах хороо хуулиар олгогдсон эрх, үүргийн дагуу үнэт цаасны зах зээлд оролцогчдыг чадавхжуулах замаар хэрэглэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Үүний хүрээнд өнөөдөр үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөлтэй 54 компанийн төлөөлөлтэй уулзаж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх Хорооны 2016 оны 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийн шаардлагыг хангах болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаатай холбоотой асуудлуудаар санал солилцлоо.

Уулзалтыг Хорооны Үнэт цаасны газар (ҮЦГ)-ын дарга Б.Лхагвасүрэн, Хяналт шалгалт, зохицуулалтын газар (ХШЗГ)-ын орлогч дарга Б.Долгорсүрэн нар удирдан явуулав.ҮЦГ-ын дарга Б.Лхагвасүрэн, зах зээлийн энэ оны гуравдугаар улирын тайлангийн нэгтгэл, түүнд хийсэн дүн шинжилгээг танилцуулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа талаар олон нийтэд нэгдмэл бус, харилцан адилгүй байр суурийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд өгч байгаа нь иргэдэд эргэлзээ төрүүлж байгааг анхааруулав. Тус компанийн хувьцаатай холбоотойгоор иргэдийн үнэт цаасны дансаа нээлгэх идэвхи сэргэж буйг ашиглан нийгмийн сүлжээгээр болон албан бус маягт бөглүүлэх замаар зөвлөгөө өгөхгүйгээр данс нээх үйлдэл гарч, энэ талаар Хороонд цөөнгүй санал, гомдол ирж байна. Иймд тусгай зөвшөөрөл бүхий үнэт цаасны компаниуд хууль, журмын дагуу, мэргэжлийн, ёс зүйтэй ажиллахыг санууллаа. Мөн Хороонд бүртгэлтэй 54 компанийн 37 нь буюу 68 хувь нь гуравдугаар улирлын тайлангаа ирүүлээгүй, эрсдэлийн сангийн шаардлагыг компаниудын 18 орчим хувь хангаагүй, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулахдаа заавал салбарын тусгай зөвшөөрөл авсан байх зэрэг олон асуудлыг хөндөж, үнэт цаасны цахим үйлчилгээний техникийн боломжийг бүрдүүлэх, хувьцааны данс нээх үйл явцын тодорхой хэсгийг цахимаар явуулж болох эсэх гэх мэт асуудлаар санал солилцлоо.

ХШЗГ-ын орлогч дарга Б.Долгорсүрэн ҮЦК-уудаас гаргадаг нийтлэг зөрчил, дутагдлын талаар ярьж, үүний дотор хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх 94 дүгээр тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгааг онцлов. Уг тогтоолын хэрэгжилтийг бүртгэлтэй 54 компанийн 33 нь хангаж, үлдсэн 21 компани хангаагүй байна. Түүнчлэн үнэт цаасны компаниудад мөнгө угаах, терроризмтэй тэмцэхтэй холбоотой хоёр удаагийн шалгалт явуулахад боловсон хүчин дутмаг, иргэдэд зөвлөгөө өгч ажиллах ур чадвар тааруу байсны зэрэгцээ суурин хаяггүй компаниуд ч олон байсны тэрээр дурдлаа. Тусгай зөвшөөрөл авснаасаа хойш үнэт цаасны арилжаанд оролцоогүй, тун цөөхөн оролцсон компаниуд ч цөөнгүй байгааг болон андеррайтерийн эрх олгосон 23 компанийн ердөө тав нь шаардлага хангаж ажиллаж байгааг тэрээр сануулав. Иймд цаашид Хороо харилцагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг олон улирал дараалан хангаагүй компаниудад хатуу хариуцлага тооцож ажиллахаа мэдэгдэж, компани тус бүрийн үйл ажиллагааны болон санхүүгийн үзүүлэлтэд харгалзах асуудлыг тусгасан албан мэдэгдлийг гардуулан өгсөн юм. Мөн орон нутагт салбар нээх зөвшөөрөлгүй атлаа үнэт цаасны данс нээсэн цөөнгүй тохиолдол гарч байгааг ХШЗГ-ын орлогч дарга Б.Долгорсүрэн сануулж, энэ зөрчил дутагдлыг засахгүй бол хуулийн дагуу шат дараатай арга хэмжээ авахыг анхааруулав.

Уулзалтын үеэр Үнэт цаасны компанийн төлөөллүүд Хорооны удирдлагуудаас асуулт асууж, хариулт авсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)