Хэнтий аймагт ажилгүйдлийн түвшин буурчээ

Улсын хэмжээнд бүлгээр ногоо тарих арга хэмжээнд 2000 иргэнийг хамруулж, 700 гаруй сая төгрөг зарцуулсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 6 хөтөлбөр, 2 туршилтын төсөл хэрэгжүүлж байна. Тэгвэл эдгээр хөтөлбөрийн хэрэгжилт орон нутагт ямар байгааг сурвалжиллаа.

Хэнтийн аймаг 75 600 иргэнтэй. Үүнээс хөдөлмөрийн насны хүн амын тоо 52 800, эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо 30 100 байна. Ажил идэвхтэй хайгч иргэний тоо 584, ажиллах хүчний оролцооны түвшин 57.4, ажилгүйдлийн түвшин 14.2, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 49.2 хувьтай байна.

Тус аймгийн хувьд энэ онд ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт 61 иргэнийг хамруулж 137 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 32 иргэнд 64 сая 500 мянган төгрөгийн санхүүжилт олгосон.

Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 8 ахмад настанд 23 сая 500 мянган төгрөгийн санхүүжилт олгожээ.

Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 64 сая төгрөгийг зарцуулжээ

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба

2013-2016 онд Хэнтий аймаг ажилгүйдлийн түвшин хамгийн өндөр аймгуудын тоонд багтсан. Тиймээс ажлын байрыг нэмэгдүүлэх чухал алхмуудын нэг нь жижиг, дунд үйлдвэрлэл, бичил бизнес, өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж байнгын орлогын эх үүсгэвэртэй болгох замаар ажлын байрыг нэмэгдүүлэхийг зорьсон. Үүнийг дэмжих эх үүсвэр маш чухал. Одоогоор бид 565 хүнийг байнгын ажлын байраар, 385 хүнийг түр ажлын байраар хангасан. Ажилтай, орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд 384 байнгын ажлын байр, 200 гаруй түр ажлын байр бий болгосон. 2016 оныг бодвол ажилгүйдлийн түвшин багасч байгаа. Гэхдээ тулгамдсан асуудлын нэг хэвээрээ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих гарааны бизнес дээр залуучуудын 4 бүлэгт 10 сая төгрөгийн санхүүжилт олгосон. Ийм санхүүжилтийг цаашид олгох шаардлагатай. Мөн 40 орчим иргэнд 4.3 сая төгрөгийн сургалт хийгдэн ахмад настнуудад зөвлөгөө өгөх чиглэлд нь 19 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн 11 ажлын байр бий болсон. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 4 нэгжид 70 сая төгрөг, 11 нэгжид 130 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Одоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад санхүүжилт нь багтдаг малжуулах төсөл болон орон нутгийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн шалгаруулалтыг одоо хийж байна. Төсөл хөтөлбөрүүд хамруулахаас гадна хөнгөлөлттэй, хүүгүй, урт хугацааны зээлийг хөдөлмөр эрхлэлтэд зориулах хэрэгтэй

Хэнтий аймгийн хэмжээнд Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээг хэрхэн зохион байгуулж байгаа талаар сурвалжиллаа.

Бүлгийн зохион байгуулалтаар ногоо тариалах ажилд 40 гаруй иргэн хамрагджээ

Хэнтийн аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн А.Пүрэвдолгор

Манай Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын харьяандаа 5 га газар, 2 гүний худаг, 8 хүлэмжтэй. Бид энэхүү материаллаг бааз дээрээ тулгуурлан ажилгүй, хөдөлмөр эрхлэх, хүнсний ногоо тариалах хүсэлтэй иргэдээ өнгөрсөн дөрөвдүгээр сараас бүртгэн тавдугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ингэснээр ажилгүй байсан иргэддээ мэргэжлийн хүнээр багшлуулан мэдлэг ур чадвар эзэмшүүлж, амьжиргаагаа нэмэглдүүлэхэд нь тусалсан.

Энэ жилийн бүлгийн зохион байгуулалтай хүнсний ногоо тариалах ажилд 60 гаруй хүн бүртгүүлснээс явцын дунд шигшигдсээр 40 гаруй хүн хөтөлбөрийг дуустал ногоо тариалж, үр шимийг нь үзжээ.

Хэнтийн аймаг дахь Ажлын байрыг дэмжих хөтөлбөр хамрагдсан иргэн М.Бямбаням 

Бид таван сар ногоо тариалан үр шимийг нь намар хүртсэн. Ингэхэд бидний тооцоолсноор нэг сарын ажлын хөдөлмөрийн хөлс дунджаар 360 мянган төгрөг болсон. Манайх 3 тонн төмс хураан авснаас өнөөдрийн байдлаар талыг нь борлуулан сая гаран төгрөгийн ашигтай ажиллаж байна. Зарим бүлгийн гишүүд тариалсан хүнсний ногоогоо хөдөө орон нутагт борлуулж малаар сольсон. Төв суурин газрын ногоочдын хувьд ургацын баяр болон лангуун дээр борлуулан ажлын үр шимээ хүртсэн. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд энэхүү төсөлд хамрагдсанаар өөрсдийнхөө болон ойрын хамаатнуудынхаа хүнсний ногооны хэрэгцээг ханган үлдсэнийг нь зарж борлуулахад амьдрал ахуйд маань хангалттай үр шимээ өгдөг.

Тэрээр энэ арга хэмжээнд 2 дахь жилдээ хамрагджээ. Эхний жилдээ бүлгийнхээ нярваар ажиллаж байсан бол энэ жил ахлагчаар ажилласан байна.
Хэнтийн аймгийн эдийн засгийн нэгээхэн хэсгийг газар тариалан, ногооны бизнес эзэлж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд ногоо тариалж аж амьдралаа залгуулах өрхийн тоо нэмэгджээ.

Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бүлгийн зохион байгуулалттай хүнсний ногоо тариалах ажилд энэ жил улсын хэмжээнд 2000 иргэнийг хамруулан 1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Өнгөрсөн наймдугаар сарын гүйцэтгэлээс харахад 2037 иргэнийг хамруулж 737173 төгрөгийг зарцуулжээ. Харин Хэнтийн аймгийн хувьд энэ жил 40 гаруй иргэн хамрагдаж 40 сая төгрөг зарцуулсан байна. Жил бүр энэ хэмжээний мөнгийг төсвөөс бүлгийн зохион байгуулалттай хүнсний ногоо тариалах ажилд төсөвлөдөг ажээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)