Spice Girls хамтлаг аялан тоглолтынхоо товыг зарлалаа

90-ээд оныхны шүтээн болж байсан Английн охидын хамтлаг Spice Girls эргэн нэгдэж, аялан тоглолт хийхээр болсон. Фенүүдээ удаан хүлээлгэсний эцэст аялан тоглолт хийх товоо зарлалаа. Тэд эхний ээлжинд Их Британиар тойрон тоглолт хийх бөгөөд 2019 оны зургадугаар сараас аялан тоглолтоо эхлүүлж томоохонд тооцогдох 6 цэнгэлдэх хүрээлэнд тоглох аж. Зургадугаар сарын 1-нээс эхлэх тэдний аялан тоглолт Манчестерийн Этиад Цэнгэлдэх хүрээлэнгээс эхлэн Ковентри, Сандерланд, Эдинбург, Бристолоор дамжин Лондон хотын Уймбли цэнгэлдэхийн тоглолтоор өндөрлөх  гэнэ. 

Эхний тоглолтын тасалбарыг энэ сарын 10 буюу бямба гарагийн 10:30 цагт худалдаалж эхэлнэ.

Харамсалтай нь Spice Girls-ийн аялан тоглолтонд “Posh Girl” Викториа Бэкхам оролцохгүй. Викториагийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр тэрээр “ажил хэргийн завгүй байдлаасаа болж аялан тоглолтонд оролцож амжихгүй” гэжээ. Гэхдээ “ Spice Girls-т байсан үе бол миний амьдралын хамгийн чухал, хамгийн том зүйл. Охиддоо дэндүү их хайртай гэдгээ дахин хэлье. Тэдний аялан тоглолт хөгжилтэй, амжилттай болоосой гэж хүсэх байна. Охид маань гайхалтай шоу үзүүлж, өнгөрсөн болон өнөө цагийн шүтэн бишрэгчидтэйгээ цагийг зугаатай өнгөрөөнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн дамжуулжээ.

Сонирхуулахад, өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн Халлоуйны баяраар Мэл Би Викториагийн дүрд хувирч гартаа “Би аялан тоглолтонд оролцохгүй шүү” гэсэн бичигтэй лоозонтойгоор үдэшлэгт оролцож байлаа. Харин Мэл Би-гийн найз залуу Дэвид Бэкхамын дүрд хувирч “Гуйя, гуйя, Spice Girls-ийн шүтэн бишрэгчдийн төлөө үүнийг хийчих л дээ” гэсэн лоозон барьжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)