Хүүхдийг хэрхэн цэцэрлэгт явах дуртай болгох вэ?

Бид Сэтгэл судлалын үндэсний төвтэй хамтран хүүхэд, өсвөр насныхан болон насанд хүрэгсдэд тулгамддаг асуудлуудыг хөндөн, гарч буй асуудлуудыг сэтгэлзүйн талаас нь хэрхэн ойлгож, хүлээн авах талаар цуврал нийтлэл оруулж байхаар боллоо. Хичээлийн шинэ жил эхлээд даруй 2 сар өнгөрч буй ч бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд, тэр дундаа анх удаа цэцэрлэгт явж буй 2 настнууд яагаад цэцэрлэгтээ дургүй байдаг, дүргүйлхэж, уурлаж уцаарладаг вэ гэдэгт сэтгэлзүйн үүднээс нь хариулт өгөхийг хичээлээ. Энэ нийтлэлдээ бид Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач А.Одонтуяатай хамтран бэлтгэлээ. 

Энэ сэдвийн яриа ихэнхи цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн санаа зовж  буй асуудал болоод байгаа ч  зарим эцэг эхчүүд чухам юунаас болж хүүхэд нь цэцэрлэгт явах дургүй байгаа шалтгааныг ойлгохгүй хэвээр, хүүхдээ цэцэрлэгт нь хүргэхдээ тулгардаг уйлах, уурлах зэрэг асуудлуудтайгаа өдөр бүр нүүр тулсаар байдаг.  Хүүхэд цэцэрлэгт явах дургүй, орохгүй гэж уурлах, уйлах зэргээр дургүйцлээ илэрхийлэхэд тухайн хүүхдийн суурь хөгжил, дасан зохицох чадвар чухал нөлөөтэй байдаг.

Цэцэрлэгийн нас гэдэг нь манайд 2-6 нас хүртэл байдаг.  Үүнээс хамгийн чухал нь 2-3 нас буюу хүүхдийн анх удаа цэцэрлэгт орж буй үе. Энэ үед хүүхэд гэр бүлийн орчин, өөрийн дассан нөхцлөөс өөр шинэ орчин, шинэ харилцаанд орж,  түүндээ дасан зохицох шаардлага гардаг. Харин дасан зохицол гэдэг нь сэтгэл зүйн болоод бие махбодийн шинэ орчинд зохицох үйл явц байдаг. Өмнөх тогтсон харилцаа алдагдаад ирэхээр тухайн хүүхдэд түгшүүр,айдас, бий болоод зогсохгүй өөрийн нөөц боломжийг дайчлах шаардлагатай тулгардаг. Энэ нь мэдээж дөнгөж цэцэрлэгт орж буй хүүхдэд амаргүй зүйл. Тийм учраас хүүхдэд хамгийн түрүүнд зан ааш, сэтгэл хөдлөлийн өөрчлөлтөөр илэрдэг байна.

Мөн цэцэрлэгт орохын өмнөх үеийн хөгжил чухал нөлөөтэй. Тухайн хүүхэд эцэг эхийнхээ асаргаа, халамжийг авчихсан бол нийгмийн орчин аюулгүй, тайван,  хүмүүс надад анхаарч байна гэсэн  итгэлийн мэдрэмж авдаг бол зарим нь буюу эцэг эхийн нь анхаарал халамж сулаас хөндий өсч буй хүүхэд бусдаас айх, эргэлзэх, өөртөө санаа зовох хандлагатай болдог ба хүмүүст итгэх итгэлээ алддаг. Үүний дараагийн шатанд буюу цэцэрлэгт орох үед нь нэгэнт итгэлийн мэдрэмж нь бий болчихсон хүүхэд биеэ даасан, аливаа зүйлийг өөрөө хийх гэсэн хандлагатай болдог буюу  нэг ёсны зоригтой байдлаар цэцэрлэгт орж, хурдан дасан зохицдог. Харин хэтэрхий зөнгөөр нь байлгаад, эрхлүүлвэл тухайн хүүхэд орчноо хянаж чадахгүй, биеэ даасан байна гэдэгтээ эргэлзэж эхэлдэг нэгэн болох нь бий. Ийм хүүхдүүд насанд хүрсэн хойноо ч хэн нэгнээс хамааралтай, өөрийг нь чиглүүлж, зааж байх ёстой мэтээр мэдэрдэг.

Мөн тухайн хүүхдийн цэцэрлэгт явах дургүй байгаа шалтгаан эцэг эхчүүд, багш, асран хамгаалагч нарын буруу харилцааны загвараас болж хүүхдийн зан ааш, үйлдэлд ихээхэн нөлөөлдөг.  Хэрэв ямар нэг нөхцлөөр бий болсон сөрөг сэтгэлийн хөдөлгөөн удаан хугацаанд үргэлжилвэл зан төлөвт нөлөөлөөд зогсохгүй хүүхдийн  бие махбодийг өвчлөлд хүргэдэг. Тиймээс эцэг эхчүүд, багш, асран хамгаалагч нарын  хувьд өөрсдийн зүгээс анхаарах ёстой зүйлүүд цөөнгүй бий болдог. Жишээ нь,

  • Хүүхдийг хүссэнээр нь байлгана,  дуртай зүйлээр нь дутаахгүй байна гэдэг хайрлаж байгаа гэсэн үг биш
  • Ямар үед урамшуулах вэ? ямар үед шийтгэх вэ гэдгээ ухамсарлаж байх
  • Хүүхдэд амласан бол биелүүлдэг байх. Гэхдээ энэ тохиолдолд мэдээж хэрэг эд материаллаг зүйлээр биш гэдгийг тогтоож аваарай
  • Хүүхэд хүссэн болгоноо авах гээд байна уу эсвэл бие даан өөрөө хийх гээд байна уу гэдгийг ялгаж салгадаг байх
  • Хэн нэг хүүхэдтэй харьцуулахгүй байх
  • Хүүхэд тань тантай яримаар байгаа тохиолдолд цааш түлхэлгүй, харилцаанд бэлэн байх

Нэмж хэлэхэд хүүхэд бүр аливаа харилцааг өөр өөрөөр хүлээж авдаг учир эцэг эхчүүд өөрсдийн зүгээс хичээх хэрэгтэй зүйлүүд ч бий. Тухайлбал:

  • Хүүхэддээ тухайн үеийг даван туулах чадвар эзэмшихэд туслах, анхаарал тавих
  • Өөрт нь үргэлж туслахад бэлэн, тусалж байна гэдгийг мэдрүүлэх нь дараагийн шалгуурыг айхгүй тайван  хүлээж авахад тусална
  • Хүүхэдтэй ярилцмаар байгааг илэрхийлэх, ойлгуулах
  • Хүүхэдтэйгээ ярилцахдаа эцэг эх өөрсдөө хэзээд бэлэн байх
  • Хүүхэд тухайн харилцаа, нөхцөл байдлыг хүлээж авах боломж олгох
  • Хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг маш сайн ажигладаг, анхаардаг байх
  • Эцэг эх, багш, асран хүмүүжүүлэгч нар нь хүүхдийн хувьд сайн сонсогч байх /магадгүй цэцэрлэгт явах дургүй байгаа нь хэн нэгэн хүүхэд, өөр шалтгаанаас болж байвал/
  • Бусад хүүхдүүдтэй тоглох, ойлголцохын ач тусыг хэлж ойлгуулах

Сүүлд нь хэлэхэд хүүхэд насандаа олж авч буй хүмүүжлийн арга, хэвшил, боловсрол нь насан туршийнх нь амьдралд нь нөлөөлдөг учир эцэг эхчүүд, багш, асран хамгаалагч нар өөрсдийн үүрэг хариуцлагыг ухамсарлаж байхыг хүсч байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)